“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн шинэ дугаар хэвлэгдлээ

Хуучирсан мэдээ: 2010.12.20-нд нийтлэгдсэн

“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн шинэ дугаар хэвлэгдлээ

“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн шинэ дугаар хэвлэгдэн гарсан байна. Тус дугаарт Монгол Улсын 2011 оны төсвийн тухай,  Хүний хөгжил сангийн 2011 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2011 оны төсвийн тухай хуулиудыг нийтэлсэн байна.

Монгол Улсын 2011 оны төсвийн тухай хуулиар Монгол Улсын төсөвт 2011 оны төсвийн жилд төвлөрүүлэх төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 2,492,330.3 сая төгрөгөөр гэсэн бол. Монгол Улсын төсвөөс 2011 оны төсвийн жилд зарцуулах төсвийн зарлагын хэмжээг 2,782,697.5 сая төгрөгөөр баталсан байна.
Монгол Улсын төсөвт 2011 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч. Мөн түүний харьяа байгууллага, бусад байгууллагын төвлөрүүлэх орлогын дүн мэдээ. Монгол Улсын төсвөөс 2011 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч нарт хэдэн төгрөгийн төсөв зарцуулах эрхийг олгосныг “Төрийн мэдээлэл” эмхтгэлээс танилцах боломжтой.

Түүнчлэн “Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2011 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт”-ын хавсралтыг бүрэн эхээр нь нийтэлсэн байна.

Хүний хөгжил сангийн 2011 оны төсвийн тухай хуулиар 2011 онд Хүний хөгжил сангийн хөрөнгөөс  эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн төлбөрт 20,206.1 сая төгрөг, бэлэн мөнгө хэлбэрээр 702,500.4 сая төгрөг, Оюутны сургалтын төлбөрт 82,500.0 сая төгрөг зарцуулахаар болсон аж.

Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2011 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай УИХ-ын тогтоолыг мөн нийтэлсэн байна. Тус тогтоолоор Хүн ам, өрхийн шинэчилсэн бүртгэлд бүртгэгдсэн, иргэний харьяаллын зөрчилгүй Монгол Улсын иргэнд 2011 онд Хүний хөгжил сангаас хүртээх хишиг, хувийн хэмжээг 252 000 төгрөгөөр тогтоосон билээ. Монгол Улсын иргэнд хүртээх хишиг, хувийг 2011 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сар бүр 21 000 төгрөгөөр тооцон олгох, иргэд өөрсдийн санаачилгаар ажлын байр бий болгох, хөрөнгө оруулалтын зорилгоор авах тохиолдолд бэлэн бусаар Засгийн газраас тогтоосон журмын дагуу нэг удаа бөөн дүнгээр нь олгохоор болж байгаа юм.

Мөн Төрөөс мөнгөний бодлогын талаар 2011 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай, Төсөв батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолуудтай эмхтгэлээс танилцах боломжтой юм.

Б.Алтансүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж