37 сая төгрөгийн хохирлыг хятал иргэдээр төлүүлжээ

Хуучирсан мэдээ: 2010.12.20-нд нийтлэгдсэн

37 сая төгрөгийн хохирлыг хятал иргэдээр төлүүлжээ

Хуулийн дагуу шаардлага тавьсан цагдаагийн алба хаагчдад халдаж, эрүүл мэндийг нь хохироосон хэрэг энэ оны наймдугаар сард гарсныг уншигчид маань сайн санаж байгаа байх. Уг хэргийг үйлдсэн хятад иргэдийг 100 сая төгрөгийн барьцаатайгаар БНХАУ-руу эргүүлэн татсан гэдэг мэдээлэл байгаа. Энэ талаар Улсын мөрдөн байцаах газрын Онц хүнд зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Э.Идэрцогоос тодрууллаа.

-Цагдаагийн алба хаагчдыг зодож, эрүүл мэндэд нь халдсан хятад иргэдийн хэргийг танай хэлтэс шалгасан байх аа. Энэ хэргийн явц ямар байгаа бол?

-2010 оны наймдугаар сарын 20-ны өдөр Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутагт Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газрын төв лабораторийн барилга дээр ажиллаж байсан хятад иргэд Монгол иргэд болон албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчдыг зодож, гэмтэл учруулсан. Энэ хэрэгт хятадын есөн иргэнийг сэжигтнээр тооцож, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, Улсын мөрдөн байцаах газрын Онц хүнд зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтсээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн 96, 181, 239 дүгээр зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэж сэжигтнээр шалгасан. Мөрдөн байцаалтаар эдгээр сэжигтнүүдийг уг хэрэгт холбоотойг нь тогтоож, яллагдагчаар татаж,Эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч шалгасан.

-Хятад иргэдээс их хэмжээний буюу 100 сая төгрөгийн барьцаа авсан гэдэг мэдээлэл цацагдсан. Мөн энэ мөнгө хаашаа алга болсон нь тодорхойгүй гэдэг хардлага ч бас байгаа?

-2010 оны есдүгээр сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн шүүгчийн захирамжаар хятад иргэдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 67 дугаар зүйлд заасны дагуу тэдгээрт  эд хөрөнгө барьцаалах таслан сэргийлэх арга хэмжээг авсан. Энэ арга хэмжээний хүрээнд дээрх яллагдагч нараас нийт 100 сая төгрөгийг барьцаа болгон хураан авч, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 67 дугаар зүйлд заасны дагуу Төрийн сангийн дансанд байршуулсан. Хуульд заасан арга хэмжээг хуулийн хүрээнд авсан нь энэ. Түүнээс зарим хэвлэлд бичээд байгаа шиг эдгээр есөн хятад иргэний барьцааны 100 сая төгрөгийг хэн нэгэн мөрдөн байцаагч бэлнээр авсан юм уу, эсвэл Хууль зүй, дотоод хэргийн яамны данс руу хийчихсэн зүйл огт байхгүй.

-Төрийн сангийн дансанд барьцааны мөнгийг хэн байршуулдаг юм бол. Ингэхэд хятад иргэдэд холбогдох хэргийг Улсын мөрдөн байцаах газраас прокурор руу хэзээ шилжүүлсэн юм бэ?

-Тухайн есөн яллагдагчийн ажиллаж байсан компани буюу барьцаа гаргагч нар өөрсдөө Төрийн сангийн дансанд шилжүүлгээр барьцаалсан мөнгөө байршуулсан. 2010 оны арваннэгдүгээр сарын 4-нд Улсын мөрдөн байцаах газраас хэргийг шалгаж дуусаад Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн. Нийслэлийн прокурорын газраас хэргийг хянаж хэргийн бүрдэл хангагдсан гэж үзээд БНХАУ, Монгол Улсын хоорондын Эрүүгийн болон иргэний харилцан туслалцах гэрээний дагуу Хууль зүй, дотоод хэргийн яамны Гадаад хамтын ажиллагааны хэлтсээр дамжуулан БНХАУ-ын  хуулийн байгууллагад хэрэг асуудлыг шалгуулахаар есөн хятад иргэнд холбогдох хэргийг шилжүүлсэн.

-Зодуулсан монгол иргэд эрүүл мэндээрээ хохирсон гэдэг мэдээлэл их цацагддаг ч тэдний хохирлыг хэрхэн барагдуулсан нь нэг л тодорхойгүй байдаг. Ингэхэд эдгээр иргэдийн хохирлыг барьцааны гэгдэх 100 сая төгрөгөөс барагдуулах уу?

-Мөрдөн байцаалтын шатанд нийт 10 иргэн, албан байгууллагад учирсан хохирлыг хэрэгт холбогдсон хятад иргэдээр төлүүлсэн. Нийтдээ 37 сая төгрөгийн хохирол барагдуулсан. Энэ мөнгө барьцааны 100 сая төгрөгөөс тусдаа. Барьцааны 100 сая төгрөгийн хувьд холбогдох хуульд заасны дагуу Төрийн санд байршуулсан гэдгийг дахин тодруулан хэлье. Харин энэ мөнгийг прокурорын зөвшөөрлийн дагуу барьцааны мөнгө гаргасан хятадын талын компанийн дансанд эргүүлэн шилжүүлсэн.

-Хятад иргэдэд холбогдох хэрэгт Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж оролцсон. Барьцаа нэрээр 100 сая төгрөг аваад гэмт этгээдүүдийг хятад руу явуулчихсан гэдэг хардлага бий болгох гээд байх шиг. Мэдээж та энэ байдлыг анзаарч байгаа байх?

-Мөрдөн байцаалтын ажиллагаа прокурорын хяналттайгаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу явагдсан. Энд ямар нэгэн байдлаар хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх боломжгүй. Ямар ч хэргийг шалгах ажилд Хууль зүй, дотоод хэргийн яам, салбарын сайд оролцох, нөлөөлөх боломж байхгүй. Ийм эрх зүйн орчин ч байдаггүй. Гэмт хэрэгт холбогдсон гадаадын иргэдийг харьяалагдах улс руу нь шилжүүлэхдээ олон улсын зохих гэрээнд заагдсаны дагуу шилжүүлдэг. Энэ хэрэг ч мөн адил холбогдох хуулийн дагуу, хуулийн хүрээнд шийдвэрлэгдсэн.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж