Дэлхийн шилдгүүдийг шигшиж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.12.20-нд нийтлэгдсэн

Дэлхийн шилдгүүдийг шигшиж эхэллээ

2010 он шувтарч буй энэ үед дэлхий нийт, тив, улс орон даяараа салбар салбарын шилдгүүдийг тодруулдаг уламжлалыг дагаж, спортын салбарынхан ч оны туршид бусдыгаа манлайлж, шилдэг нь байж чадсан тамирчдыг нэрлэж эхэллээ.

Месси шилдэг болж чадах уу?

Дэлхийн хамгийн олон хөгжөөн дэмжигч, фанаттай хөлбөмбөгийн спортын оны шилдэг тоглогчид Ballon d’Or-ыг гардуулна. Энэ жилээс эхлэн FIFA-гийн оны шилдэг хөлбөмбөгч болон Европын шилдэг хөлбөмбөгчид олгодог Ballon d’Or шагналыг нэгтгэж, ердөө ганц тоглогчийг дэлхийн шилдгээр нэрлэж, FIFA Ballon d’Or-ыг гардуулах болсон билээ. FIFA буюу Олон улсын хөлбөмбөгийн холбооноос 2011 оны нэгдүгээр сарын 10-нд оны шилдэг хөлбөмбөгчийг зарлах учиртай. Харин эцсийн шатанд “Барселона” клубын гурван тоглогч тунасан нь Лионель Месси, Шави болоод Андрес Иньеста. Шилдэг эмэгтэй хөлбөмбөгчийн шагналд Бразилийн Марта, Германы Лира болон Биргит Принц нар өрсөлдөж байна.

Хар тивийн ширүүн өрсөлдөөн

Түүнчлэн Африкийн хөлбөмбөгийн холбоо нэгдүгээр сарын 10-ны үдэш болох ээлжит чуулганы үеэр тивийнхээ шилдгийг шалгаруулна. Хар тивийн 53 орны шигшээ багийн дасгалжуулагчид, техникийн албаныхны саналаар Дидье Дрогба, Самуэль Эту болон Асамоа Гьян нарын нэг нь Африк тивийн оны шилдэг хөлбөмбөгчийн шагналыг хүртэх бололтой. Гурван довтлогчийн хувьд 2010 онд баг бүртээ шилдэг нь байж чадсан. Кот Д’Ивуарын Дрогба энэхүү шагналын өнгөрсөн жилийн эзэн бөгөөд хоёр удаа хүртэж байсан. Өдгөө 32 настай тэрбээр “Челси”-гийн хамт Премьер лигт түрүүлж, лигийг мэргэн буучдыг 29 гоолтой тэргүүлсэн билээ. Харин Самуэль Эту 2003-2005 оны хооронд дараалан гурван жил Хар тивийн шилдгээр тодорч байсан. “Интер” 2010 оны Аваргуудын лигт түрүүлэхэд тэрбээр багийнхаа түлхүүр тоглогч нь байсан юм. Ганын шигшээ багийн Гьяны тухайд энэ зун “Сандерлэнд”-д ирсэн бөгөөд Ганын шигшээ дэлхийн аваргын шөвгийн наймд шалгарсан нь түүнийг хүчтэй нэр дэвшигч болгож байгаа юм.

Дэвид Рудиша дэлхийн шилдэг хөнгөн атлетикч боллоо

2010 онд олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээн байгаагүй учир ерөнхийдөө нам жим байсан IAAF буюу Олон улсын хөнгөн атлетикийн холбооны оны шилдгүүдээр Кенийн 800 метрийн зайн гүйгч Дэвид Рудиша болон өндрийн харайлтын заалны дэлхийн аварга, Хорватын Бланка Власич нар тодорсон байгаа. Өдгөө 21 настай Рудиша 2010 онд 800 метрийн гүйлтэд дэлхийн дээд амжилтыг хоёр ч удаа шинэчлэн тогтоосон юм. Тэрбээр улирлын туршид 11 тэмцээнд дараалан түрүүлэхдээ өмнөх дэлхийн рекордыг нэг минут, 41,01 секундээр ахиулжээ. Сүүлийн дөрвөн жил дараалан спринтер буюу богино зайн гүйлтийн тамирчин оны шилдгээр тодорсон уламжлалыг ийнхүү Кенийн тамирчин Рудиша эвдсэн юм. Харин Власичийн тухайд 27 настай, 2010 онд нийт 20 тэмцээнд оролцохдоо 18 удаад нь түрүүлсэн чадварлаг тамирчин.

Браво, Надаль

Талбайн теннисний спортын оны шилдгүүдийг ITF буюу Олон улсын талбайн теннисний холбооноос өнгөрсөн долоо хоногт нэрлэсэн. Теннисний дэлхийн аварга тамирчдаар Данийн залуу тамирчин Каролина Возняцки болон Испанийн домог Рафаэль Надаль нар тодорсон юм.

Өдгөө 20 настай Возняцки хэдийгээр “Их дуулга”-ын тэмцээнээс цом хүртээгүй боловч 2010 он гарсаар нийт зургаан тэмцээнд аваргалсан юм. Харин Надаль 2010 оны дөрвөн “Их дуулга”-ын гуравт нь буюу Франц, АНУ-ын нээлттэй тэмцээн болон “Уимбльдон”-д түрүүлж, аваргын цом хүртсэн билээ. Улмаар Надаль “Их дуулга”-ын дөрвөн цувралд бүгдэд нь түрүүлсэн хамгийн залуу бөгөөд түүхэн дэх долоо дахь теннисчин болж, нэрээ мөнхөлсөн билээ. Түүнчлэн тэрбээр олимпийн аварга, Дэвисийн цомын аварга гээд талбайн теннисний спортын гол, том шагналыг бүгдийг нь хүртсэн нэгэн.

Бэлтгэсэн С.Шүр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж