Тавантолгойн нөөцөөс хэр хэмжээгээр гадаадын хөрөнгө оруулагчдад өгч, иргэдэд хэдийг нь хуваах вэ гэдэг ойлгомжгүй, мэдээлэлгүй байгаа эл байдал нь асуудлыг хяналтын гадна гаргаж буй. Гэтэл “чоно борооноор” гэдэг шиг баяртай давхцуулан гадаадын хөрөнгө оруулагчийн тендерийг зарласан нь байдал бүүр ч хяналтаас гарахад хүргээд байна.
Аливаа маргаантай, халуун асуудлыг ямар нэг баяр, наадам, амралттай давхцуулах замаар “булхайгаа” нуух байдлаар шийддэг жишиг хэдийнэ тогтсон. Тавантолгойн хөрөнгө оруулагчийн асуудлыг ч гэсэн ийм жишгээр шийдэх гэж байгаа нь тодорхой байна. Стратегийн хөрөнгө оруулагчийг яаран шалгаруулж, урьдчилгаа төлбөр авах нь мэдээж төсөв нь алдагдалтай, улс төрийн том амлалттай эрх баригчдад л ашигтай. Ирэх оны төсвийн төсөлд Тавантолгойн хөрөнгө оруулагчаас урьдчилгаанд 250 сая ам.доллар авахаар төлөвлөөд байсан юм.
Сонгуулийн өмнөх жил болох 2011 ондоо багтаж, иргэн бүрт 1.5 сая төгрөг олгох амлалтынхаа ард гарах гэсэн эрх баригчид “Хүний хөгжил сан”-гаас 805 тэрбум төгрөгийг үүндээ зарлагадахаар болсон. Уг сангаас гарах 805 тэрбум төгрөгийг хэрхэн босгох нь ч тодорхойгүй, өөрөөр хэлбэл эх үүсвэргүй мөнгийг зарлагадахаар хуульчилсан. Одоо энэ амлалтынхаа ард гарахын тулд Тавантолгойн ордыг гадаадынханд яаран атгуулж байх магадлалтай юм.
Өмнө нь Тавантолгойн хөрөнгө оруулагчийн тендерийг Засгийн газар зарлаж, 11 компани саналаа ирүүлээд байсан ч цуцлагдаж байсан. Монголын дотоодын аж ахуйн нэгж, компаниуд Тавантолгойн ордыг ашиглахад шаардлагатай хөрөнгийг гаргаж, хамтран ажиллах эрмэлзлээ илэрхийлэн тэмцэл өрнүүлж, дээрх шийдвэрийг нь хүчингүй болгуулж байсан билээ. Үүний үр дүнд Тавантолгойн ордыг түшиглэн иргэд, дотоодын аж ахуйн нэгжүүдийн оролцоотой хувьцаат компани “Эрдэнэс Тавантолгой” компани байгуулах шийдвэр гарсан гэж олон нийт ойлгодог. Харин одоо иргэд болон аж ахуйн нэгжүүдэд олгох хувьцаагаа ямар үнээр нэрлэх, ямар журмаар өгөх асуудалд ахицтай хариу гараагүй байхад “Эрдэнэс Тавантолгой” компанитай хамтран ажиллах гадаадын хөрөнгө оруулагчийг шалгаруулах болоод байна. Ингэснээр иргэдэд ногдох хувьцааны үнэ цэн, өгөөж буурах магадлалтай юм. Тэрчлэн “Эрдэнэс Тавантолгой” компанийн дүрэм журам, эзэмших хөрөнгө, үнэ цэнийн үнэлгээ тодорхойгүй байгааг ч сануулах ёстой байх.