Эрх зүйн орчин тогтворгүй байгаа нь асуудал

Хуучирсан мэдээ: 2010.12.20-нд нийтлэгдсэн

Эрх зүйн орчин тогтворгүй байгаа нь асуудал

Ж.Жамул: Хууль эрх зүйн орчин тогтворгүй байна гэдэг их том асуудал

“Rodman & Renshaw” хөрөнгө оруулалтын банкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ж. Жамулыг “Ярилцах танхим”-даа урилаа. Тэрбээр дэлхийн хөрөнгийн зах зээлд сүүлийн таван жилийн турш тэргүүлж буй тус банкны Хөрөнгө оруулалтын хэлтэст анх банкираар орж, улмаар ашигт малтмалын салбарыг нь үүсгэн байгуулж, өөрийн туршлагаараа энэ салбарын нэр хүндтэй өрсөлдөгчийн нэгэн болж чадсан юм. Түүний амжилт Монголын залуусыг урагш нь хөтлөх урам зориг өгөхийн зэрэгцээ эдийн засгийн талаар бодит тайлбар авахыг хүсдэг уншигчдад бодит хариултыг өгнө гэж найдаж байна.

-Таныг Монголд ажил­лаж буй энэ цаг үед манай улсын уул уурхайн салбарт таатай болон таагүй гэж хэлж болохуйц эсрэг тэсрэг үйл явдал олон болж байна. Наад зах нь Монголын уул уурхайн салбар дэлхийн анхаарлын төвд орж буйтай зэрэгцээд Ашигт малтмалын газраас 254 лиценз цуцал­сантай холбоотой үндэсний бая­лаг бүтээгчид “шок”-нд ор­чихлоо. Энэ бүхэнд таныг ямар дүгнэлт хийж байгааг сонирхмоор байна?

-Миний харж байгаагаар Монголын уул уурхайн салбарт маш том потинцеаль байгаа. Макро түвшинд асар их ирээдүй бий. Металл ашигт малтмалын зах зээлийн үнийн өсөлт Монголын уул уурхайн салбар хөгжихөд ихээхэн тус хүргэнэ.

Мөн хөрөнгийн зах зээл Монголын өмнө нээлттэй байна. Энэ үед хоёр том эрсдэл бий гэдгийг хэлэх ёстой болов уу.

-Ямар эрсдэл вэ?

-Эхнийх нь хууль эрх зүйн тогтворгүй байдал. Нөгөөх нь дэд бүтцийн асуудал. Хууль эрх зүйн тухайд би баталсан хууль болон шинэчлэлийг нь эсэргүүцэж байгаа юм биш. Гол нь тогтвортой байдал. Манай улсын уул уурхайн салбар үнэн хэрэгтээ хөл дээрээ босоогүй байна. Жишээлбэл, алтны салбарт гэхэд oлон улсын хэмжээний алтны ганц уурхай байгаа нь “Бороо гоулд”. Бусад нь олон улсын зах зээлийн хувьд үнэлэгдэхгүй жижиг ордууд. Ийм үед манайд анхан шатны хөрөнгө оруулалт босгох асуудал хамгийн чухал нь. Гэтэл ийм нөхцөлд хууль эрх зүйн орчин тогтворгүй байна гэдэг нь өөрөө асар том асуудал. Би банкныхаа шугамаар Монголын хэд хэдэн төсөлд хөрөнгө оруулалт босгохоор ажиллаж байгаа. Ийм байхад 254 лицензийг цуцалчихлаа гэсэн мэдээ цацагдлаа. Зарим нэгэн лицензийг харахад үнэн хэрэг дээрээ тухайн хайгуулын талбайн дөнгөж жижигхэн хувь нь ойн сан болон усны санд хамрагдаж байх жишээтэй. Энэ тохиолдолд хуулийн хэрэгжилтийг зөв хийх хэрэгтэй. Нөгөө урт нэртэй хуульд хамрагдаж байгаа тэр жижигхэн хувийн талбайг нь хасаад үлдсэн хэсгийг нь энэ хуульд хамаарагдаагүй гэдгийг нь тодорхойлоод өгөөд явах нь зөв. Хэрэв тухайн компани олон улсын биржид хувьцаа гаргаж байгаа бол бодит мэдээллийг хувьцаа эзэмшигчдэд тайлбарлаад ажлаа үргэлжлүүлэх ёстой. Нэг ёсны хууль батлахад хэрэгжүүлэх арга барил нь зөв байх нь чухал л гэж хэлэх байна. Дэд бүтцийн хувьд бол тодорхой л доо.

-Монголчууд “Бид байгалийн баялагтай улсын ард түмэн. Энэ утгаараа хөрөнгө оруулагчид биднийг гуйгаад ирнэ” гэсэн   стандарт сэтгэлгээнд баригдчихсан байна. Тэгвэл хөрөнгө оруулагчид өнөөдрийн Монгол Улс шиг наад зах нь дэд бүтцийн бодит үзүүлэлтгүй ийм улсыг гуйж ирэх үү. Таныг хөрөнгө оруулалтын банкны өмнөөс энэ асуултад бодит хариулт өгөх болов уу гэж бодож байна?

-Монголд ашиглалтад орж байгаа ихэнх том орд Хятадын хилийг дагаж байрласан байдаг. Энэ нь тухайн хөрөнгө оруулагч Хятадын дэд бүтцийг олзуурхаж, тэр дэд бүтцэд тулгуурлаж ажиллах гарц олж харсан гэсэн үг. Бусад аймгуудад бол тухайн орд нь асар том эдийн засгийн өгөөжтэй байж л тэнд ажиллана. Үр ашгийн тооцоог яалт ч үгүй дэд бүтэцтэй холбож үзэхээс өөр аргагүй. Шууд утгаараа баялаг байж болно. Гол нь тэр баялгийг үр ашиг болгох нь чухал.

-Тодорхой жишээ авмаар байна. Та “Rodman & Renshaw” хөрөнгө оруулалтын банкны Тэргүүн дэд ерөнхийлөгчийн хувьд дэд бүтэцгүй манай улсын нэг том орд дээр шууд ажиллах уу, эсвэл дэд бүтэцтэй өөр улсын дүйцүүлэх хэмжээний ордыг сонгох уу?

-Мэдээж хэрэг илүү дэд бүтэцтэй улсын орд илүү ашигтай.Сонголт бол тийшээ чиглэнэ. Монголд төмрийн хүдэр олборлох боллоо гэхэд төмөр зам барих хэрэгтэй болно. Зөвхөн төмөр зам ч бус ажиллах хүчний багтаамж, ус, эрчим хүч гээд олон хүчин зүйлийг харах хэрэгтэй.

-Тэгэхээр монголчуудад асуудлыг бодитоор харах, зах зээлийн зарчмаар нь ойлгож сурах шаардлага байна гэсэн үг үү?

-Миний хувьд энэ асуудал зах зээлийн нийгмийн хөгжлөөрөө аяндаа шийдэгдэх болов уу гэж бодож байна. Зүгээр үндэсний хөрөнгө оруулагч хийгээд капитал бүтээгчдийг миний хувьд бизнесийн стратегийн үүднээс одоо нэмүү өртөг бий болгож, баяжуулах болон боловсруулах үйлдвэр байгуулах гэж яарах хэрэггүй гэж харж байгаа. Харин үүнийхээ оронд Монголын компаниуд байгаа баялгаа өөрийн болгож, капиталын хуримтлал бий болгох хэрэгтэй. Хөрөнгө багатай газарт үйлдвэрлэл босгох гэж байснаас байгаа мөнгөөрөө хөрөнгөө зузаатгаж, активаа нэмэгдүүлэх нь илүү оновчтой.

-Шууд би том боловсруулах үйлдвэртэй болно гэж хэт их эрсдэл үүрэх хэрэггүй гэж үү. Төрөөс ч гэсэн албан ёсоор үйлдвэр байгуулах шахалтыг өгч байгаа шүү дээ?

-Мэдээж хүсэл тэмүүлэлтэй байх нь зөв. Гэхдээ аливаа компани орлогоо яаж өсгөх вэ гэдгийг л чухалчлах хэрэгтэй. Аль болох зах зээлээ эзэлж авчихаад түүнийхээ дараа эндээс яаж хамгийн их мөнгөний гүйлгээ гаргах вэ, ямар үйлдвэр босгох вэ гэдэг арга зам хайх нь илүү оновчтой. Наад зах нь, өнөөдөр зэс хайлуулах үйлдвэр барилаа гэхэд тэр нь Хятадын зэс хайлуулах үйлдвэрийн өртөгтэй тэнцэхүйц байгаа бол хийж болно. Түүнээс бус Хятадын үйлдвэрээс илүү өртөгтэй, зардал гарахаар бол хийхэд илүү  эрсдэлтэй. Социализмын үед заавал гутал хий гээд л гутал хийлгээд байдагтай адилтгаж үзэж болохгүй л дээ.

-Нууц биш бол өөрөө Монголд ямар төсөл дээр ажиллаж байгаа юм бэ. Дээр хальт дурдах шиг болсон?

-Уучлаарай, бид дандаа хаалттай хэлэлцээр дээр ажилладаг учраас санхүүжилт бий болтол энэ талаарх мэдээллийг дэлгэх боломжгүй байдаг юм.

-Үндэсний компани мөн, бишийг нь тэгвэл хэлж болох уу?

-Ямар ч байсан бид олон улсаас хөрөнгө босгоод, тэр хөрөнгөөс гарах үр ашиг Монголын нутаг дэвсгэр дээр үлдэх тийм гарцыг хайж байгаа.

-Энэ зарчим “Rodman & Renshaw” банкны бизнесийн нэр төрөө эрхэмлэх зарчим уу. Аль эсвэл өөрийн тань монгол хүн гэдэг итгэл үнэмшил бас нөлөөлж байна уу?

-Аль аль нь. Манай банк одоо хоёр монгол ажилтантай болсон. Хөрөнгө оруулалтын банкинд хоёр монгол хүн ажиллана гэдэг чинь үнэндээ бас их том бүлэглэл шүү. Тэгээд ч хөрөнгө оруулагчид Монголд удаан хугацаанд ажиллахыг хүсвэл эх нутагт нь ч, банкиндаа ч ашигтай байх зарчмыг л баримтлах хэрэгтэй. Манайх хөрөнгө оруулалтын банк учраас ашиг хөөх нь тодорхой. Гэхдээ одоогийн байдлаар Монголд 200 гаруй мянган ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байгаа. Энд яг одоогийн байдлаар ашгийн тухай нэг ч дүн байхгүй шүү.

-Ашигт малтмалын газраас 254 лиценз цуцалсан гэж мэдээлэхтэй зэрэгцээд хөрөнгө оруулагчдад эргэлзээ төрж байна уу. Та дотор нь байгаа учраас илүү тод анзаарсан байж магадгүй юм?

-Гэнэтийн ашгийн 68 хувийн татварыг бодоход тэр урт нэртэй хууль энэ салбарын арай бага хэсгийг хамаарч байгаа. Ихэнх нь шороон ордын компанийн үйл ажиллагааг хамаарах учраас үр дүн нь арай зөөлөн бууж магадгүй. Гэхдээ хөрөнгө оруулагчид үүнийг “Монгол тогтворгүй, дандаа хуулиа өөрчилдөг” гэсэн нэг ойлголттой болж үлдэх нь өөрөө эрсдэл дагуулж мэднэ. Хүн нэг хүнийг ааштай л гээд бодчихвол уурлаагүй байсан ч ”Энэ уурлаж байна” л гэж боддог шүү дээ. Пиар талаасаа үүнтэй л адилхан нөхцөл байдал үүссэн байгаа нь үнэн.

-Гэхдээ Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг 30 жилийн хугацаатай байгуулсан нь Монголыг итгэлтэй хамтрагч гэдэг талаас нь нэр төрийг нь өргөж өгч чадсан биз дээ?

-Чадалгүй яах вэ. Гэрээ батлагдсанаас хойш олон компани хөрөнгийн зах зээл дээр гарч чадсан. Хөрөнгө оруулагчид ч Монголыг сонирхож эхэлсэн бодит үзүүлэлт олон бий.

-Манайхаас олон компани олон улсын хөрөнгийн бирж рүү гарсан. Тэдэнд хэр их боломж байгаа бол?

-Боломж бий. Зүгээр үндэсний компанийн удирдлагуудтай уулзаад ярилцаж байхад манайхан төслөө шууд бэлэн мөнгөөр зарах сонирхолтой болчихсон байна. Хоёр, гурван жилийн дараа орж ирэх ашиг сонин биш байна. Шууд өнөөдөр бэлэн мөнгөөр нь зарчихмаар байна гэж хэлэх хүн олон байна. Тэдэнд хувьцааны зах зээл нэг их сонирхолтой биш байгаа бололтой юм билээ. Энэ хандлага нь надад харамсалтай санагдсан. Уг нь монголчууд өөрсдөө төслөө аваад, хувьцаагаа эзэмшээд бизнесийнхээ том өгөөжийг өөртөө үлдээдэг байвал илүү оновчтой л доо.

-Шууд хялбар арга сонгох хэрэггүй гэж үү?

-Бас тэдний сонголтыг ойлгох хэрэгтэй л дээ. Хүний сонголт шүү дээ.

-Танай банкийг Монголд ямар зорилгоор ажиллах гэж байгааг сонирхох хүн олон байгаа нь гарцаагүй. Манай компанийг олон улсын бирж дээр гаргах уу. Эс бол зээл олгох замаар хувь эзэмших үү. Шууд хөрөнгө оруулагч болох уу гээд л. Та энэ сонирхолд тодорхой хариулт өгөхгүй юу?

-Манайх арилжааны бус хөрөнгө оруулалтын банк. Бид өөрсдийн блансаас зээл олгодоггүй. Зарим нэгэн тохиолдолд хувьцаа эзэмших замаар хөрөнгө оруулалт хийдэг. Гэхдээ гол төлөв бусад санхүүгийн байгууллагаас хөрөнгө татаж, зуучлах замаар Монголд хөрөнгө оруулах сонирхолтой байгаа. Зээл дээр бол нэг их ажилладаггүй. Хөрөнгийн зах зээлээс хөрөнгө босгох, бусад компанитай зуучлах, нийлүүлэх гэсэн чиглэлээр ажиллана.

-Яг хувьцааны талбарт хамтрагч боллоо гэхэд Монголын компанид ямар шалгуур тавих вэ?

-Тухайн төслийг хэрэгжүүлж байгаа компанийн менежментийн баг чадвартай байх ёстой. Үйл ажиллагаа нь хуулийн дагуу явдаг байх ёстой. Мөн зарим нэг ашигт малтмалыг сонирхоно. Заримыг нь сонирхохгүй.

-Тухайлбал, алийг нь сонирхохгүй вэ?

-Жонш гэх мэт.

-Ашигт малтмалын сал­барт гэнэт олон тооны лиценз цуцалсантай холбоотой арил­жааны салбарт эрсдэл үүснэ гэсэн гаргалгааг эдийн засагчид хийж байна. Та энэ дүгнэлттэй санал нийлж байна уу?

