Тоон системийн давуу тал

Хуучирсан мэдээ: 2010.12.20-нд нийтлэгдсэн

Тоон системийн давуу тал

Манай
улсад 1930-аад оноос радио нэвтрүүлэг цацаж эхэлсэн бөгөөд 1963 онд
бидний хэлж заншсанаар Хонхорын радио станц буюу анхны их хүчний радио
станцыг байгуулж байжээ. Их хүчний радио станц нь хиймэл дагуулаас
илгээсэн мэдээллийг цааш дамжуулах үүрэгтэй. Одоо бол манай улсын
хэмжээнд хэд хэдэн их хүчний радио станц ажиллаж радио, телевизийн
нэвтрүүлгийг аналог системээр дамжуулж байна. Ийм системээр дамжуулж буй
нэвтрүүлгийг хүлээн авагчийн байрлал мэдээлэл дамжуулах станцаас
алслагдах тусам мэдээллийн чанар мууддаг муу талтай юм байна. Түүнчлэн
радио долгионы хамрах хүрээний хувьд тоон системээ бодвол хамаагүй бага
аж. Харин радио нэвтрүүлэг тоон системд шилжсэнээр их хүчний радиогийн
энэ бүх дутагдал арилж мэдээллийн чанар эрс сайжрах аж. Радио
нэвтрүүлгийг тоон өгөгдлөөр дамжуулж турших төслийг Герман улсын "Транс
радио" компани, "Радио телевизийн сүлжээ" улсын төсөвт үйлдвэрийн газрын
инженер техникийн ажилтнууд хамтран танилцууллаа. Туршилтын зорилго нь
Монголын нөхцөлд тоон радиогийн DRM стандартыг танилцуулах, түүнчлэн
одоо ажиллаж байгаа аналог радиогийн дамжуулалтай харьцуулж харуулах,
үнэлэлт өгөхөд оршиж байгаа аж. Төслийн багийнхан Чойр хотод MW 882 кГц
давтамж дээр ажиллах 100 Вт чадалтай нэвтрүүлэгчийг антеннд холбож, МР1
програмын дууны сигналыг сансрын хүлээн авагчаас DRM өрнүүлэгч
/ехсitег/-ийн оролтонд өгөх станцыг хамтран угсарчээ. Энэхүү DRM
стандарт нь 2001 оноос Европын холбооны, 2003 оноос Дэлхийн харилцаа
холбооны байгууллагаас зөвшөөрөгдсөн аналог, тоон систем зэрэгцэн оршиж
болдог стандарт юм байна. Түүнчлэн DRM стандартаар радио нэвтрүүлэг
түгээхээс гадна бусад төрлийн нэмэлт үйлчилгээ дамжуулах боломжтой аж.
Тухайлбал, текстэн мэдээлэл, зураг, хөдөлгөөнт сонин, галт тэрэгний
хуваарь гэх мэт үйлчилгээг DRM радио хүлээн авагчийн тусламжтайгаар
хүлээн авч болно. Хамгийн гол нь дууны чанар эрс сайжирч, эрчим хүчний
зарцуулалт буурч, хүлээн авалтын чанар тогтворжих юм билээ. Үүнийг
төслийн багийнхны туршилт бүрэн утгаар нь харуулсан гэхэд болно. Учир нь
аналог болон тоон системийн чанар ялгааг харуулсан туршилтын бичлэгийг
төслийн нээлтийн ажиллагаанд ирсэн хүмүүст төслийн багийнхан сонсгож
танилцуулсан юм. Тэд Чойр хотоос 60 километрийн зайтай орших Шивээ-Овоо
суманд очиж туршилтаа явуулсан аж. Эхлээд аналог системээр дамжуулж буй
радио нэвтрүүлгийг сонсгоход шуугиан ихтэй, цаана нь хятадын радиогийн
нэвтрүүлэг давхар сонсогдож байх аж. Харин тоон буюу DRM стандартаар
цацаж буй радио нэвтрүүлэг ямар ч шуугиангүй, ярьж буй хүний яриа тод
сонсогдож, хятадын радиогийн нэвтрүүлэг давхар сонсогдохгүй байв.
Аргагүй л технологийн дэвшил гэдэг цаанаа л өөр юм гэж тэнд цугласан
хүмүүс бүгдээрээ дуу алдахаар ялгааг тоон радио гаргаж байлаа. Төсөл нэг
cap гаруй хугацаанд үргэлжилж Говьсүмбэр аймгийн иргэд болон Чойр хотын
оршин суугчдад аналог болон тоон радиогийн ялгааг таниулж санал
хүсэлтийг нь сонсоно. Үүний дараа Францын "Томпсон" болон Германы "Транс
радио" компанийн танилцуулсан төслийн нэгийг сонгож төсөл цааш
үргэлжлэх ажээ.
ТООН ТЕХНОЛОГИД ТОХИРСОН ХҮЛЭЭН АВАГЧ ХЭРЭГТЭЙ

"Радио телевизийн сүлжээ" улсын төсөвт үйлдвэрийн газрын ерөнхий инженер Л.ТУУЛААС зарим зүйлийг тодрууллаа.

-Радио, телевизийн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэхэд шинээр зурвас авах шаардлагатай юу?

-Энэ
технологийн бас нэг давуу тал нь одоо ашиглаж байгаа зурвас, давтамжийн
хуваарийг ашиглах боломжтой. Өөрөөр хэлбэл, шинээр зурвас, давтамж авах
шаардлагагүй.

-Тоон технологид шилжих явц хэр хугацаанд үргэлжлэх вэ?

-Ер
нь бол 2014 оны долдугаар сарын 31-ний өдрөөс бүх мэдээллийг аналог
системээр дамжуулахыг зогсоох тухай Засгийн газрын шийдвэр гарсан
байгаа. Тэгэхээр түүнээс хойш бүх мэдээллийг тоон технологиор дамжуулна.
Бид үүнээс өмнө тоон системд шилжих бэлтгэл ажлыг амжуулах ёстой. Олон
улсын жишгээс харж байхад аналог, тоон системийг хослуулж хэсэг
хугацаанд явуулаад дараа нь бүрэн утгаараа тоон технологид шилжүүлдэг.

-Одоо хэрэглэж байгаа радио хүлээн авагчаар тоон радиог хүлээн авч сонсох боломжтой юу?

-Иргэдийн
хэрэглэж байгаа радио хүлээн авагч тоон технологид тохирохгүй. Нэг
технологиос нөгөө технологид шилжиж байгаа учраас заавал түүнд тохирсон
радио хүлээн авагчийг авах хэрэгтэй болно. Тиймээс бид туршилтын
хугацаанд тоон радио хүлээн авагчийг туршилтад оролцож байгаа айлуудад
тарааж өгсөн байгаа. Тоон технологид шилжих гэдэг нь хүлээн авагчаасаа
эхлээд нэвтрүүлэг бэлтгэх, дамжуулах станц гээд бүх зүйл нь тоон
технологи дээр суурилж байж хэрэглэгчдэд чанарын өндөр төвшинд
мэдээллийг хүргэх юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж