Төрсөн он сар өдөр 1934 оны 7-р сарын 11
Италийн Пиаценза хотод төрсөн
Иргэншил Итали
Компани Giorgio Armani S.p.A.
Хөрөнгө 4,1 тэрбум ам.доллар
Жиоржио Армани нь италийн алдарт загвар зохион бүтээгч бөгөөд дэлхийн хамгийн баян хүмүүсийн тоонд зүй ёсоор ордог. Одоо 75 насыг зооглож байгаа тэрбээр маш хөдөлмөрч хүн ба олон алдартай загварууд, брэндүүд бүтээсний дотор хамгийн алдартай нь эрэгтэй хүний хувцасны загварууд нь юм. Жиоржио Армани нь 1974 онд өөрийн Армани нэртэй хувцас загварын компанийг байгуулж, шошго бий болгосон нь одоо өргөжин тэлж арав гаруй охин компанитай, дэлхийн хамгийн шилдэг компаниудын нэг болсон байна. Түүний загваруудын нэг онцлог нь энгийн атлаа маш зөв хийсэн, тансаг бас дэгжин байдлыг илтгэдэг явдал нь юм. Мөн эрэгтэй хүний загварын суурьнаас нь эмэгтэй хүний загварууд гарч байдаг, эмэгтэй хүний загваруудаас мөн эрэгтэйнхийг гаргаж авдаг нь уг брэндийн нэг онцлог.
Жиоржио Арманигийн намтар
Тэрбээр 1934 онд Италийн Милан хотоос 50 милийн зайд орших Пиаценза хотод эгэл жирийн айлын гэрт төржээ. Орон нутгийнхаа жирийн 10 жилд суралцсан хүүхэд ахуй насандаа театр болон кинонд их дуртай байв. Сургуулиа төгсөөд хоёр жилийн туршид анагаахын чиглэлээр суралцаж байсан ч удалгүй сургуулиа хаяж фото зураг сонирхох болов. Гэтэл түүнийг эх орон нь дуудаж цэргийн албанд алба хаасан байна. Цэргээс халагдан ирсэн 1957 онд Миланы La Rinascente нэртэй их дэлгүүрт үзүүлэнгийн цонхны дизайныг янзалдаг хүнээр бараг 4 жил шахам ажиллажээ. Хожим дурсахдаа түүний ирээдүйн загварын ертөнцөд хөл алхах эхлэл нь энд тавигдсан гэж Армани ярьдаг. “Тэнд ажиллаж байхдаа бид шинэ загварын чиг хандлагыг тандахын тулд Англи орон луу үе үе айлчлах хэрэгтэй байв. Тэнд л би хамаг онгодоо олж авсан. Нэг удаа Английн нэг жижиг дэлгүүрт шар өнгөтэй хөшиг байхаар нь худалдан авч, Итали дахь дэлгүүртээ тавихад хүн бүр л намайг солиотой гэж байв. Учир нь шар хөшиг бол маш гоёмсог, хэт чамин, жинхэнэ Англи стилийн эд гэж тооцогддог байв” гэж нэг удаа тэрбээр дурссан байдаг.
1961 онд дэлгүүрийн ажлаасаа гарч хэдий ямар ч сургууль соёлд явж байгаагүй ч тэр загвар зохион бүтээгчээр Nino Cerruti нэртэй загварын хаузд ажиллах болжээ. 10 гаруй жил уг хаузд урам зориг, бүтээл дүүрэн ажиллан, хувцас, бөс даавууны талаар хангалттай мэдлэгтэй болсон Армани тэндээс гарч чөлөөт загвар зохион бүтээгчээр хэсэг бие даан ажилласан байна. Гэхдээ 1975 оны 7-р сарын 24-нд найз, хамтран ажиллагч Sergio Galeotti-н ятгалгаар өөрийн гэсэн загварын компани болох Giorgio Armani Spa-гаа нээжээ. Компаниа байгуулах санхүүгийн эх үүсвэрээ хуучин Волгсваген машинаа худалдан олж авсан гэх яриа байдаг. Өөр нэг хувилбарт бол хамтран ажиллагч хоёр эхлэлийн 10,000 долларын хөрөнгөтэй байсан ч гэж үздэг.
Анх нээгдсэн цагаасаа л Арманигийн компани маш их ашигтай ажиллаж, эхний жилдээ 1 сая долларын ашиг олсон байна. Энэ бүхэнд урамшсан Армани улам бүр идэвхи зүтгэлтэй ажиллаж, түүнийг амжилт бүтээл даган, дэлхийн хамгийн том, дээд зэрэглэлийн брэндүүдийн нэгийг 1980-аад оны дундуур гэхэд бүтээж чадсан байв. Харамсалтай нь түүний хамтрагч Sergio Galeotti ДОХ-ын улмаас 1985 онд нас барсан нь маш их гарз хохирол болжээ. Galeotti нас барахдаа өөрийн хувьцааг Арманид өвлүүлэн үлдээсэн бөгөөд ганцаараа бүх ажлыг хүчрэхгүй Армани эгч Розанагаа туслуулахаар дууджээ.
Энэ цаг үеэс хойш өдгөө Жиоржио Армани компаний гол хувьцаа эзэмшигч болж, компаниа өргөжүүлэн тэлсээр одоогийн амжилтанд хүрсэн байна.
Жиоржио Арманигийн тухай баримтуудаас:
Сонирхол:
• Интер Милан багийн үнэнч хөгжөөн дэмжигч. Олон тэмцээн уралдаан болон түүнд оролцогч баг, тамирчдыг дэмждэг, хувцсыг нь заримдаа оёдог.
• Хоол. Дэлхий даяар өөрийн гэсэн 14 Emporio Armani-н кафетай. Цаашдаа гал тогооны хэрэгсэлд хөрөнгө оруулж, шинэ шинэ загвар гарган ирнэ гэж төлөвлөдөг.
Түүнийг бусад хүмүүс:
• ажлын хэнээтэй хүн гэж тодорхойлдог
Буяны ажил:
• 2002 онд НҮБ-ийн дүрвэгсдийн асуудлыг хариуцсан сайн дурын амбан сайдаар сонгогдож байсан
• Загвар өмсөгчдийг хэт туранхай байхыг хориглосон анхны загвар зохион бүтээгчдийн нэг
Өргөмжлөлүүд:
• Италийн загварын эцэг гэгддэг
• 2001 онд Форбес сэтгүүл Жиоржио Арманиг Италийн хамгийн баян, хамгийн алдартай загвар зохион бүтээгч хэмээн тодруулж байсан.
Шагналууд:
Neiman-Marcus Award (1979)
• CFDA International Award (1983)
• The semi-annual Italian men"s fashion trade show Pitti Uomo in Florence celebrated in Summer 1996 its 50th fair with a magnificent fashion show called
• "G.A.Story" portaying the life and work of Giorgio Armani. The show concept was developed by well-known opera-director Robert Wilson.
Giorgio Armani S.p.A. компаний үүссэн түүх
Жиоржио Армани болон Сержио Галлеоти нар 1975 оны 7-р сарын 24-нд өөрсдийн хөрөнгөөр хувцас загварын компани болох Giorgio Armani S.p.A.-г байгуулжээ. Анхны жилээ эрэгтэй хүний хувцасны загвар дан гарган, хэрэглэхэд бэлэн байдалтайгаар бүтээдэг байснаа дараагийн жил нь эмэгтэй хүмүүст зориулсан загвараа гаргасан байна.
Компани анхнаасаа л амжилттай ажиллаж, эхний жилдээ 1 сая долларын борлуулалт хийж чадсан байна. 1978 онд GFT (Gruppo Finanziario Tessile) компанитай лицензийн гэрээ байгуулж, Арманигийн төв оффисын байрыг Миланы 21 Via Borgonuovo-д байрлалтай 17-р зууны плазаг бариулахаар болсон нь оффиссоос гадна загварын шоуны тайз, Арманигийн хувийн гэр болжээ.
Дараагийн жил нь 1979 онд Жиоржио Армани АНУ-д өөрийн Жиоржио Армани Корпорацаа байгуулж, энэ үед компани нь дэлхийн тэргүүлэгч загварын хаузуудын тоонд орох болов.
Энэ амжилтын нууц нь Арманигийн зоригтой загварын аз туршсан явдал, уламжлалт эрэгтэйчүүдийн костьюм пиджакны загварыг өөрчилсөн нь гэж зарим нь ярьдаг. Харин эмэгтэйчүүдийн загварын хувьд илүү чөлөөтэй, бага гоёл чимэглэлтэй байдаг. Бусад загвар зохион бүтээгчид түүний загварыг дуурайх гэж оролддог боловч оргиналийг хэзээ ч гүйцдэггүй.