Дорнодын залуус сагсан бөмбөгөөр өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2010.12.19-нд нийтлэгдсэн

Дорнодын залуус сагсан бөмбөгөөр өрсөлдөнө

Дорнод аймгийн оюутан залуучуудын спортын 2-р наадам маргааш Спортын төв ордны А зааланд нээлтээ хийх гэж байна. Оюутан, залуучуудын Спортын 2-р наадмын анхны тэмцээн 20, 21-ний өдрүүдэд Спортын төв ордонд үргэлжилж, оюутан залуучууд сагсан бөмбөгийн төрөлд ур чадвар сорин өрсөлдөх гэж байна. Тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар Дорнод аймгийн Оюутан залуучуудын нэгдсэн холбоо, МҮОНТ-ийн Уран бүтээлийн IV нэгдэл ажиллаж байгаа бол ерөнхий ивээн тэтгэгчээр “Монголын алт” корпораци, “МАК” сан оролцож байна. Тэмцээнд одоогийн байдлаар Дорнод аймгийн 13 сум болон аймгийн төвийн арван жилийн дунд сургуулийг төгсч, нийслэл Улаанбаатар хотноо их, дээд сургууль, коллежид суралцаж байгаа оюутнууд, ажиллаж амьдарч байгаа залуучуудаас бүрдсэн 30 гаруй багийн тамирчид оролцохоор бүртгүүлээд байна.

Анхны тэмцээнийг 2009 оны есдүгээр сард мөн Спортын төв ордны А танхимд зохион байгуулж, Дорнод аймгийн Засаг дарга Ц.Жанлав түүний Тамгын газрын хамт олон, дорнодчууд ивээн тэтгэж явуулсан билээ. Монгол Улсын Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одонт, Цэргийн гавьяаны улаан тугийн одонт Дорнод аймгийн Оюутан, залуучуудын спортын II наадмын албан ёсны нээлтийн ёслол маргааш 14.00 цагаас Спортын төв ордны А танхимд эхэлнэ. Энэ үеэр нийгмийн бүхий л салбарт амжилттай ажиллаж байгаа Дорнодын алдартнууд сагсан бөмбөгийн нөхөрсөг тоглолт хийнэ. Нөхөрсөг тоглолтод Дорнод аймгийн харьяат УИХ-ын гишүүд, бизнесмен, урлаг, спортын алдартнууд оролцоно.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж