Бүсийн чуулганд 400 гаруй төлөөлөгч оролцжээ

Хуучирсан мэдээ: 2010.12.20-нд нийтлэгдсэн

Бүсийн чуулганд 400 гаруй төлөөлөгч оролцжээ

Ардчилсан нам Ардчилсан хувьсгалын 20 жилийн ой болон “Анхан шатаа сонсох жил”-ийн хүрээнд бүсийн дөрөв дэх чуулга уулзалтыг Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод зохион байгуулж, Сүхбаатар, Хэнтий, Дорнод, Дорноговь, Говьсүмбэр аймгийн 400 гаруй төлөөлөгчид чуулжээ.

Бүсийн чуулган Баруун-Урт хотын төвд Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойд зориулсан хөшөөний нээлтээр эхэлж, чуулганы төлөөлөгчид Д.Сүхбаатар жанжны хөшөөнд хүндэтгэл үзүүлжээ. Чуулганы үйл ажиллагаа Баруун урт хотын “Жаахан шарга” хөгжимт драмын театрт явагдсан бөгөөд чуулганд АН-ын дарга, Монгол улсын тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг, АН-ын ЕНБДарга Д.Эрдэнэбат, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг, УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, УИХ-ын гишүүн Я.Батсуурь, УИХ-ын гишүүн П.Алтангэрэл, УИХ-ын гишүүн  Кёкүшюзан Д.Батбаяр, УИХ-ын гишүүн Г. Баярсайхан, УИХ-ын гишүүн Ц.Сэдваанчиг болон аймгийн засаг дарга, аймгийн АН-ын дарга Ж.Батсуурь нарын өргөн бүрэлдэхүүнтэй төлөөлөл оролцсон байна.

Намын удирдлагууд, УИХ-ын гишүүд үг хэлж, илтгэл тавьсны дараа төлөөлөгчид ардчиллын үнэт зүйлийг бэхжүүлэх, АН-ыг төлөвших, орон нутагт хөгжлийн төлөө ихийг хийж бүтээж байгаа хувь нэмрийг нь үнэлэн Сүхбаатар аймгийн засаг дарга, Аймгийн АН-ын дарга Ж.Батсуурийг АН-ын дээд шагнал болох “Чингис хааны одон”-оор шагнажээ. Санал шүүмжлэлийн хэсэгт саналаа хэлсэн гишүүдээс орон нутгийн хөгжилд хамгийн чухал зүйл болох орон нутгийн эрх мэдлийг өөрт нь өгөх асуудал бөгөөд хүн ард, залуу үеийнхэнд тухайн нутагт төрсөн гэдгээрээ бахархан, нутагтаа их дээд сургуульд сурч, боловсрох боломж олгох хэрэгтэй байгааг онцолсон байна. Мөн сонгуулийн хуулийг хурдан нэг тийш шийдэж, намын байгууллагуудад сонгуульд бэлдэх боломж олгох тал дээр намын бүлгийг анхаарч ажиллахыг сануулж байсан. Харин Сүхбаатар аймгийн удирдлагуудын ажиллаж байгаа туршлагаас суралцах зүйл их байгааг бусад аймгийн намын дарга нар хэлж, засаг авсан аймагт ингэж ажиллах хэрэгтэйг онцолжээ.

Ийнхүү зүүн бүсэд бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтээрээ тэргүүлж байгаа Сүхбаатар аймагт бүсийн чуулганыг зохион байгуулсан нь энэ чуулганы онцлог болоод зогсохгүй, хамгийн олон төлөөлөгч хамрагдсанаараа, дүн өвлийн хүйтэн нэгэн сэтгэлээр чуулж намын хийгээд улс орны хөгжил бүтээн байгуулалтын олон асуудлыг хэлэлцсэнээрээ онцлогтой боллоо. Мөн хэрхэн төр засгийн гарыг харалгүй, өөрсдийн нөхцөл бололцоогоороо бүтээн байгуулалт өрнүүлж байгааг Сүхбаатар аймаг тодоор харуулж чадлаа хэмээн чуулганы төлөөлөгчид дүгнэж байлаа.

Ийнхүү Ардчилсан нам 2010 оныг “Анхан шатаа сонсох жил” болгон зарласантай холбоотойгоор дөрвөн бүсийн чуулганыхаа хаалтыг Сүхбаатар аймгийн Баруу Урт хотод Зүүн бүсийн чуулга уулзалтаар хийсэн нь амжилттай болсон төдийгүй АН ирэх жил ард түмнийхээ төлөө хүнээ хөгжүүлэх Монгол хүн-2020 хөгжлийн хөтөлбөрөөр тулах цэг хийж ажиллахаар 2010 оныг үдлээ.  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж