Жилд 70 мянган эх төрж байгаа нь манай улсын хувьд өндөр үзүүлэлт ажээ. Сүүлийн жилүүдэд төрж буй эхийн тоо жил тутам нэмэгдэж байгаа ч эндэгдэл харьцангуй буурсныг Эрүүл мэндийн яамнаас онцолж байна. 2000 онд улсын хэмжээнд 81 эх эндэж, 100 мянган амьд төрөлтөд 156 ногдож байсан бол 2004 онд 44 эх эндэн, 100 мянган амьд төрөлтөд 98,9 ногдох болсон нь эхийн эндэгдэл өндөртэй орноос дунд зэргийн эндэгдэлтэй орон руу шилжихэд нөлөөлжээ. Гэвч өнгөрсөн онд улс даяар дэгдсэн томуугийн цар тахлын тархалтын улмаас 17 жирэмсэн эх эндсэн нь эхийн эндэгдлийн хувийг эрс нэмэгдүүлжээ. Тиймээс манай улс 2015 он гэхэд эхийн эндэгдлийг 100 мянган амьд төрөлтөд 50 ногдохуйц болгон бууруулах зорилт дэвшүүлээд байгаа юм. Улсын хэмжээнд нийт төрж буй эхийн 30 орчим хувь нь малчин эхчүүд байдаг бөгөөд эндсэн эхчүүдийн 40 хувь нь малчин, 30 хувийг тодорхой эрхэлсэн ажил хөдөлмөргүй эхчүүд эзэлж буй ажээ. Түүнчлэн нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн 70 орчим хувь нь ямар нэгэн архаг суурь өвчинтэй, жирэмсэн эхчүүдийн 21,5 хувь нь цус багадалтай байгаа нь эндэгдэлд их нөлөөлдөг байна. Эндсэн эхчүүдийн 20 гаруй хувь нь эрүүл мэнддээ анхаарах нь сул, эмчийн зөвлөгөөг дагадаггүй, өвдсөн ч лам, бөөгөөр явж хугацаа алдсанаас болсон бол 4-5 хувь нь төв суурин газраас алслагдмал, харилцаа холбоо, унааны бэрхшээлээс болж тусламж авч чадаагүй байдаг ажээ.
Д.Цэцэн