Би анхнаасаа еврогийн тогтвортой байдалд итгээгүй

Хуучирсан мэдээ: 2010.12.20-нд нийтлэгдсэн

Би анхнаасаа еврогийн тогтвортой байдалд итгээгүй

-Их Британид их сур­гуулиудын сургалтын төл­­­бөрийг нэмсэнтэй хол­боотойгоор эсэргүүцэл их гарч байгаа. Хамгийн сүүлд Английн хунтайж Чар­лезийн машин руу оюутнууд халдсан. Та үүнийг юу гэж дүгнэх вэ?

-Ардчилсан нийгэмд ч гэсэн иймэрхүү хүч хэрэглэх явдлыг хориглож, зогсоох хэрэгтэй. Магадгүй халдлага хийсэн тэр хүмүүс хууль гэж юм байдгийг мартсан бололтой. Гэхдээ үүний цаана бүр илүү том зүйлийн тухай ярих хэрэгтэй байх. Зөвхөн Их Британи төдийгүй бусад оронд ч зардлаа хэмнэх үүднээс боловсрол, шинжлэх ухааны салбар дахь төсвөө чангатгаж байгаа. Гэтэл ирээдүй хойч үеэ сургаж бэлтгэх гол талбараа төсвийн цомхтголд оруулж болохгүй гэдэг нь харагдаж байна. Өнөөдөр Азийн зах зээл Америкийнхаас хоёр дахин том болсон. Ази, Бразиль, ОХУ гэх мэт том зах зээлтэй газруудын гол эрэлтийг дундаж орлоготнууд бүрдүүлж байна. Манайд ч гэсэн ялгаагүй.

-Ангела Меркел, Дэвид Кэмерон нарын хэн хэн нь бүх салбарт төсвөө танаж байж, эдийн засгийнхаа ирээдүйг баталгаажуулна гэдгийг нотолж байгаа?

-Төсвөө танах гэдэг дээр би тэднийг үгүйсгэхгүй байна. Гэхдээ би А.Меркел ч юм уу өөр хэн нэгний тухай энд онцлоогүй. Эдийн засгийн циклийн хувьд 1930-аад оны үеийнхтэй төстэй болж байгааг л хэлэх гэсэн юм. Хувийн хэвшил дэх хөрөнгө оруулалт нь эргээд ажлын байр бүтээх гол талбар болж байна. Хувийн хэвшлийн компаниуд нь экспортод түшиглэнэ. Гэтэл энэ бүхнээс болж боловсролын салбарыг гаргуунд нь хаяж болохгүй. Шударга хэлэхэд хятадууд л гэхэд өөрсдөө шинийг санаачилж, түүнийгээ өөрсдөө хуулбарладаг цаг ирж байна. Энэтхэгт ойрын хэдэн жилийн дотор олон мянган их сургууль байгуулахыг зорьж байгаа. Бид ч гэсэн өөрсдийн хамгийн үнэтэй нөөц баялаг болох ур чадвар, технологийн хөгжил, хүмүүсийн потенциал хөгжлийг хэзээ ч орхигдуулж болохгүй.

-Хятадын хувьд дундаж орлоготнуудаа дэмжиж, тэ­дэнд түшиглэн эдийн засгаа хөгжүүлэхийг зорьж байгаа. АНУ, Европ тэдэнтэй өрсөлдөж чадах болов уу?

-Одоо Хятадын зах зээлийн 25 хувийг технологийн өндөр хөгжил бүхий тансаг хэрэглээ бүрдүүлж байна. Дараагийн 200 жилд бүр илүү өөрчлөлт гарах болно. Одоо барууны орнууд шинээр бүтээж, үйлд­вэрлэж, экспортолж байна. Гэхдээ хэрэглэж байгаа хү­мүүс нь бид өөрсдөө биш. Хятад, Энэтхэг тэргүүтэй Азийн орнууд, Бразиль, Өмнөд Африк, ОХУ-ын зах зээл маш хүчирхэг байна. Ийм үед тэдгээр орон технологийн хөгжил дэвшил, инновацид илүү их анхаарах болсон.

-Таны бодлоор бид АНУ, Европ, Энэтхэг, Хятадын талбайд тоглож байна уу?

-Би тэгж бодохгүй байна. Олон улсын худалдаанд орол­цогч талууд өөрсдийн давуу боломжоо анзаарахгүй байгаад л гол учир нь ор­ших байх. Хятад, Энэтхэг өөрийн дүрмээр тоглож бай­гаа. Тэдний худалдааг хяз­гаарлахын тулд импортын барааны татварыг нэмэх зэрэг арга хэмжээ авч байгааг буруу гэхгүй. Гэхдээ энэ тоглоомонд Хятад, Энэтхэг хожигдохгүй. Харин АНУ, Европ хамгийн том алдагдал хүлээнэ. Зах зээл багатай учраас тэр. Бид өсөн нэмэгдэж байгаа зах зээл рүү бараа бүтээгдэхүүнээ гаргахыг хүсч байгаа. Сүүлийн хэдэн сар худалдааны болон валютын дайны тухай нэлээд яригдсан. Энэ нь сүүлдээ хурцдаж, 1930-аад оны үеийн их хямрал шиг болохоо шахсан. Энд зөвхөн Америк, Европын ашиг сонирхлыг яриагүй учир бид илүү алсын хараатай бодох хэрэгтэй.

-Хятад дэлхийн эдийн засгийн гол “хувьцаа эзэм­шигч”. Тиймээс тэд валютаа хямраачихвал дэлхий бас дагаад хямарчихна гэдэгтэй санал нэг байна уу?

-Хятад бол олон тэрбум хэрэглэгчтэй орон. Гэтэл тэдний дийлэнх хувь нь ядуу, дундаас доогуур түвшний амьдралтай. Гэтэл сүүлийн хэдэн жилийн турш хятадууд бусад оронд худалдаа хийж, түүнээсээ ашиг олсон. Харин одоо бол Хятадын эрэлт, зах зээл хүчтэй байж дэлхийн эдийн засаг тогтвортой байх юм. Өөрөөр хэлбэл, Хята­дын Засгийн газар ядуу иргэдийнхээ амьжиргааг дээш­лүүлж, тэднийг томоо­хон хэрэглэгч болгоход ан­хаарах ёстой юм. XIX зуунд америк, британичууд мөн л ядуусынхаа тухай ярихаас татгалздаг байсан.

Валютын тухай энд ярихгүй өнгөрч болохгүй. Өнөөгийн нөхцөл байдал дунд Америк, Европ илүү их үйлдвэрлэж, Хятад тэргүүтэй Азийн зах зээл илүү ихийг хэрэглэж байж сая нэг юм дэлхийн эдийн засаг тэнцвэржинэ.

АНУ-д ажилгүйдэл өндөр байгаа нь мөн л сайн мэдээ биш. Их 20-ийн орнууд хамтарч, харилцан бие биенийхээ сонирхолтой уялдсан нэг шийдвэрт хүрэх ёстой. Үүнд юун түрүүнд Хятад тэргүүтэй орны хэрэглэгчдийн тоог нэмэгдүүлэхэд анхаарах юм.

-Яг ямар зүйл дээр санал нэгдэх вэ. Банкуудын нөөцийн хөрөнгийг нэмэг­дүүлэх гэх зэргээр улс орон бүрийн санхүүгийн зах зээлийг бас анхаарч байгаа шүү дээ?

-Тийм. Энэ бол хоёр дахь том асуудал. Хэрэглэгч зах зээлийн өсөлтөөс гад­на дэлхийн санхүүгийн тог­толцоог тогтворжуулах нь чухал юм. Миний санааг зовоож буй нэг зүйл бол улс орон бүр өөрийн гэсэн банкны системтэй, түүндээ тохирсон асуудалтай байгаа нь юм. Тийм учраас нэгдсэн нэг стандарт, жишиг тогтоох хэцүү. Гэхдээ ядаж томоохон санхүүгийн төвүүдийг нэг стандартад барьж байхгүй бол эмх замбараагүй юм болно. Үүндээ бүгдийг нэгтгэж, адилхан байхыг шаардаж болохгүй.

-Ам.доллар дэлхийн нөөц валют хэвээр байх болов уу. Та юу гэж бодож байна вэ?

-Ойрын ирээдүйд ам.дол­лар нөөц валют хэвээрээ байна гэж бодож байна. Одоо энэ талаар янз бүрийн маргаантай саналууд гарч байгаа. Ту­хайн валютын найдвартай байдалд хэр олон орон итгэж байгаагаас хамаараад дэлхийн нөөц валют болох эсэх нь шийдэгддэг шүү дээ. Өмнө нь гарч байсан Азийн хямралаас болж Засгийн газруудын  хувьд банкны тогтолцооныхоо найдвартай байдалд итгэх итгэл нь суларсан. Энэ тал дээр Олон улсын валютын сан Засгийн газрын нөөцөд баталгаа гаргах гэх мэт арга хэмжээ авах хэрэгтэй. Нөөц валютын тухай ярихад ийм байна. Харин ямар валют нөөц болох вэ гэдэг өөр асуудал. Энэ бол миний мэдэх хэрэг биш.

-Их Британийн Сангийн сайд Жорж Осборн хувийн хэвшлийг тогтворжуулах нь макро эдийн засаг сэргэх гол хүчин зүйл хэмээн тодорхойлж байсан. Үнэхээр тийм үү?

-Тийм ээ. Ажиллах хүчний зах зээл бий болгодог гэдэг утгаараа тийм. Гэхдээ нөгөө талаас энэ нь хоёр талтай. 1930-аад оны үеийг эргээд саная. Тэр үеийн хямралын эхлэлийг хувийн хэвшил тавьсан. 2007 онд мөн л энэ байдал давтагдсан. Ийм юм болж магадгүй гэдгийг эдийн засагч Кенс хэлж байсан шүү дээ. 1930-аад оны үед британичууд Кенсийн онолыг эсрэг сөрж зогсч байсан. Гэвч М.Тетчерийн үед эдийн засаг дахь төрийн оролцоо гэдэг зүйлийг гаргаж ирэхээс өөр аргагүй болсон.

-Гэхдээ таны энэ санал саяын сонгуулиар олон нийтийн дэмжлэгийг авч чадаагүй учраас Дэвид Кэмерон ялалт байгуулсан юм биш үү?

-Тухайн мөчид хүмүүс хямралын нөлөөгөөр сандарч мэгдсэн байж болох. Гэхдээ британичууд Д.Кэмероны Зас­гийн газрыг сонгосныг үгүйсгэж болохгүй. Бидний хувьд нэг шатаас нөгөө шат руу гарч явна. Нэгдүгээр шатанд банкуудаа хамгаалж, тэгснээр эдийн засгаа урагш­луулна. Дараа нь санхүүгийн тогтолцоогоо бүхэлд нь авч үзнэ. Харин гуравдугаар ша­танд зөвхөн Их Британи төдийгүй дэлхийн эдийн засагт санаа тавих юм. Одоогийн байдлаар зөвхөн Их Британи төдийгүй Европын бусад оронд ч хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг дэмжих замаар эдийн засгаа хөгжүүлэхийг зорьж байгаа. Гэтэл бид Кенсийн тодорхойлсон шиг 1930-аад оны үеийн хэв загвартаа баригдаад байна. Миний энэ санал бусадтай нийцэхгүй ч байж болох юм. Гэхдээ хэнийх нь зөв бэ гэдгийг түүх батална.

-Их Британийн ажил­гүйдлийн түвшин нэмэгдэх хандлагатай байгаа. Тав, зургаан хувьд хүрэх болов уу?

-Өсөн нэмэгдэж буй зах зээлтэй орнуудад ажлын байр олноор бий болж байгаа. Эсрэгээрээ бусад оронд ху­мигдаж магадгүй. Гэхдээ би энэ талаар харьцангуй өөдрөг бодолтой байгаа шүү. Олон улсын валютын сангаас 2014 он гэхэд 50 сая ажлын байр шинээр бий болгоно гэх тооцоо бий. Нөгөө талаас бидэнд бас сонголт бий.

-Ирланд, Испанийн ту­хай ярилцъя. Грекийн га­даад өрийн хямрал Евро бүсийг цаашлаад дэлхийн бусад оронд нөлөөлөх үү?

-Евро бүсэд гурван том асуудал байна. Нэгдүгээрт, төсвийн алдагдал. Грек л гэхэд зардал нь төсвийн орлогоосоо хэтэрхий давсан. Хоёрдугаарт, банкны хариуцлагатай бай­дал. Ирланд, Испанид үл хөдлөх хөрөнгийн зах зээлээс үүдэлтэй банкны хямрал гарч байна. Гуравдугаарт, эдийн засгийн өсөлт зогсонги байдалд орсон. Ерөнхийдөө Европын жижиг орнууд маш их өртөй, банкны тогтолцоо нь хямралтай байгаагаас бүс нутагтаа нөлөөлж байна гэж томъёолж болно. Их 20-ийн орнууд 2009 онд хэрхэн санал нийлж, нэг шийдвэрт хүрч байсан шиг өнөөдөр ч гэсэн Евро бүсийн удирдагчид харилцан тохиролцоонд хүрэх ёстой.

-Тухайлбал, Ирландын хувьд байдал өөрчлөгдөж чадах уу?

-Үнэнийг хэлэхэд олон жилийн туш Ирландын бод­логын хүү гурав, дөрвөн хувь хүрэхтэй үгүйтэй байсан. Европын бусад орон ч гэсэн мөн адил. Харин Ирландын хувьд банкууд нь асар их өртэй байсан нь гол асуудал болоод байна. Гэхдээ евро хэмээх ганц валют хэрэглэж байгаагийн хувьд энэ бол зөвхөн Ирландын асуудал биш гэдэг нь ойлгомжтой. Би анх еврог гаргаж ирэхийг дэмжээгүй. Тийм ч учраас Их Британи өнөөдөр өөрийн валютаа хэрэглэж байна.

-Тэгэхээр та евро найд­варгүй гэдгийг мэдэж байсан байх нь ээ?

-Евро тийм ч уян хатан байж чадахгүй гэж бодож байсан. Одоо ч тэр бодол минь хэвээр байна.

-Евро, Европ сэргэж чадах болов уу?

-Хэдийгээр би еврог дэм­жихгүй байгаа ч тогтвортой байгаасай гэж хүсч байна. Гэхдээ тун хэцүү хямралтай нүүр тулаад байгаа Евро бүсийн хувьд 2011 он тийм ч таатай жил байхгүй л болов уу.

Т.ЭЛИСА

Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж