Манай оронд хүн, малд халдварладаг боом, тарваган тахал, галзуу, SARS, томуугийн А хүрээний халдвараар үүсгэгддэг өвчин зэрэг олон төрлийн өвчлөл бүртгэгдэж хүн ам, мал амьтан өвчилсөөр байна. Тухайлбал боом өвчний хувьд манай орон голомтот бүс нутагт ордог. Өнгөрсөн хугацаанд нийслэл, 19 аймгийн 154 суманд уг өвчин гарчээ. 2010 он гарсаар улсын хэмжээнд боомоор 41 хүн өвчилснөөс нэг хүн нас бараад байна. Харин тарваган тахал өвчнөөр 1974-2010 оны хугацаанд 17 аймгийн 132 суманд нийт 194 хүн өвчилснөөс 39 хувь нь буюу 75 нь нас барсан байна. Харин сүүлийн жилүүдэд томуугийн А хүрээний шинэ өвчлөл гарч дэлхийн олон хүн уг өвчнөөр өвчилж амь насаа алдаад байна. Үүний нэг нь томуугийн А хүрээний H1N1 вирүсээр үүсгэгдсэн өвчин юм. Энэ оны 08 дугаар сарын байдлаар дэлхийн 210 оронд уг өвчин бүртгэгдсэн нь ямар их газар нутаг, хүн ам хамарч байгааг харуулж байна.
Энэ мэт амь насанд аюултай өвчлөлийг газар авсан хойно нь биш халдвар зөөгдөн орж ирэхээс нь өмнө урьдчилан сэргийлж, бэлтгэлтэй байж, онцгой байдал, эрүүл мэндийн салбар, мэргэжлийн хяналт, цагдаагийн байгууллагууд хамтран ажиллах нь нэн чухал байгаа учраас уг сургалтыг зохион байгуулж байгаа гэж албаныхан онцолж байна.