Бэтмений түүх үргэлжилсээр

Хуучирсан мэдээ: 2010.12.18-нд нийтлэгдсэн

Бэтмений түүх үргэлжилсээр

1939 оноос хойш орчин цагийн Робин Гудын гайхалтай түүх  болох  Бэтмений тухай ном, зохиол, комик, кино, телевизийн сериалууд өнөөг хүртэл тасралтгүй гарсаар байгаа. Хамгийн анх 1939 онд зохиолч Билл Фингер, зураач Боб Кэйн нар шударга, аюулгүй, амгалан тайван, элбэг хангалуун нийгмийг хүсэмжлэгч төгс төгөлдөр нэгний тухай комик ном хийхээр шийдсэнээр энэ бүхэн эхэлсэн гэдэг. Зохиолын баатар нь энгийн нэг оптимист биш. Өдөр нь тэрбумтан Брюс Уэйн, шөнө нь Бэтмен хэмээх сарьсан багваахай төрхт нууцлаг баатар болж хувирах тухай тэдний гайхалтай төсөөлөл удсан ч үгүй цаасан дээр амьдарч комик ном хэвлүүлсэн билээ.

Үүнээс хойш Бэтмен хүн бүрийн хүүхэд насных нь мөрөөдлийн баатруудын нэг болж хувирч, гэмт хэрэгтнүүдийн цөсийг  чичрүүлдэг “Gotham City” шөнийн хүлэг баатрын дүрээр тоо томшгүй ном зохиол, хүүхэлдэйн кино, кинонд мөнхөрчээ. 1960-аад оноос эхлэн телевиз, театрын дэлгэцнээ үзэгчдийг цуглуулах болсон ч орчин цагийн Бэтмений тухай бүрэн хэмжээний киног 1989 оноос Холливууд хийж эхэлсэн. Брюс Уэйн буюу Бэтмений тухай хамгийн шилдэг таван кино болон дүрүүдийг бүтээсэн таван жүжигчнийг нэрлэжээ.

Холливуудын 1-4 анги угсран гарч байсан цуврал кинонуудын дунд жүжигчид нь дахин давтагддаггүй, гол болон эсрэг дүрийн жүжигчид хэзээд гайхалтай одод байдаг, ялангуяа эсрэг дүр нь гол дүрээсээ илүү алдартай бүтээгддэг гэдгээрээ өвөрмөц.

5. “Бэтмен Робин хоёр” /1997/

1997 онд найруулагч Жоел Шумахерийн найруулснаар олны хүртээл болсон “Бэтмэн Робин хоёр” киноны Бэтмений дүрийг Холливуудын супер од Жорж Клуни бүтээсэн байдаг. Бусад Бэтменүүдээс ялгаатай нь Жорж Клуни илүү гэгээлэг, илүү сайхан сэтгэлтэй гэнэн цагаахан Бэтмен болсон юм. К Робины дүрийг К О Доннел бүтээсэн бол Арнольд Шварцнейггер, Ума Турман Алиса Силверстоун  нар эсрэг дүрүүдэд тогложээ. Warner Bros-ын энэ кино 238.2 сая долларын ашиг орлого олсон нь киног ямархуу амжилттай бүтээл болсныг илтгэнэ.

4. “Үхэшгүй мөнх Бэтмен” /1995/

Бас л нэгэн гайхамшигтай жүжигчдийн цуглуулга болсон кино. Найруулагчаар нь “Бэтмен Робин хоёр”-ыг найруулсан Жоэл Шумахер ажиллаж продюссерээр нь Тим Бартон ажилласан. Бэтмений дүрд Вал Килмер тоглосон бол хоёр нүүртийн дүрд бас л нэгэн агуу жүжигчин Томми Ли Жонес. Энэ нь юу хэлээд байна вэ гэвэл дээр өгүүлсэн эсрэг дүр нь эерэг дүрээсээ давж гараад байдгийг л баталж буй хэрэг юм. Вал Килмер, Томми Ли Жонес нараар ч дууссангүй, Жим Керри, Николь Кидман, Крис О Доннел нар эгнээнд нь багтжээ. Энэ удаад Warber Bros 100 сая долларыг киног бүтээхэд зарцуулаад 336.5 саяын ашиг халаасалсан байна.

3. “Бэтмений эхлэл” 2005

Х action киноны томоохон одод улиг болж эхэлснээр өөрийн орон зайгаа тэлж эхэлсэн авьяаслаг жүжигчин Кристиан Бэйл энэ удаад Бэтмений дүрд оноогджээ. Майкл Кэйн, Лиам Нисон, Кэти Холмес, Гэри Олдмэн, Морган Фримэн нар энэ удаагийн Бэтменийг үзэгчдэд хүргэхээр авьяаслаг найруулагч Крис Ноланы удирдлага дор нэгэн баг болж ажилласан байна. Warner Bros энэ киногоо бүтээхэд 150 сая долларын зардал гаргасан ба эргээд 373 сая долларын ашиг олж авчээ. Цэвэр ашиг шүү.

Өмнөх ангиудаа бодвол эсрэг дүрийн зонхилол нь алдагдсан гэгддэг. Тиймээс Бэтмений философи илүү тод гарч ирсэн бүтээл.

2. “Бэтмен” ба Майкл Китон /1989/

Нэрт найруулагч Тим Бартоны дээхнэ үед бүтээсэн Бэтменийн энэ кино нь тэр үедээ жинхэнэ супер сенсаци байлаа. Бэтмений дүрийг Майкл Китон бүтээсэн ч эсрэг дүрдээ илүү дарагдсан гэж хэлж болохуйц гэнэ. Учир нь алиалагчийн дүрд алдарт Жек Николсон тоглосон шүү дээ. Бэтмений дүрд тэр үедээ action киноны жинхэнэ ид гялалзаж явсан одод болох Мел Гибсон, Кевин Костнер, Чарли Шин, Пирс Броснан, Том Селлек, болон Билл Мюррей нарыг сонгон шалгаруулж байсан гэнэ. Гэвч найруулагч Тим Бартон “Beetlejuice” киноныхоо гол дүрд тоглосон жүжигчин Майкл Китоныг өөрийн хүслээр сонгосон билээ.  Мөн энэ кинонд Ким Бессинжер муур эмэгтэй дүрд тоглож байсан гээд бод доо. Бэтмен нь тийм ч сэтгэлд наалдахуйц болоогүй ч Бартоны кино бол кино шүү дээ. Мөн л Warner Bros-ынх, тэгээд ч 411 сая долларын ашиг орлогыг 1990-ээд оны үед хийнэ гэдэг гайхамшиг байлаа.

1. “Харанхуйн хүлэг баатар” 2008

Найруулагч Кристофер Ноланд өмнөх Бэтмен нь нэг л дутуу санагдсан бололтой гурван жилийн дараа дахин бүтээсэн кино нь үнэхээр бүх цаг үеийн шилдгийн шилдэг Бэтмен болжээ. Найруулагч Крис Нолан 185 сая долларыг Warner Bros-ын халааснаас асгаад нэг тэрбум долларыг эргүүлж өгсөн нь хамгийн бага зардлаар хамгийн их ашиг олсон киноны нэгд тооцогддог юм. Нолан энэ удаа Бэтменийг өөрчлөхийг хүссэнгүй Кристиан Бэйл дахин сонгогдсон төдийгүй бусад жүжигчид ч хэвээр үлдсэн билээ.

Бэтмэний дотоод сэтгэлийн зөрчилдөөнт байдлууд нь түүнийг сэтгэлийн шаналалд унагах бөгөөд Бэтмэн өөрийгөө мөнөөх шударга бус бохир нийгмийн нэг хэсэг болгосон мэт. Бодит байдал, хүсэл мөрөөдөл хоёрын зааг дээр шаналан буй эгэл хүн болох Брюс Уэйний зовлонг баг зүүсэн супер баатрын дүр нь л бага ч болов нимгэлэх аж. Бэтмэн дотоод ертөнцдөө ч тэр, гадаад ертөнцөд ч тэр тэмцэл дунд амьдарсаар. Найруулагч Ноланы бодлоор Кристиан Бэйл л үүнийг үзэгчдэд мэдрүүлэх байсан, энэ нь ч үнэн болсон.

Харин Нолан эсрэг дүрийн тал дээр өмнөх алдаагаа давтахыг хүссэнгүй Холливуудын цоо шинэ дүр төрх болж явсан авьяаслаг залуу жүжигчин Хит Лежерийг алиалагчид сонгосон нь нүдээ олсон юм. Үнэхээр ч Хит Лежер итгэл алдсангүй кино шүүмжлэгчдийн дүгнэснээр бүх цаг үеийн Бэтмений дайсан, алиалагчдын хамгийн гайхалтай нь болсон гэдэг. Бэтмений философитой зэрэгцэн алиалагчийн ертөнцийг үзэх үзлийг үнэхээр биширмээр гаргаж өгсөн нь  энэ киног шилдгийн шилдэг болгоход түлхсэн гол гавьяа гэнэ. Бэтмен алиалагч хоёрын хажуугаар хоёр нүүртийг  ч найруулагч үнэхээр өвөрмөцөөр оруулж өгсөн. Бидний хэзээ ч дэлгэцнээс харж байгаагүй өвөрмөц оршихуй тэднээс урган гарч байлаа.

Ийнхүү бүх цаг үеийн шилдгийн шилдэг Бэтменүүдийг нэг дор цуглууллаа. 2012 онд Бэтмений дараагийн ангийг  энэ сэдвээр амтшаад буй найруулагч Крис Нолан найруулж дэлгэцнээ амилуулах гэж байгаа. Бэтмений адал явдал үргэлжилсээр л байна. 2012 онд бидний үзэх Бэтменд алиалагч байхгүй хэмээн найруулагч мэдэгдээд амжсан. Яагаад гэсэн асуултын хариуг Нолан өгөхдөө “Хит Лежерийн бүтээсэн дүрийг давж эсхүл түүнтэй ойртож очих жүжигчин надад харагдахгүй байна, та бүхэнд ч мөн адил биз дээ” хэмээн өгсөн. 

Н.Наран

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж