Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа тусгай хууль мөрдөнө

Хуучирсан мэдээ: 2010.12.20-нд нийтлэгдсэн

Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа тусгай хууль мөрдөнө

Өнгөрөгч баасан гаригийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын  гишүүн Ө.Энхтүвшин, Ч.Сай­хан­билэг нарын есөн гишүүн санаач­­­­­­лан боловсруулж  Их Хуралд 2010 оны  10 дугаар сарын 15-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн төс­лийн анхны хэлэлцүүлгийг  хэлэлц­лээ.

Гишүүд хэлэлцүүлгийн үеэр Үндсэн хуулийн зарим заалт, Үндсэн хуулийн үзэл баримтлалын талаар асуултууд тавьж байсан тул хууль санаачлагчид хуулийн төслийг танилцуулсан бөгөөд Үндсэн хуульд яг тийм өөрчлөлт оруулах тухай биш, хуулийг хэрхэн өөрчлөх тухай хуулийн төсөл болохыг тайлбарлав. Мөн Үндсэн хуулийн зарим зүйл, хэсэг, заалтад нэмэлт, өөрчлөлт оруулахын тулд  уг нэмэлт, өөрчлөлтийг тодорхой ямар дэгийн дагуу хэлэлцэн шийдвэрлэх ёстойг хуульчлах зайлшгүй шаардлагыг харгалзан энэхүү хуулийн төслийг санаачилсан гэдгээ хэлэв. Уг хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар гишүүд саналаа хэлсэн байсан тул анхны хэлэлцүүлэг дээр эсрэг байр суурь төдийлэн гараагүй байна.
Ингээд хуулийн төслийн талаар Төрийн байгуулалтын байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүн Н.Ганбямба, Д.Балдан-Очир нар байнгын хорооны даргаас асуултандаа хариулт авсны дараа байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй 45 саналын томъёоллоор санал хураалгасан байна.

Хуулийн төслийг хэлэлцэх явцад Байнгын хорооны саналын дагуу зарим заалтыг хассан байна. Үүнд “хэлэлцүүлгийг тасралтгүй явуулна. Хуулийн төслийг чуулган нэгэнт хэлэлцэж эхэлсэн бол эцсийн шийдвэр гартал УИХ өөр хууль хэлэлцэхгүй”, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт нь хүн амын ялангуяа сонгуулийн эрх бүхий иргэдийн улс төрийн хүсэл зоригт нийцсэн байх, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал, төсөлд холбогдох Үндсэн хуулийн бүлэг, зүйл, хэсэг, заалтын үзэл баримтлалаар УИХ нэгдмэл ойлголтод хүрсэн байх зэрэг хатуу заалтууд багтсан аж. Түүнчлэн “байнгын болон нэгдсэн хуралдаанд санал хураалтыг асуудлын шинж, нөхцөл байдлыг харгалзан илээр, эсхүл нууцаар хурааж болох бөгөөд аль хэлбэрээр санал хураалгахыг хуралдаанд оролцсон нийт гишүүний олонхын саналаар шийдвэрлэнэ” гэх заалтыг ч мөн хассан байна.

Хөндөж болохгүй заалтаас хасах санал гаргав

Монгол Улсын Үндсэн хуульд “Мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна” хэмээн заасан байдаг. Чуулганы хуралдаанаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг хэлэлцэхэд “хөндөж болохгүй заалт” хэмээх ангилал орж ирсэн бөгөөд энэхүү хэсэгт дээрх “мал үндэсний баялаг” болох заалтыг багтаахаар ажлын хэсгийнхэн боловсруулсан байна. Энэхүү хэсэг нь Үндсэн хуулийн үндсэн заалтыг хөндөхгүй байхтай холбоотой бөгөөд ямар ч тохиолдолд өөрчлөлт хийхийг хориглох тухай юм.

Энэ талаар Байнгын хорооны хуралдаан дээр Д.Одхүү нарын гишүүд эсрэг санал гарган хөндөж болохгүй хэсгээс “Мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна” гэх заалтыг хасах нь зүйтэй хэмээн санал оруулсан боловч дэмжигдэлгүй цөөнх болсон аж.

Цөөнх болсон гишүүн хуулийн дагуу чуулганы хуралдаанд саналаа оруулан хэлэлцүүлдэг бөгөөд “Манай Үндсэн хуульд хүнээ тэр бүр дээдлээгүй атлаа мал төрийн хамгаалалтад байна гэж заасныг дараа үеийнхэн маань хэзээ нэг цагт өөрчилж болох юм. Гэтэл Үндсэн хуулийн тэр заалтыг хөндөхгүй гээд энэ хуулийн төсөлд тусгачихаж болохгүй учраас цөөнх болсон” гэж тайлбарлав. Мөн Ч.Сайханбилэг “малын тухай өөр нэг хэсгийн заалтыг тэнд нэмж оруулах нь зохимжгүй гэж үзсэний үндсэн дээр ийм санал гаргасан, түүнээс мал төрийн хамгаалалтад байх тухай заалтыг хасах гэсэн санаа биш гэж хэллээ.

Р.Раш гишүүн бухимдав

Хөндөж үл болох хэсэгт “мал сүрэг төрийн хамгаалалтад байна” гэх заалтыг нэмэх санал гаргасан гишүүн Р.Раш “Үндсэн хуулийг анх батлах үед мал төрийн хамгаалалтад байна гэсэн энэ санал нэлээд маргаан дагуулж дийлэнх олонхын саналаар дэмжигдэж байсан юм. Уул уурхайн нөөц хэзээ нэг цагт дуусна, харин монгол мал өсч үржсээр байх болно. Ер нь биднийг дэлхийд таниулж байгаа нүүдлийн соёл иргэншил, мал хоёроо адалж болохгүй. Энэ бол Монгол оршин тогтнохын үндэс юм” гээд ажлын хэсгийн санал дээрээ хатуу зогсч буйгаа хэлэв. Ингээд санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон 41 гишүүний 24 нь байнгын хорооны саналыг дэмжээгүй тул цөөнхийн санал дэмжигдсэн байна.

Өөрчлөн найруулав

Мөн хуулийн төслийн зарим заалтыг өөрчлөх, өөрчлөн найруулах талаар гишүүдээс гаргасан саналыг хэлэлцэж шийдвэрлэв. Тухайлбал, хуулийн төслийн зүйл заалтуудыг дараах байдлаар өөрчлөн найруулсан байна. Үүнд “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай энэхүү хууль Монгол Улсын Үндсэн хуулийг бүхэлд нь хянан үзэж шинээр батлахтай холбогдсон харилцааг зохицуулахгүй, Хуулийн төслийг батлахдаа гурван хэлэлцүүлгээр шийдвэрлэнэ, УИХ-ын нийт гишүүний дөрөвний гурваас доошгүйн саналаар төслийн зүйл, хэсэг, заалт тус бүрээр санал хураана” гэж найруулав. Түүнчлэн “санал хураалтын дүнтэй санал нийлээгүй гишүүн нэг удаа үндэслэл, шалтгаанаа тайлбарлаж санал хураалгах эрхтэй. Хэрэв санал нь батлагдвал уг зүйл, хэсэг, заалтын найруулгыг сонсож, дахин санал хураалгана. Харин гишүүн, цөөнх хоёрдугаар хэлэлцүүлгээр батлагдсан саналаасаа зөрүүтэй болон өөр зүйл, хэсэг, заалт нэмэх санал гаргаж болохгүй” гэж өөрчлөн найруулахаар боллоо.

Эрчим хүчний сайд асуулгад хариулав

УИХ-ын гишүүн Ц.Батбаяраас “Улаанбаатар хотод 5 дугаар дулааны цахилгаан станцыг барих ажлын хэрэгжилт болон нийслэлийн авто замын засвар, арчлалт, шинээр авто зам барих ажлын явц байдлын талаар Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан асуулга”-ын талаар хариу сонссоноор үдээс хойшхи чуулганы хуралдаан эхэллээ.

Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт танилцуулгадаа “Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын багцад 2010 онд 52.2 тэрбум төгрөг батлагдсан бөгөөд үүнээс дулааны цахилгаан станц, дулааны шугам сүлжээнд 15.4 тэрбум, цахилгаан дамжуулах шугам, дэд станцад 21.9 тэрбум төгрөг ноогдож байна. Эдгээр санхүүжилтийн 87.3 хувь нь шинээр эхлэх ажлуудад, 12.7 хувь нь урд оноос шилжиж байгаа барилга байгууламжийг ашиглалтанд оруулахад зарцуулагдаж байгаа. Дараагийн цахилгаан станцыг хаана хэрхэн барих талаар мэргэжлийн судалгаа тооцоог хоёр сард хийж дуусна. Дулааны цахилгаан станцийг Багануурын уурхайд түшиглэн барих нь зүйтэй гэх санал, тооцоолол бий. Тавдугаар цахилгаан станцийг барих талаар манай талаас шалтгаалахгүйгээр хойшилж буй зүйлүүд ч байна” гэв. Мөн авто замын талаар “шинээр барьж ашиглалтад оруулсан зам дөрөв бий. Түүнчлэн одоогоор нийт зургаан замыг шинээр тавьж байгаа. Засвар шинэчлэл хийж буй замууд хотод нэлээдгүй” байгаа талаар танилцуулсан бөгөөд гишүүдийн асуултад хариулт өгсөн байна.

Б.МАНДАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж