Мексикийн Ерөнхийлөгч Фелип Калдерон Пуэбла мужийн Сан Мартин Тексмилукан хотын нефть дамжуулах хоолойн дэлбэрэлтэнд өртсөн хохирогчдыг эмчилж, хэрэгцээт яаралтай тусламжийг үзүүлэх тушаалыг ням гаригт гаргав. Мөн дэлбэрэлтийн буруутныг олж тогтоон, тохирох ял шийтгэл хүлээлгэхийг холбогдох албаны хүмүүст үүрэг болгожээ. Пуэбла мужийн албаны хүмүүсийн мэдэгдэж байгаагаар ням гаригийн өглөө болсон дэлбэрэлтийн үеэр 27 хүн нас барж, 52 хүн шархадсан бөгөөд 115 байшин нурж, сүйдсэн байна.
Бүсийн удирдлагууд тус хотын 5,000 оршин суугчдыг Анжелос Бланкосруу нүүлгэн шилжүүлсэн бөгөөд одоогоор хоргодох байрнуудыг бий болгож, дэлбэрэлт болсон хэсгийг цэвэрлэж байна. “Pemex”-ын удирдлага Жуан Жоз Суарез дэлбэрэлтийн шалтгааныг дамжуулах хоолойд түлш алдагдсанаас болсон хэмээн тайлбарлажээ. “Pemex” нефтийн алдагдлыг багасгахаар шаргуу ажиллаж байгаа ч одоогийн байдлаар үйлдвэрлэлийнхээ 10 орчим хувийг алдаад байна.
Б. Энхцэцэг