Ц.Гончиг: Цагдаагийнханд сахилгын арга хэмжээ авсан

Хуучирсан мэдээ: 2010.12.20-нд нийтлэгдсэн

Ц.Гончиг: Цагдаагийнханд сахилгын арга хэмжээ авсан

Ө.Хэрлэнчимэг нарын гарт амиа алдсан талийгаач Б охины аав Ц.Гончиг гуайтай уулзлаа. Тэрбээр өнгөрөгч баасан гаригт Улсын мөрдөн байцаах газрын даргатай уулзаж, охиныг нь хөнөөсөн хэргийг шийдвэрлэхэд тус газарт ажиллаж байгаа зарим нэгэн албан тушаалтан ичгүүргүйгээр нөлөөлж байгаад хариуцлага тооцохыг шаардсан байна. Ц.Гончиг гуайн шаардлагыг цагдаагийн байгууллага хүлээн авч, холбогдох албан тушаалтнуудад сахилгын шийтгэл ногдуулснаа мэдэгджээ.

-Өнгөрсөн долоо хоногт таныг Улсын мөрдөн байцаах газрын дарга хүлээн авч уулзсан гэж сонссон. Тэд ямар хариу өгсөн бэ?

-Охины маань амийг хөнөөсөн хэрэг гарснаас хойш хоёр жил гаруй хугацаа өнгөрчихлөө. Гэмт этгээдүүдийг хорих хугацаа хязгаартай байдаг. Тиймээс хоригдох хугацаа нь дуусчихвал зарим нэг нь зугтаад гадагшаа гараад явчихдаг. Хэрэв ийм тохиолдолд хэрэг шийдэгдэхгүй хойшилдог юм байна. Охины маань амийг зэрлэгээр хэн хүний санаанд оромгүй байдлаар хөнөөсөн гэмт этгээдүүд баригдсан, нотлох баримт нь хангалттай байхад үйлдсэн хэргээ хүлээхгүй, шүүх хуралд нөлөөлж, удаа дараа хойшлуулж байгаа. Тиймээс би тэмцлийн хурц хэлбэрийг сонгохоос өөр аргагүй байдалд орсон. Үнэний төлөө, ганц охиныхоо бусдын гарт амиа алдсан шалтгааныг олсон атлаа гэм буруутай этгээдүүдэд хариуцлага тооцох шатанд асуудал үүссэн учраас тэр алхамыг би сонгосон. Түүнээс цагдаагийн байгууллага, мөрдөн байцаагчдыг буруутгаагүй. Мөрдөн байцаагчдын хийсэн ажил их бий. Миний охиныг 2008 оны долдугаар сард хөнөөсөн юм. 2008 оны долдугаар сар үймээн самуунтай, ялангуяа мөрдөн байцаагчид энэ үеэр уртасгасан цагаар амралтгүй ажиллаж байсан үе. Гэсэн хэдий ч миний охины хэргийг шалгасан  мөрдөн байцаагч маш шуурхай ажиллаж, гэмт этгээдүүдийг тогтоож, баривчилсан. Даанч 14 хоног хоригдоод тэдгээр гэмт этгээдүүд суллагдсан байсан. Цагдаагийнхан энэ хэрэг дээр шуурхай сайн ажилласан, даанч гэмт этгээдийн ээж нь гэх өмгөөлөгч энэ хэргийг будилаантуулсан.

-Энэ хэрэг дээр Ө.Хэрлэнчимэгийн талаас өмгөөлөгчдийн баг ажиллаж байгаа гэдэг мэдээлэл байсан. Энэ үнэн үү?

-Албан тушаалаа ашиглаж, нэгнийхээ хийсэн ажлыг үгүйсгэж, танил талаараа түрий барьж, шударгаар ажилласан нэгнийхээ ажлыг харлуулсан хүн бол дэд хурандаа н.Соёлмаа. Соёлмаагийн дүү Ю.Сэвлэгмаа, Г.Нэргүй ахмад нар. Надад баттай мэдээлэл бий. Дэд хурандаа Соёлмаа Хэрлэнчимэгийг Ганцхудагт тусгаарлагдан хоригдож байхад нь “уулзаадхий” гэж ахмад Нэргүйн ээлжин дээр удаа дараа очиж уулзаж байсныг гэрчилсэн гэрчийн мэдүүлэг байдаг.  Ө.Хэрлэнчимэгийн ээж Соёлмаа өнөөдөр 10 өмгөөлөгч хөлслөн баг болгон ажиллуулж байна. Тэдгээр өмгөөлөгчдийн багийг Яримпил гэж өмнө нь 1000 ам.долларын хахуулийн хэргээр шалгагдаж байсан өмгөөлөгч удирдаж байна. Эндээс харахад шударга зүйл хаана алдагдаад байгааг харж болохоор байгаа биз. Эх хүн, бараг эмээ болсон хүн өнөөдөр өмгөөлөгч гэсэн нэрийн дор хэргийг будилаантуулаад, хэр баргийн хүний амнаас гарахын аргагүй шалтаг, шалтгаан шүүх хурал дээр ичгүүргүйгээр хэлж байна. Миний охиныг хогийн цэг дээр эр эмийн ажил хийсэн болохоор эр үрийн шингэн урсаад гарчих магадлалтай гэж Тунгалаг гэдэг өмгөөлөгч хэрэгтнийг өмгөөлөхдөө шүүх хурал дээр хэлсэн.

-Та охиныхоо хэргийг шийдвэрлэхэд цагдаагийн зарим нэгэн алба хаагчид нөлөөлж байна гэж үзэж байгаагаа мэдэгдэж байсан. Мөн энэ асуудлаар цагдаагийн байгууллагад гомдол гаргасан гэж сонссон. Энэ асуудал яаж шийдэгдсэн бэ?

-Ах нь цагдаагийн байгууллагад гомдол гаргаагүй.  Харин цагдаагийн байгууллагад байгаа зарим нэг үл бүтэх этгээдүүдэд хатуу хариуцлага тооцох ёстойг дарга нарт нь шаардсан. Энэ шаардлагыг маань хүлээн авч, өнгөрсөн долоо хоногт УМБГ-ын дарга Ө.Энхтөр намайг хүлээн авч уулзсан. Дэд хурандаа Соёлмаа, ахмад Нэргүй нарт  сахилгын шийтгэл ногдуулсан байна. Мөн Г.Нэргүй, Соёлмаа нар надаас албан ёсоор уучлал гуйсан. Би тэд нарт надаас уучлал гуйх яах вэ, хамт ажилладаг байцаагчдаасаа, тэдний ажил сөргөөр нөлөөлж, түвэг учруулсандаа, бас хамт олныхоо нэрийг хайрлахгүй муу зүйлийг өгдөөсөндөө уучлал гуйвал илүү шударга болно гэдгийг хэлсэн. Охиноо алуурчдын гарт зүй бусаар алдсан эцэг хүний сэтгэлийг ойлгодоггүй юм бол өчнөөн олон жил хамт олон гэж ажилласан алба хаагчдынхаа нэр хүндийг бодох хэрэгтэй шүү дээ, дэд хурандаагийн хувьд.

-Гэрч Сарантуяаг Хүчирхийллийн эсрэг үндэсний төв хамгаалалтаа авсан гэж сонссон?

-Үнэн. Манай улсын хуульд гэрчийг хамгаалах талаар юу ч байдаггүй юм байна. Тийм болохоор ихэнх хэргийн гэрч явцын дунд алга болох, үгнээсээ буцах гэх мэтээр асуудал шийдвэрлэгддэг муухай зуршилтай юм байна. Миний охины амийг хөнөөснийг гэрчилж, болсон явдлыг үнэнээр хэлдэг энэ охины хувьд их хүнд нөхцөлд байсан. Азаар Хүчирхийллийн эсрэг үндэсний төв хамгаалалтдаа авч, гурван ч өмгөөлөгч гаргаж өгсөн. Одоо гэрчээ алдах вий гэсэн айдасгүй боллоо.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж