Н.Алтанхуягийн алдсан барьц юунд хүргэх бол?

Хуучирсан мэдээ: 2010.12.20-нд нийтлэгдсэн

Н.Алтанхуягийн алдсан барьц юунд хүргэх бол?

Намын даргаа огцруулах шаардлагыг тавиад байгаа “Ээлжит бус их хурлын төлөө” хөдөлгөөнийхний эл алхам даргадаа дургүй хэсгийнхний загатнасан газар маажсан бол нөгөө талд нь Н.Алтанхуяг даргад таалагдах гэсэн хэсэгт аятайхан далим гаргаж өгчихөөд байна.

Ардчилсан намын дарга Н.Алтанхуягийг огцруулах шаардлагыг хэсэг гишүүд нь өргөн барьсныг эс тооцвол энэ намын амьдрал гаднаасаа бол хэвийн харагдана. Гэхдээ даргыг огцруулах шаардлагыг юманд эс тооцохын аргагүй нөхцөл байдал дотоодод нь үүсээд буй бололтой. Уг нь Н.Алтанхуягийг огцруулах гэсэн шаардлага энэ удаад хол явахгүй гэж харагдаж байгаа ч гишүүдийн дундах сонирхлын зөрчлүүд түүгээр өдөөгдөн дэвэрч мэдэхээр болжээ.

Яг одоо бол намын даргаа огцруулах шаардлагыг тавиад байгаа “Ээлжит бус их хурлын төлөө” хөдөлгөөнийхний эл алхам даргадаа дургүй хэсгийнхний загатнасан газар маажсан бол нөгөө талд нь Н.Алтанхуяг даргад таалагдах гэсэн хэсэгт аятайхан далим гаргаж өгчихөөд байна. Үүгээр дөрөөлөн дараа дараагийн улс төрийн алхам хийх гэсэн сонирхлуудад гишгүүр бэлтгэгдчихээд байгаа нь л Ардчилсан намд асуудал үүсгээд байна. Түүнээс биш Н.Алтанхуяг даргыг огцруулах гээд байгаа үндэслэл нь шальтай зүйл биш.

Ээлжит бус их хурлын төлөө хөдөл­гөө­нийхөн тухайн үед зорилгодоо хүрч чадаа­гүйдээ шаралхан намын даргаа огцруулах амбициар шууд цэнэглэгдсэн бол уг нь өөр хэрэг. Гэтэл намынхаа Ерөнхий нарийн бичгийн даргатай санамж бичигт гарын үсэг зуралцан “Намын ээлжит их хурлыг 2012 оны сонгуулийн өмнө хуралдуулах, энэ үеэр батлагдах Монгол хүн-2020 хөтөлбөрийг боловсруулахад оролцох, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг ГЗ-өөр дамжуулан УИХ дахь АН-ын бүлэгт санал болгох” зэрэг асуудлаар ойлголцолд хү­рээд байсан тус хөдөлгөөнийхөн гэнэтхэн Н.Алтанхуяг даргыг огцруулах шаардлага гаргахдаа тулсан нь “инээд хүрмээр” шалт­гаан­тай. Учир нь ээлжит бус их хурлын төлөө хөдөлгөөнийхний гарын үсэг зурсан санамж бичгийн талаар огт мэдэхгүй гэдэг үгийг Н.Алтанхуяг хэвлэлд өгсөн ярилцлагадаа унагасан нь огцруулах шаардлагын үндэслэл болсон гэхээр олон хүнд хөгийн санагдана. Өөрсдийг нь үгүйсгэсэн хандлага, өмнө нь тэдэнд гаргасан эвгүй ааш зэрэг нь намын даргыг огцрох ёстой гэдэг байр сууринд хүргэсэн гэж Ээлжит бус хөдөлгөөнийхөн ойлгуулж байгаа. Өмнө нь тус хөдөлгөөний нөхдүүд шууд нэвтрүүлэгт оролцох гэж байхад нь намын дарга тухайн телевизийн удирдлагад нөлөөлөн болиулсан гэх яриа ч гадуур явж байна.

Ээлжит бус их хурал хийх ёстой гэдэг асуудал, үүний төлөө байгуулагдсан хөдөл­гөө­нийхнийг дүрмийн хүрээнд ажил­луулах голдрил руу оруулаад явж байсан дээрх санамж бичиг уг нь буруу ч зүйл байгаагүй. Тэгэхээр намын даргын хувьд өөрийг нь баалахад бэлэн хэсэг байгааг мэдсээр байж дэмий шахам зүйл дээр барьц өгчихсөн бололтой.

Дүрмийн бус шалтгаан, шаардлагаар намын даргыг огцруулах ч үгүй биз, шаард­лага тавиад буй нөхдийн өлсгөлөн зарлана гэдэг хүчирхийллийн хэлбэр ч оновчгүй сонголт болж таарах байх. Энэ үйл явцын эцэст ямар хариулт гарах нь уг нь тодорхой мэт боловч намын дотоод дахь олон талын сонирхол, зөрчлүүдийг өдөөж, эхэлсэн зорилгоосоо өөр зорилго руу чиглэчихэж магадгүй байгаа нь л удирдлагуудад ашиггүй нөхцөл үүсгэв бололтой.

                                                                                  З.БОРГИЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж