Долоон сарын өмнө буюу энэ оны дөрөвдүгээр сарын 14-нд хулгайлагдсан Мексикийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч асан, сенатор Диего Фернандез дэ Сивалосыг удахгүй суллана гэж түүнийг барьцаалсан этгээдүүд ням гаригт мэдэгдэв. Мексик улсад төрийн шилдэг удирдлагууд мансууруулах бодисны бүлгүүдтэй ихээр холбогдож байгаа нь Фернандезийг хулгайлах гол шалтгаан болжээ.
“Хуучныг далдуур устгагч” хэмээн өөрсдийгөө нэрийдсэн барьцаалагчдын мэдэгдсэнээр “Бид түүнийг буруушаасан зэмлэлүүд, цаазаар авахыг шаардсан мянга мянган хүний хүслийг үл харгалзан улс оронд үүсээд байгаа хямралыг түүнийг үгүй хийснээр шийдвэрлэгдэхгүй гэдгийг ойлгосон” гэсэн бөгөөд хорионд байгаа Фернандезийн биеийн байдал сайн байгааг хэлсэн байна.
Фернандезийг суллахын тулд гэр бүлийнхэн нь их хэмжээний мөнгийг барьцаалагчдад төлсөн бөгөөд Мексикийн удирдлагуудаас үүнтэй холбогдуулж хэрэг үүсгэхгүй байхыг хүсчээ.
Б. Энхцэцэг