Сайтуудын ”Сэтгэгдэл” хэмээх дайсан
Нэгэн
түр журам гарч, энэ оны арванхоёрдугаар сарын 1-нээс хэрэгжиж
эхэлсэн ажээ. Энэ бол Харилцаа холбооны зохицуулах хорооноос
гаргасан “Харилцаа холбооны сүлжээгээр вэб сайтын үйлчилгээг эрхлэхэд
баримтлах түр журам” юм. “УИХ-ын 2010 оны 48 дугаар тогтоолын
хавсралтаар батлагдсан Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл
баримтлалын болон Монгол Улсын Харилцаа холбооны тухай хуулийн зарим
заалтуудыг үндэслэн иргэн, хуулийн этгээд нь харилцаа холбооны
сүлжээгээр вэб сайтын үйлчилгээг эрхлэхтэй холбогдсон харилцааг
зохицуулах” гэсэн зорилго бүхий энэ түр журам үнэн хэрэгтээ мэдээллийн
портал сайтуудын мэдээ мэдээллийн дор хэрэглэгчийн үлдээдэг сэтгэгдлийг
хязгаарлах зорилготой юм.
Орчин цагийн дэлхий нийтийн амьдралын
хэм хэмжээ болсон интернэтийн сүлжээгүйгээр аль ч улс орны иргэд ажил
амьдралаа төсөөлөхөө нэгэнт больж, интернэт ашиглах эрх нь хүний
үндсэн эрхийн нэгэнт тооцогдож, энэ шалгуураар тухайн улс орны
хөгжлийг тодорхойлдог болоод байна.
Сонин, сэтгүүл, телевиз,
радио гэсэн уламжлалт мэдээллийн хэрэгслүүдээс интернэтийн сүлжээ
ашиглаж мэдээлэл түгээж буй вэб сайтууд нь өмнө хаа ч, хэзээ ч
байгаагүй амьд холбоог үүсгэж байгаагийн нэг нь сэтгэгдэл хэмээх
хэлбэр юм. Тухайн сайтад нийтлэгдсэн мэдээ нийтлэлийн дор хэрэглэгч
өөрийн байр суурийг илэрхийлэн, бусадтай амьд харилцаа үүсгэж
байгаагаараа Хүний эрхийн түгээмэл тунхаглал болон улс орон бүрийн
Үндсэн хуулийн суурь заалт болох үзэл бодлоо илэрхийлэх эрхээ эдлэх
боломжийг олгож байгаа нь юугаар ч сольшгүй эрх чөлөө юм.
“Хориотой жимс амттай”
Монголчуудаас
түрүүлэн мэдээллийн портал сайтуудыг ажиллуулсан улс орнууд мэдээж
биднээс өмнө сэтгэгдэл хэмээх хааж боож чадахгүй зүйлтэй учирсан. Улс
орнууд тухай бүр нь янз бүрээр сэтгэгдэл хэмээх зүйлтэй тэмцэхийг
оролдсоор ирсэн ч үр дүнд хүрсэн нь ховор. Ирсэн сэтгэгдлийг шүүн үзэж
боломжтой гэснийг нэвтрүүлэх, хараалын болон бусдыг гутаасан үгийг
хэрэглэсэн тохиолдолд тухайн хэрэглэгчийн сэтгэгдэл сайтад автоматаар
нэвтрэх боломжгүй болгох, эсвэл шууд хаах гэсэн хэлбэрүүдийг дэлхийн
улс орнууд өнөөдөр ашиглаж байна. Гэхдээ шууд хаах гэсэн хэт
туйлширсан хувилбарыг сонгосон нь хуруу дарам. Хорьсон, хаасан болгон
үр дүнгээ өгдөгсөн бол аль хэдийнэ бүх портал сайтууд сэтгэгдлээ
хаачихсан байх нь ойлгомжтой. “Хориотой жимс амттай” хэмээн ярьдаг нь
нуусан, хаасан болгоныг нүдээр үзэх, барьж үзэх, амтлах гэсэн хүний
төрөлхийн араншингийн илрэл юм.
Монгол сэтгэгдэл
Мэдээж
монгол сэтгэгдэл гэсэн томъёолол хаана ч байхгүй. Дэлхийн бусад улсын
иргэдийн нэгэн адил монголчууд өөрсдийн бодож санадаг, сонссон
дуулсан боловч итгэхгүй байгаа, магадгүй сонссоноо үнэн гэдэгт итгэж
байгаа тэр үнэнийг хэлэхгүй байгаа хүмүүст зориулж сэтгэгдэл үлдээх нь
бий.
Монголын мэдээллийн сайтын хэрэглэгчийг 100 хувь гэж
үзвэл эдгээрийн 10 хувьд хүрэхгүй хүмүүсийн нэр холбогдсон мэдээ,
нийтлэлийн дор Харилцаа холбооны зохицуулах хорооны “зохицуулах”
гээд байгаа сэтгэгдлүүд үлддэг юм. Өөрөөр хэлбэл, өөрсдийгөө улстөрч
хэмээн нэрлэдэг, нэрлэхийг хүсч байгаа цөөн тооны хүмүүстэй холбоотой
сэтгэгдэл зонхилдог. Уг нь ч зөв шударга хүнийг улайм цайм гүтгэн бичсэн
нь өдрийн од мэт байдаг гэдгийг энэ дашрамд хэлээд авахад илүүдэхгүй.
Бас “хулгайч л хулгайчийг бариарай гэж хашгирдаг” гэсэн үг байдгийг ч
хавчуулахад гэмгүй.
Мэдээж зохицуулалт шаардлагатай газар
зохицуулах нь төрийн үүрэг. Гагцхүү зохицуулалт тодорхой зорилготой
байгаа нь анхаарал татаж байна. “Энэ бол 2012 оны парламентын
сонгуулийн угтал” хэмээн Харилцаа холбооны зохицуулах хороо хүлээн
зөвшөөрч байгааг, мөн энэхүү журам нь Ерөнхий сайдын захирамжаар
хийгдэж байгааг ч хэлэх нь зүйтэй. Бас энэхүү журмыг сэмхэн баталж,
мөрдүүлсэн гэж байгаа. Мөн Харилцаа холбооны зохицуулах газар тухайн
сэтгэгдэл хэн нэгнийг доромжилсон гэдгийг нотлоод тухайн сайтыг түр
хугацаагаар хаах мэдэгдэл өгнө гэсэн байгаа. Монгол Улсад хууль
зөрчсөнийг тогтоодог нэг л субъект байдаг, тэр нь шүүх гэдгийг мэдэх юм
байна.
Энэхүү түр журмыг мэдээллийн портал сайтуудын зүгээс
хэрэгжилтийг нь түдгэлзүүлэх саналаа Харилцаа холбооны зохицуулах
хороонд тавиад байгаа бөгөөд хэрхэн яаж шийдэгдэх нь одоогоор
тодорхойгүй. Юмыг яаж мэдэхэв төр төмөр нүүрээ харуулна гэвэл өдөржин
сэтгэгдэл уншиж, бас бичиж, нэг нэгнийхээ муу муухайг дуудалцдаг
төрийн албан хаагчид ашгүй нэг ажлаа хийх завтай болох нь.
Тоон дотор үсэг
Төрөөс
гөрч байгаа бодлогын болоод хөгжлийн гол гол асуудлууд хөшигний ард,
улстөрчдийн ханцуйн дотор явагддаг болж, үүнийгээ хэвлэлийн
байгууллагуудад мөнгө төлөн амыг нь барьж байгаа энэ үед сайтын
сэтгэгдэл нь “бодит” мэдээлэл олж авах нэг суваг болоод байгаа нь түр
журам мэндлэх болсон бас нэг шалтгаан гэж хэлж болно. Өнгөрсөн
долдугаар сард Тавантолгойн ордыг ашиглах тухай УИХ-ын тогтоолын төсөл
батлагдахаас сарын өмнөөс хэвлэлүүд энэ тухай ус балгасан мэт дуугай
болсныг санаж байгаа байх. Хэвлэл мэдээллээр мэдээлэх бололцоогүй
зүйлээ сэтгэгдлээр тараадаг жишиг ч байгаа. Өөрөөр хэлбэл,
сэтгэгдэл дотор сониныхны “хадаас” мэдээ цохиж явдаг юм. Түр журам
маань хууль болон томорно гэдгийг ч Харилцаа холбооны зохицуулах
хорооны удирдлага нуухгүй, итгэлтэй нь аргагүй сэтгүүлчдэд мэдэгдэж
байгаа нь журмын зорилго юунд чиглэснийг харуулж байна.
Уг
мэдээллийн сайтууд өнөөг хүртэл Монгол Улсын хууль тогтоомж болон
сэтгүүл зүйн зарчмын дагуу ажиллаж, хэрэглэгчийн үүсгэсэн контент
буюу сэтгэгдлийг өөрсдийн арга хэлбэрээр зохицуулсаар яваа. Яагаад
заавал Харилцаа холбооны зохицуулах хороо үүнд хутгалдан орж, хэвлэлийн
эрх чөлөөнд халдахаар зэхэж буйг асуумаар байна. Ерөнхий сайдын шууд
эрх мэдлийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг Харилцаа холбооны
зохицуулах хороо нь онцгой статустай хэмээн өөрсдийгөө тодорхойлж буй.
Тухайлбал, “өмчийн бүх төрлийн аж ахуйн нэгж, иргэн харилцаа холбооны
зах зээлд үр ашигтай, шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх, тусгай
зөвшөөрөл олгох, мэргэжлийн дүгнэлт, зөвлөмж, шийдвэр гаргах үүрэг
бүхий байгууллага мөн” гээд “Харилцаа холбооны зохицуулах хорооны
үндсэн зорилго нь Хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, харилцаа холбооны
талаар төрөөс баримталж байгаа бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах,
тусгай зөвшөөрөл олгох, түүнийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох, радио
давтамжийн зурвасыг хуваарилах, дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөө
боловсруулж хэрэгжүүлэх, үйлчлэгч, хэрэглэгчдийн эрх ашгийг
тэнцвэртэй хамгаалах, бүх нийтийн үйлчилгээний үүргийн хэрэгжилтийг
хангуулах, үйлчлэгчийн шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэхэд оршино”
хэмээн байгууллагынхаа сайтад танилцуулсан байх юм.
Д.НАРАНТУЯА