Дэлхийн 60 гаруй улсад 120 сая гаруй уншигчидтай “Космополитан” сэтгүүл монгол уншигчдын гар дээр ирээд хэдхэн хонож байна. “Ирмүүн” агентлаг сэтгүүлийнхээ нээлтэнд дэлхийн хэмжээний оддыг авчирч, шинэ байгуулагдсан Спорт цогцолборт ”Cosmo love show”-г зохион байгуулсан. Тэд дэлхийн сэтгүүлийн нээлтийг дэлхийн шоугаар хийнэ гэж мэдэгдэж байсан юм. Шоунд дэлхийн дуурийн од Олег Безинсзих, шоу балетаараа Европ, Америк, Азийг байлдан дагуулсан Тодес, Өрнийн интеллектуалуудын сонсох дуртай Урнаа, Эстонийн шилдэг эмэгтэй Дижей Алисса нар оролцсон. Харин нэг баг нь л ирж амжаагүй. Супер од Николь Шерзингер ирж, ая дуугаа өргөх цаг мөчийг фэнүүд нь тэсч ядан хүлээсэн боловч тэр ирээгүй. Николь яагаад ирээгүй юм бол гэсэн асуултын хариу тодорхойгүй байсан юм. “Ирмүүн” агентлагийн зүгээс ямар нэгэн тайлбар хийгээгүй өнөөдрийг хүрсэн. Харин тэд өчигдөр албан ёсны хариу өгсөн байна. Тэд Николь ирээгүйн шалтгааныг тодорхой баримттайгаар үндэсний өдөр тутмын сонинуудад дэлгэжээ. Николийн паспорт, ирэх буцах онгоцны тийз, Баянгол зочид буудалд өрөө захиалсан баримт, урьдчилгаа мөнгийг АНУ руу шилжүүлсэн баримт, Николийн менежертэй мэйлээр харилцсан баримт гээд тэдэнд Никольтой холбоотой олон баримт байгаа гэнэ. Ирмүүнийхэн энэ удаа хувь хүний нууцыг хүндэтгэн паспортын хуулбарыг нь дэлгээгүй аж. Харин бусдыг нь сонинуудаар дэлгэсэн байна. “Баянгол” зочид буудлын Николь Шерзингэр болон түүнийг дагалдаж ирэх гурван хүнийг хамгийн тансаг зэрэглэлийн өрөөнд 12 дугаар сарын 6 наас 9-нийг хүртэл байрлахыг зөвшөөрсөн Борлуулалт, маркетингийн хэлтсийн албан баримт анхаарал татаж байлаа. Ийнхүү ”Ирмүүнийхэн Николийг анхнаасаа уриагүй, зүгээр л пи арын нэг арга нь байсан” гэх мэт мэдээлэл ор үндэсгүй болох нь батлагдаж байна.