Энэ оны арваннэгдүгээр сарын эцэст ажилгүйчүүдийн тоо 40 мянгад хүрч, өмнөх оны мөн үеийнхээс мянган хүнээр нэмэгджээ. Ажилгүйдэл нэмэгдэж, аль ч салбарт халаа сэлгээ их байдгийн гол шалтгааныг “цалин бага” гэсэн хоёрхон үгээр тайлбарладаг. Үүнийг шийдэхийн тулд бид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг амьжиргааны өртгөөс дээгүүр тавьж байж цалингийн талаар сэтгэл амар ярьж болно. Ихэнх улсыг харахад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоохдоо иргэдийнхээ халаасанд орж буй дундаж цалингийн 60-67 хувиар тооцдог аж. Манайд яг энэ маягаар тооцоолж үзвэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 216 мянган төгрөг болох юм. Үүнийг МҮЭХ-ноос бүрэн боломжтой хэмээн үзэж, Засгийн газар, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо үгүйсгэлээ. Энэ талаар ширүүхэн маргаан өрнүүлсэн гурван талт зөвлөлдөх уулзалт өнгөрсөн баасан гарагт болж өнгөрсөн юм. Уулзалтад ажилчдыг төлөөлж байгаа Үйлдвэрчний эвлэл, бизнесмэнүүдийг төлөөлж байгаа Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, энэ хоёр харилцааг зохицуулдаг Засгийн газар гэсэн гурван этгээд оролцдог. Тэд энэ удаагийн гурван талт уулзалтаараа цалин хөлсний түвшин, бүтэц, хөлс төлөх хэлбэр, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн цалингийн ялгаа зэрэг асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.
Төрийн албан хаагчдын цалинг өнгөрсөн аравдугаар сард нэмсэн. Харамсалтай нь цалингийнхаа тэрхүү нэмэгдлийг “Амьдралд минь их хэрэг боллоо” гэж хэн ч хэлээгүй. Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас зөвлөснөөр манай улс иргэдийнхээ цалинг 25 хувь нэмэх бүрэн боломжтой бөгөөд энэ нь эдийн засагт эрсдэлгүй аж. Гэтэл төрийн албан хаагчиддаа зориулж цалинг нь 30 хувиар нэмэхэд бодит өөрчлөлт гараагүйтэй адил 25 хувийн цалингийн нэмэгдэл үнэхээр бодит нэмэгдэл болж чадах эсэх нь эргэлзээтэй байна. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар бодит өсөлт болж чадахгүй юм гэхэд энэ нь цалинг цаашид нэмэх урьдач нөхцөл болох аж. Харин МҮЭХ цалинг 25 хувь биш 60 хувь нэмэх хэрэгтэй хэмээн ярьж санал зөрөлдөж байна. Гэхдээ 25 хувь ч бай, 60 хувь ч бай нэмлээ гэхэд бараа бүтээгдэхүүний үнэ өсөхгүй байх боломжийг л бүрдүүлэх хэрэгтэй гэдэгт бүгд санал нэгдэж байгаа юм.
Т.ЕСӨН-ЭРДЭНЭ
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин