Анхдугаар форумыг зохион байгуулжээ

Хуучирсан мэдээ: 2010.12.20-нд нийтлэгдсэн

Анхдугаар форумыг зохион байгуулжээ

МENV-ийн Эдийн засгийн сургуулийн санаачлагаар Засгийн газрын худалдан авах ажиллагааны анхдугаар форумыг Сангийн яам, Мерси Кор олон улсын байгууллага, "Худалдан авах ажиллагааны хөгжлийн төв" төрийн бус байгууллагын дэмжлэгтэйгээр зохион байгуулжээ. Уг форумын үеэр Засгийн газрын худалдан авах ажиллагааны үнэ цэнэ, түүний талаар олон нийтэд зөв чиг хандлага, ойлголт бий болгох талаар нээлттэй хэлэлцэж, санал солилцсон байна.

 Форумд УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг, Сангийн яам, Төрийн өмчийн хороо, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Авлигатай тэмцэх газар, "Худалдан авах ажиллагааны хөгжлийн төв" төрийн бус байгууллагын мэргэжилтэн, судлаачид илтгэл тавьж, илтгэлийн сэдвээр оролцогчид санал шүүмжлэл өрнүүлжээ. Түүнчлэн Засгийн газрын худалдан авах ажиллагааны улс орны эдийн засгийн өсөлтөд үзүүлэх нөлөөний талаарх хийсэн судалгааг танилцуулж, ач холбогдолд нь дүгнэлт өгсөн байна.

Энэ үеэр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хэрэгжилт, уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, олон улсын донор байгууллагуудын манай улсад хэрэгжүүлж буй төслүүдийн худалдан авах ажиллагааны ололт ба дутагдалтай тал дээр нээлттэй санал солилцсон аж. Тус арга хэмжээг цаашид уламжлал болгон явуулахаар зохион байгуулагчид санал нэгджээ.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж