Атрын аян амжилттай хэрэгжсэн гэв

Хуучирсан мэдээ: 2010.12.20-нд нийтлэгдсэн

Атрын аян амжилттай хэрэгжсэн гэв

Төрийн ордонд “Атрын гурав дахь аян” тариалангийн хөгжлийн хөтөлбөрийн үндэсний зөвлөл хуралдаж байна. Тус хуралдаанд Ерөнхий сайд С.Батболд, Сангийн сайд С.Баярцогт, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т:Бадамжунай нараас гадна тус яамныхан, аймгуудын Засаг дарга нар оролцож байна. Одоогоос гурван жилийн өмнө хүнсний аюулгүй байдлыг хангаж, экологийн цэвэр бүтээгдэхүүнийг өөрийн орондоо үйлдвэрлэж, дотоодынхоо хэрэгцээг 100 хувь хангадаг болох зорилт тавин Засгийн газраас “Атрын III аян” зарласан бөгөөд үр дүнг нь хэлэлцэж байгаа юм.

Сайд Т.Бадамжунай болон аймгуудын Засаг дарга нарын хэлснээр атрын аян үр дүнгээ өгч, үр тарианы чанар сайжирсны зэрэгцээ хураан авах ургацын хэмжээ өсчээ. 2010 оны ургац хураалтын дүнгээр нийтдээ 366.3 мянган тонн үр тариа, үүнээс 344.5 мянган тонн буудай, 5,0 мянган тонн нь арвай буудай юм байна. Мөн 169 мянган тонн төмс, 90.3 мянган тонн хүнсний ногоо, 38.9 мянган тонн тэжээлийн ургамал тус тус хураан авч, жилийн хэрэгцээт буудай, төмсийг 100 хувь, хүнсний ногооны 53.7 хувийг дотоодын ургацаас хураан авах боломж бүрдүүлсэн юм байна. Энэ үеэр аймгуудын Засаг дарга нар уг аяныг цаашид үргэлжлүүлэх шаардлагатай,  ингэж байж эрсдэл ихтэй газар тариалангийн салбарыг хөл дээр нь баттай зогсоож чадна гэж хэлж байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж