Хөнгөлттэй зээлийн хэрэгжилт, үр дүнг хэлэлцлээХөвсгөл аймгийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас 2010 онд олгосон зээлийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хийлээ. Хөдөө аж ахуйн фермерийн чиглэлээр зээл авсан Д.Дамдинсүрэн нь Мөрөн сумаас холгүй байрлах олны өтөгт үхрийн байр барьж тохижуулан 10 семинтал үүлдрийн үхэр авч байршуулан сүүгээ Мөрөн сумын байгууллагуудад гэрээгээр худалдан борлуулж байна. Иргэн Дашдаваа нь 13.0 сая төгрөгний зээл авч үхрийн байрандаа өргөтгөл хийсэн. Бүрэнтогтох сумын Энхжаргал нь Туяа багт 20 үхрийн багтаамжтай байр барьж, сүү болон махны 3 төрлийн 15 толгой үхэр сүрэг худалдан авсан. “Сонголт” ХХК нь 30.0 сая төгрөгний зээлээр Хиамны цехийнхээ тоног төхөөрөмжийг бүрэн шинэчилж ашиглалтанд оруулахаар ажиллаж байна. Иргэн Гантулга 20.0 сая төгрөгний зээлээр Мөрөн сумын 7, 13 дугаар багийн иргэдийн халуун ус, ахуйн үйлчилгээг хүргэх зорилгоор барилгын ажлын ажлыг бэлэн болгож байна. Мөн Мөрөн суманд ахуйн үйлчилгээний төв, гар урлал эрхэлж буй иргэдийн бүтээгдэхүүнийг борлуулах зорилгоор хүнсний зах дээр ахуйн үйлчилгээний төв баригдсан. Тариалан суманд үйл ажиллагаа явуулдаг “Батзол” компани 20.0 сая төгрөгний зээлд халтар арвайн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжөө шинэчлэн сайжруулах зорилготой хамрагдсан гээд аймагт үр бүтээлтэй, үйл ажиллагаагаа явуулж байгаа олон байгууллагууд байгаа юм. Тус хөнгөлттэй зээлд хамрагдсан орон нутгийн иргэдийн бизнесийн идэвх сайн байгааг орон нутгийн удирдлагууд энэ үеэр онцлов.