“Интер”, “Баейрн Мюнхен” дахин халз тулна

Хуучирсан мэдээ: 2010.12.18-нд нийтлэгдсэн

“Интер”, “Баейрн Мюнхен” дахин халз тулна

Европын хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн хасагдах шатанд шалгарсан 16 багийн сугалаа өчигдөр Швейцарийн Ньон хотноо байрлах UEFA-гийн төв байранд болж өнгөрлөө. Дүрэм ёсоор хэсгээ манлайлсан найман багийг жагсааж, хэсгээсээ хоёроор шалгарсан багуудын сугалаа эхлээд болсон. Тэд эхний тоглолтыг талбайдаа хийх бөгөөд хариу тоглолтоо айлын талбайд зочлон хийх болно.

Энэ улирлын Аваргуудын лигийг чимэх гол тоглолт “Интернациональ Милано” болон “Баейрн Мюнхен” багуудын хооронд өрнөх бололтой. Өнгөрсөн жилийн финалд учирсан хоёр баг энэ удаад шөвгийн 16-д учраа таарсан бол 2009 оны аварга “Барселона” болон Английн “Арсенал” багууд дахин нүүр тулах нь ээ.

Аваргын төлөө “Бавария”-г хожсоноор Европ тивийн аварга болж байсан “Интер” дахин Германы багтай халз тулах болж байна. Рафаэль Бенитезээр удирдуулсан “Нераззури” А хэсгээс хоёроор шалгарсан бөгөөд тэдний “шагнал” нь Е хэсгийн ялагч “Баейрн Мюнхен” болж байна. Долоон сарын өмнө Мадрид хотноо хоёр баг таарч тоглоход Диего Милитогийн хоёр гоолын ачаар италичууд Европын тэргүүн цомыг гурав дахь удаагаа хүртсэн билээ.

Мөн өнгөрсөн жил учирч байсан хоёр баг дахин таарсан нь “Барса” болон “Арсенал”. 2006 оны финалд тоглож байсан хоёр баг хамгийн сүүлд өнгөрсөн жил шөвгийн наймд таарахад “Барса” илүүрхсэн билээ. Эхний тоглолт 2:2 харьцаатай тэнцээд байсан бөгөөд хариу тоглолтод Каталоны баг 4:1-ээр хожиход бүх гоолыг Лионель Месси оруулж, покерийн эзэн болж байлаа.

Зургаан улирал дараалан шөвгийн 16-гаас мултарсан Испанийн эзэн хааны “Реал Мадрид” баг өнгөрсөн жил ялагдаж байсан Францын “Олимпик Лион”-той дахин учрах болж байна. “Онцгой нэгэн” хочит Жозе Моуриньогоор удирдуулсан тэдэнд даагаа нэхэх сайхан завшаан тохиосон гэж болно. Түүнчлэн Буурал тивийн долоон удаагийн аварга “АС Милан” Аваргуудын лигт шинээр хөл тавьсан “Тоттенхэм Хотспур”-тай тоглох бол Францын аварга “Олимпик де Марсель” 2008 оны аварга, удаахь жилийн дэд аварга “Манчестер Юнайтед”-тай тоглохоор сугалаа таарчээ. Мөн 2000 болон 2001 онд финалдаж байсан Испанийн “Валенсия” Германы “Шальке 04”-тэй таарсан бол Английн “Челси” энэ удаад азтай байж, хэсгийн шатнаас шалгарсан анхны Данийн баг болох “Копенгаген”-тай тоглохоор болоод байна. Түүнчлэн шөвгийн 16-д анх удаа хөл тавьж буй “Шахтёр Донецк” Италийн “Рома”-тай тоглох юм.

Аваргуудын лигийн шөвгийн 16-гийн эхний тоглолтууд хоёрдугаар сарын 15, 16 болон 22, 23-ны өдрүүдэд болох бол хариу тоглолтууд гуравдугаар сарын 8, 9 болон 15, 16-ны өдрүүдэд болно.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж