Жилийн жилд л бид хэдэн загвар өмсөгчдөө хооронд нь морь мэт уралдуулж, хэн нэгнийг нь топ хэмээн цоллодог уламжлалтай болоод багагүй хугацааг өнгөрөөсөн. Одоо “Гоёл” наадам арван хоёр сайхан бүсгүйд топ гэсэн ижил нэрийг өгөөд байна. Моделиудыг “Гоёл”-ын тайзан дээр хоёр өдөр алхуулж үзээд хэдхэн шүүгчид саналаараа нэгийг нь түрүүлүүлнэ. Тэгээд түрүүлсэн нэгнийг нь хүмүүс янз бүрээр хэлж, есөн бусаар доромжилж, Мянганбаярын ээлжит эхнэр гэж гоочилцгоодог ёс тогтсон гэхэд бараг болно.
“Гоёл”-ын тайзан дээр дандаа халуухан, залуухан, сайхан охид алхаж байна… Гэхдээ жинхэнэ fashion модельд байх ёстой хувь хүний шинж чанар, өвөрмөц төрх араншинтай нь хэд бол? Үзэгчдийн өмнө ирж ташаа тулан зогсохдоо малийтлаа инээснээрээ эсвэл эрүүгээ өргөн ихэмсэг дүр эсгэн ярвайж алхаснаараа дүр төрхтэй харагдахгүй. Супермодель Tyra Banks-ын хөтөлдөг “Америкийн дараачийн супермодель” шоуны үеэр олон сэтгэл булаам, хөөрхөн охид personality буюу дүр төрх, онцлог араншингүй гэсэн шалтгаанаар тэмцээнээс хасагддаг. Энд л жинхэнэ модель, жирийн хөөрхөн охин хоёрын ялгаа байдаг. “Гоёл” наадмын шүүгчдийн дунд fashion гэрэл зурагчин, туршлагатай мэргэжлийн загвар өмсөгч, стилист гэх мэтийн тэр суудал дээр зайлшгүй суух ёстой хүмүүс байхгүй байдаг нь хачирхалтай санагддаг. Энэ удаад ч дизайнер Н.Соёлмаа, Шилмэл загвар агентлагийн захирал Оюунцэцэг, тэгээд Орос, Тайланд, Солонгос, Японоос “Гоёл”-ын тайзнаа загваруудаа дэлгэн үзүүлэхээр урилгаар ирсэн дизайнерууд энэ наадмыг шүүн явуулж, шилдгүүдийг шалгаруулсан юм.
Энэ жилийн “Гоёл” “Хар сарнай”-гийн Амраа, уртын дууч бүсгүй хоёрын хоршил дуугаар эхэлсэн. “Монгол хүн болж төрсөндөө бахархаж байна” энэ тэр гэсэн үгтэй их л үндсэрхэг дуу байна лээ. Уул нь энэ гоё үдшийн эхлэлийг арай уян зөөлөн, тансаг илүү сонгодог, эсвэл бүр этгээд зүйлээр төсөөлж суусан юм. Хамгийн эхлээд “Гоёл”-ын топууд болох Пүрэвсүрэн, Уранцэцэг, Ундраа, Уянга, Уранбилиг тав “Алтай кашемир”-ийн коллекцийг өмсөн гарч ирэв. Тахин судал бүхий элементийг ноолууран дээр оруулсан нь сонирхолтой шийдэл болжээ. Коллекц ч өнгө, загварын хувьд бүхэлдээ нэгдмэл харагдаж байсан нь сайшаалтай болсон.
Дараа нь мөн “Алтай Кашемир”-ийн дизайнер Сонинжаргал “Cashmere&Silk” коллекцио толилууллаа. Ноолуур, силк хоёрын зохицол дэгжин харагдаж байв. Дээд зэрэглэлийн зөөлөн, хөнгөн энэ хоёр тансаг материалийг хольсон загварууд энгийн хэрнээ донжтой байсан.
Хөтлөгч бүсгүй дизайнер Соёлмаагийн үндэсний хувцасны “Монголын хүчирхэг бүсгүйчүүд” коллекц гэж зарлалаа. Чухам ямар Соёлмааг мэдэхгүй байна. Ямартай ч үзэгчид өнөө Соёлмааг гэж таамаглацгаах шиг болсон. Lady Gaga-гийн “Bad Romance” дуу пижигнээд л… Тэр аян дээр нь моделиуд “Монголын хүчирхэг бүсгүйчүүд” коллекцийг үзүүлж өгсөн дөө. Инээд хүрмээр хэцүүхэн нэр байгаа биз? Загварууд бол үнэхээр “хүчирхэг”. Таван топ модель тавуулаа энэ коллекци дээр алхсан.
“S tailor” салоны дизайнер Биндэръяагийн гоёлын даашинзны коллекц сэтгэл татам байсан. Энэ удаагийн наадамд Японы Аюуми гэх нэгэн дизайнер 2010/2011 оны хавар, зуны коллекцтойгоо ирж оролцлоо. Цагаан суурь өнгөн дээр бүдэг цэнхэр ногоон, шар өнгүүд нэгдэн ууссан нимгэн, хөнгөн материалтай загварууд нь япон дизайнерийн өнгө төрхийг харуулж байв. Уг сонирхол татам материал дизайнерийн өөрийнх нь технологи байсан ч байж мэднэ. Алдарт Versace загварын ордны ерөнхий дизайнер Донателла Версаче нэгэн ярилцлагадаа “Дэлхийн загварын ертөнц зогсонги байдалд орчихлоо. Бид бүгд л өнгөрсөн үе рүү өнгийцгөөн тэндээс хуулбарлаж байна. Энэ хэцүү үед материал болон технологи дээр түлхүү ажиллах нь дизайнеруудын хувьд хамгийн чухал хийх ажил болоод байна даа” гэж ярьсан байсан. Үнэхээр дэлхийн хувцас загвар түүхэн үеүд рүү эргэн харж байгаа энэ үед дизайнерууд өөр, өөрсдийн шинэлэг технологийг гаргах нь чухал болоод байгаа юм. Түүний коллекцийг дандаа хорь ч хүрээгүй залуу охидууд өмсөж сонирхуулсан нь дизайнерийн сонголт байсан биз. Ихэнх моделиуд нь нүүрээ бараг будаагүй шахам байсан ба тэдэн дунд цөөн тооны япон загвар өмсөгчид алхацгаасан. Аюуми моделиудын алхаанд ч бас өөрийн өнгө төрхийг оруулж өгсөн нь илт харагдаж байлаа. Гэхдээ дажгүй байсан шүү. Гэнэн хонгор, цэл залуухан, өөртөө итгэлгүй гэмээр ичингүйрэн зөөлөн намуухан алхаж байсан залуухан охидоор зуны коллекцио тодотгосон нь таалагдсан. Мэдээж, будаггүй моделиуд дизайнерийн өөрийн сонголт байсан биз.
Түүний араас дизайнер Ганчимэгийн хуримын даашинзны коллекц. Ерөнхийдөө бол том, том алхан хээтэй европ загварын даашинзнууд байсан. Заримыг нь монгол хатдын нөгөө бортгон малгайтай хослуулж. Бас заримд нь сувдан хацрын унжлага гэх мэт аксессуар дагалдсан байна. Их хөдөлмөр юм аа. Даанч сайхан юм юу ч байгаагүй. Энгэр, цээж хэсгээрээ том гэгчийн алхан хээнүүдтэй хуримын даашинзны хормойгоор дүүрэн хар сарнай хатгачихсан байх юм. Алхан хээ, хар сарнай хоёр хамтдаа сайхан харагддаггүй л юм байна лээ.
Дизайнер Ургамалцэцэгийн “Сарны цацраг” нэртэй коллекцууд хөгжилтэй, хөнгөн, аятайхан байсан. Тэртээ тэргүй унжсан санжсан цацаг загварын чиг хандлага дунд байр сууриа алдаагүй яваад байгаа болохоор Ургамалцэцэгийн цацагтай богино даашинзууд хөөрхөн л харагдсан. Тоорын ягаан, гал улаан, бүдэг үзмэн ягаан гэх мэт ялдамхан өнгөнүүдийг сонгожээ. Өнгөрсөн жилээс хойш washed denim буюу чанамал жийнс эсвэл угаасан жийнс ч гэж хэлчихэж болох бас нэгэн загварын хандлага хүчтэй байсан. Ургамалцэцэгийн “Сарны цацраг” коллекцод энэ төрлийн материалтай богино даашинзууд бас ганц, хоёр харагдсан. “Milla Moda” салоны дизайнер Нямсүрэнгийн коллекцод голчлон уйтгартай угалз, хээнүүдийг шигтгэн наасан сатин даашинзууд л байсан. Залгуулаад сүр хүчийг үзүүлсэн манай үндэсний хувцсууд гараад ирлээ. Ирвэс мэт том, том толбон хээтэй, юүдэнтэй дээл ч байна. Монгол хантаазны дээгүүр орчин үеийн улаан жилетка давхарлаад өмсчихсөн загвар ч явж байсан. Зарим нь бүр нүд тогтож, төвлөрч харахын эцэсгүй өч, төчнөөн деталь нэг дор. Үндэснийхээ хувцсыг яасан ч их “хөгжүүлж” байна даа. Үнэндээ бол зовоож л байна гэж хэлмээр юм уу даа. Уг нь бид чинь гайхалтай сайхан үндэсний хувцастай сан.
