Уг төсөл нь 2010-2013 он хүртэл хэрэгжих бөгөөд Завхан аймгийн зургаа, Булган аймгийн тав, Сонгинохайрхан дүүргийн гурван сургууль загвар сургуулиуд болон төслийг хэрэгжүүлэх гэнэ. Энэхүү төслийн хүрээнд Завхан аймгийн Чандмань-Эрдэнэ цогцолбор сургууль, Тосонцэнгэл сумын нэгдүгээр сургууль, Баянтэс, Завханмандал, Шүлүүстэй, Сонгино сумын сургуулиуд нь зургаан бүсийн загвар сургуулиуд болж тойргийнхоо сургуулиудад туршлагаа түгээн дэлгэрүүлэх юм байна.
Манай аймаг загвар аймаг болон хөгжиж баруун бүсийн Увс, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий аймгуудын багш нарт төслийн хоёр дахь жилээс эхлэн туршлагаа түгээх юм. Энэ нь манай аймгийн тухайд өндөр хариуцлага ноогдож байгаа хэрэг. Энэ төслийг хэрэгжүүлснээр багш нар ээлжит хичээлээ судлан алдаагаа олж, засч сайжруулах замаар арга зүйгээ хөгжүүлэх юм. Мөн багшийн арга зүй дээшилснээр хичээлийн үр өгөөж сайжирна, хичээл сайжирснаар сурагчдын сурлага, төлөвшил сайжирна хэмээн төсөл хэрэгжүүлэгчид үзэж байна. Мөн өнгөрсөн аравдугаар сард ЧЭЦ сургуулиас химийн багш Ц.Чимэдрэгзэн, Шилүүстэй сумаас бага ангийн багш Даваасүрэн, Завханмандал сумаас математик мэдээлэл зүйн багш Ренчинчогсом, Тосонцэнгэл сумын нэгдүгээр сургуулиас физикийн багш Оюундэлгэр нар Япон улсад сургалтанд хамрагдаад иржээ. Төслийн хүрээнд загвар сургуулийн сургагч багш нарыг бэлтгэх зорилгоор тав хоногийн сургалтыг ЖАЙКА байгууллага, төслийн мэргэжлийн баг, БСГ хамтран ЧЭЦС дээр зохион байгууллаа. Сургалтанд нийт 111 багш удирдах ажилтан Баян –Өлгий аймгаас 10 багш ирж оролцлоо.
Б.Мягмарсүрэн