“Эрдэнэс Тавантолгой” компанийг байгуулсны дараа Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/-ийг сонгох ёстой байсан. Гэтэл юун түрүүнд компанийн гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтыг зарласан нь буруу алхам байсан юм. Харин Засгийн газар, ТӨХ-ныхон дүрэм журмынх нь дагуу хийгээгүйгээ гэнэт ухаарсан уу, яасан “Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ-ийг томилж орхив. “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийг есөн хүний бү¬рэлдэхүүнтэй сонгоод байгаа юм. ТУЗ-аа сонгосон болохоор хурлаа хийж гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтын үнэлгээг хэлэлцэнэ. Ингэснээр гүйцэтгэх захирлаа сонгож, “Эрдэнэс Тавантолгой” компанийн үйл ажиллагаа шуудрах тийшээ хандана гэдгийг албаныхан мэдэгдсэн юм. “Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ-ийг ТӨХ-ны дарга Д.Сугар даргалах аж.
ТӨХ-ноос нэлээд хэдэн хүн тус компанийн ТУЗ-д орсон тухай хэлсэн. ТУЗ-д орсон дараагийн эрхэм бол тус хорооны дэд дарга О.Эрдэнэбулган. Тэрбээр 1974 онд Улаанбаатар хотод төрсөн. Монголыг төлөөлөх томоохон компанийн ТУЗ-д багтсан нь хэн хүний анхаарлыг татаж буй. Тэрбээр 1997-1999 онд Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын товчооны дарга, мэргэжилтэн хийж ажлын гараагаа эхлүүлж байжээ. Мөн 2003-2005 онд “Анод” банкны газрын захирал, 2005-2006 онд Сангийн яаманд сайдын зөвлөх хийж байв. Харин энэ оноос ТӨХ-ны дэд даргын албыг хашиж эхэлжээ. Мөн ТУЗ-д ТӨХ-ноос дахин хоёр хүн, гадаадын хоёр иргэн, хараат бус нэг хүн орсон юм. Цорын ганц хараат бус гишүүн бол Ж.Батзандан. Тэрбээр “Эрүүл нийгэм, иргэний хөдөлгөөн”-ийг удирдаж байсан бөгөөд хар өдөр гэгдэх долдугаар сарын 1-ний үйл явдалтай хамгийн их холбоотой хүнээр тодорч байсныг та бүхэн сайн мэдэх биз. Сарьсан багваахай шиг хаана л бол хаана оччихсон байдаг түүнийг “Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ-д багтсанд нь итгэмээргүй юм.
Ямартай ч ТУЗ-д багтсан нь Ж.Батзандангийн улс төрийн карьерийн илэрхийлэл гэлтэй. Мөн ТУЗ-д сонгогдсон дараагийн эрхмүүд бол Сангийн яамны Төсвийн бодлогын газрын Орлогын хэлтсийн дарга Ж.Ганбат, БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын дарга Д.Энхбат нар юм. Харин тэдний талаарх мэдээлэл тийм ч ил тод биш. БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын дарга Д.Энхбат хувь хүн талаасаа үг дуу цөөтэй нэгэн. ТУЗ-ийн гишүүд ямартай ч сонгогдчихлоо. Эдгээр эрхмүүд дэлхийн анхаарлыг татаад байгаа Тавантолгойн бодлогод цаашлаад эх орныхоо эрх ашгийн төлөө ажиллах ёстой. Харин ТУЗ-д орсон хүмүүс үүний төлөө ажиллах чин хүсэл зорилгыг чиг үүргээ болгож ажиллаж чадах болов уу.
Ц.Энхцэцэг.
Зохиогчийн эрх: “Улс төрийн тойм” сонин.