-Наад асуудал чинь маш өндөр эрсдэлтэй гэдгийг хэлмээр байна. Яагаад гэхээр ашигт малтмалын салбарт хөрөнгө оруулалт хийхэд наад зах нь таван жилийн дараа ашгаа өгдөг. Тэгэхэд Монголын банкны зээлийн хугацаа нь таван жил хүрэх үү. Хүү нь маш өндөр. Ийм нөхцөлд банк богино хугацаанд өндөр хүүтэй зээл олгодог нь балансаа барьж үлдэхэд их хэцүү. Эндээс санхүүгийн системийн риск гэдэг зүйл үүсэх магадлалтай. Гэнэт металлын үнэ, бүх төслийн үнэлгээ буурах тохиолдолд банкны систем шоконд орно. Тэр банкны мөнгө чинь ихэнхдээ хадгаламжийн данстай иргэдийн мөнгө шүү дээ.

-Манай төсвийн зарлага ерөнхийдөө ашигт малтмалын үнийн өсөлтөд түшиглэж байгаа. Та бүхний хувьд металлын үнийн өсөлтийг хэр найдвартай гэж харж байна вэ?

-Ерөнхийдөө Хятадын хэрэгцээн дээр тулгуурласан өсөлт явагдаж байгаа. Хятадын хувьд дотооддоо асуудал ихтэй. Зах зээлийн харилцаа нь жам ёсны атлаа төр нь коммунист удирдлагатай гэдэг утгаараа эрсдэлтэй. Нэг ёсны Хятадад цаг үеийн эрсдэл үүсэхгүй бол металлын үнийн өсөлт хэвээр үргэлжлэх судалгаа бий. Гэхдээ аль ч улс орон энэ өсөлтөөс бодит үр дүнг авч үлдэх нь  чухал.

-Гадаадад сургууль төгссөн, тэндээ өндөр карьерт хүрсэн өөртэй тань адил залуусыг манайхан “Монголоо мэдэхгүй байж харийн туршлагаар худлаа том ярилаа” гэж шүүмжлэх нь бий. Та ийм хандлагад ямар хариулт өгөх вэ?

-Аливаа зүйл учиртай байдаг шүү дээ. Би тэр хүмүүсийн зөв гэж хэлнэ. Аливаа зүйлд дотоод нөхцөл гэж байдаг. Монголын нөхцөл байдал, монголчуудын хоорондын харилцаа ч ондоо гэдгийг үгүйсгэх аргагүй. Тэгэхээр тэр яриа ортой гэдгийг би бүрэн хүлээн зөвшөөрнө. Миний хувьд Монголдоо ирээд ажиллахад найз нөхөд, ах дүү хамаатан саднаасаа мэдээлэл авдаг. Би ямагт эндхийн нөхцөл байдлыг сайн мэдэх, Монголдоо ажиллаж амьдарч байгаа хүмүүстэй маш сайн зөвлөлдөж байж ажлаа ярьдаг. Гэхдээ бизнесийн зарчим бол дэлхий даяар адилхан. Нэг ёсны би мужаан гэдгээ мэднэ. Хэзээ ч гутал засч чадна гэж хэлэхгүй. Товчхондоо бол би мэдэхгүй зүйлийнхээ талаар хэзээ ч мэддэг юм шиг мэдэмхийрэхгүй. Мэдлэг, чадвар хязгаарлагдаж байвал мэддэг, чаддаг хүнийг нь татаж ажиллуулна. Хүн ер нь даруухан байх хэрэгтэй шүү дээ. Чаддагаа мэддэг шигээ, чадахгүйгээ ч мэдэхгүй гэж хэлж чадна. Үүн шиг Америкт тэгдэг юм гэж би хэзээ ч хэлж байгаагүй. Цаашдаа ч тийм л зарчим баримтална. Гэхдээ би хичнээн гадаадад ажилладаг ч гэсэн монгол хүн шүү дээ. Монголоо бас мэднэ ээ. Би монгол хүн учраас дэлхий даяар байгаа олон банкираас илүү Монголдоо өрсөлдөх чадвараар арай илүү байх гэж бодож байна.

Г.ОТГОНЖАРГАЛ

Зохиогчийн эрх:
 "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж