Хятадуудад зодуулсан цагдаад 5 сая төгрөг өгчээ

Хуучирсан мэдээ: 2010.12.19-нд нийтлэгдсэн

Хятадуудад зодуулсан цагдаад 5 сая төгрөг өгчээ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутагт Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын лабораторийн барилга дээр ажиллаж  байсан БНХАУ-ын иргэдэд зодуулсан цагдаа  нарын эмчилгээний зардалд тус бүр 5 сая төгрөг өгчээ. Хан-Уул дүүргийн Хөдөлгөөнт эргүүлийн цагдаа н.Алтансүх толгой руугаа арматур төмрөөр цохиулсны улмаас тархинд цус харвалт үүссэн аж. Өвчнөө эмчлүүлэхээр гурван сараас дээш хугацаагаар ажлаа хийхгүй бол цагдаагийн байгууллагаас групп тогтоож ажлаас нь чөлөөлдөг  байна. Тиймээс гэмтэл нь эдгээгүй ч буцаад ажилдаа оржээ. Тэрбээр шөнө унтаж чадахгүй, тогтмол эм уудаг болсон байна. Түүнтэй хамт байсан цагдаагийн алба хаагчийн биеийн байдал сайнгүй, удаан алхаж чадахгүй болжээ. Харин цагдаа, хамгаалалтын ажилтнуудыг зодож  биед нь хүнд гэмтэл учруулсан хятад иргэдийг нутаг буцаасан юм. Монгол улс 1989 онд Хятад улстай “хоёр улсын хооронд иргэний болон эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээ” байгуулж, гарын үсэг  зуржээ. Уг гэрээний дагуу Лю Кай Мин нарын есөн хүнд холбогдох хэргийг өмнөд хөршийн хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн байна. Гэвч нутаг нэгтнээ өмөөрч зодоонд оролцсон 10 гаруй хүнд мөнгө атгуулж, гомдолгүй гэсэн бичиг хийлгэсэн гэх  мэдээлэл бий. Түүнчлэн Мэргэжлийн хяналтын газрын лабораторийн барилгыг Хятад улсын 100 хувийн хөрөнгө оруулалттай барьж байгаа учир хэргийг нам дарж байна гэх яриа ч байгаа юм.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж