Урьд жилүүдийнхтэй харьцуулахад энэ жил шар өвчний гаралт ихэссэн бөгөөд тодорхой арга хэмжээ авахгүй бол хүндрэх төлөвтэй байна гэж үзлээ. Аймгийн төв Мөрөн сум, Галт, Шинэ-Идэр зэрэг сумдад шар өвчний гаралт хамгийн их байгаа бөгөөд 11 дүгээр сарын байдлаар аймгийн хэмжээнд 600 гаруй хүн халдварт шараар өвчилсөн байна. Эдгээр хүмүүсийн дийлэнхи нь сургууль цэцэрлэгийн насны хүүхдүүд байгаа нь боловсролын байгууллагын ариун цэврийн асуудал, халдваргүйжүүлэлтийг сайн хийх шаардлагатай гэсэн дүгнэлтийг эрүүл мэндийн салбарынхан хэлж байна.
Цас их орсноос урд чиглэлийн Цагаан бургастын даваа хаагдсан байна. Давааны цасыг цэвэрлэх ажлыг аймгийн авто замын газар замын компанитай хамтран ойрын үед хийхээр болов. Хөрөнгө мөнгөний асуудлыг дахин төсөв хийж ир гэсэн үүрэг даалгаврыг өглөө.
Зарим сумдын удирдлагаас зам хаагдхаас өмнө тусламжийн өвс, тэжээл татья гэсэн саналыг аймгийн онцгой байдлын газарт ирүүлсэн байна. Гэхдээ өвөлжилт хүндэрч, зудын гамшиг болоогүй тохиолдолд эхний хэсэг хугацаанд малчид, сумд өөрсдийн нөөцөлсөн өвс тэжээлийг хэрэглэх хэрэгтэй түүнээс биш аль болох тусламж авах бэлэнчлэх сэтгэлгээгээр хандаж болохгүй гэдгийг аймгийн онцгой комиссын гишүүд сануулж байв.