Ингэхэд нээрээ “Гоёл” дээр дөрвөн хөтлөгч байсны учрыг ойлгохгүй юм байна. “Гоёл” наадам эхэлснийг мэдэгдэж эрэгтэй, эмэгтэйгээрээ хоёр талд хослож зогссон дөрвөн хөтлөгч маань ганц, ганц өгүүлбэр бараг бүтэн хэлсэн үү. Өөр ч нэг их онцын роль байгаагүй. Харин хоёр хөтлөгч нь гэнэтхэн л загварын үзүүлбэр дундуур гарч ирээд бүр бантан хутгачихаад ороод явчихсан. Зорилго нь бол Ардын жүжигчин Н.Сувдын хүү дуучин Бат-Оргилыг тайзан дээр урьж гаргах байсан юм билээ. Тэгснээ эрэгтэй хөтлөгч нь нэрт дизайнер Роберто Кавалли та бүхний өмнө гарч ирэх гэж байна энэ тэр гэж үзэгчдийг хуураад тэгснээ “Худлаа, худлаа” гээд жинхэнэ зочноо урьж байх юм. Хувцас загварын үзүүлэн, шоу гэдэг бол угаасаа л тансаг, цэгцтэй байх ёстой. Хэн, хэзээ, хаана яг ямар үг хэлэх нь ч тодорхой байх ёстой байлгүй. Хошин шогийн тоглолт эсвэл телевизийн шоу нэвтрүүлэг биш учраас хөтлөгчийн ядсан марзаганал, худал, үнэн тоглоом, илүү дутуу яриа илүүц биз. Гоёл наадам өөрөө л гоё баяр, гоё үдэш шүү дээ.
Дуучин Бат-Оргил “Мөнхийн ус” дуугаа банзан гитар, ковбой малгайтайгаа дуулсны дараа Монгол-Солонгосын техникийн коллежийн дизайнеруудын коллекциуд эхлэв. Эхлээд дизайнер Ариунзаяагийн эсгийг үслэг эдлэлтэй холин хийсэн “Язгууртан” коллекц. Урьд урьдны жилийн хэцүүхэн эсгийнүүдтэй харьцуулахад дажгүй байсан ч коллекцийн нэгдмэл санаа үнэндээ материалаас өөр байгаагүй гэхэд болно. Харин түүний гоёлын даашинзны “Дэгжин” коллекц үзэгчдэд нэлээд таалагдсан байх. Түүний араас залгуулаад мөн тус сургуулийн нэгэн дизайнерийн “Хар цагаан” нэртэй коллекцийг танилцуулсан. Шинэлэг, зугаатай, золбоолог. Угаасаа энэ намар, өвлийн гол чиг хандлагын нэг болох буган хээ, дүрс түүний коллекцод давамгай байлаа. D&G-ийн буган хээ бүхий энэ намар, өвлийн коллекцийн санааг энд тэндхийн олон брэнд, хувцасны үлйдвэрлэгч, залуу дизайнерууд өөрсдийн санаагаар баяжуулан гаргасаар байгаа.“Гоёл”-ын тайзан дээр Тайландын мисс, супермодель хоёр үндэсний хувцастайгаа гарч ирэн өөрсдийн уламжлалаар манай үзэгчидтэй мэндэлсэн нь бас нэг сонирхол зүйл байсан. Тэд зарим коллекциуд дээр тайзнаа алхацгаасан юм.
Жирийн үзэгчийн хувьд хамгийн их таалагдсан коллекцийн нэг нь дизайнер Овдогмэдийн өдөр тутмын загварууд байлаа. Өмнөх жилүүдийн эсгий хувцсуудыг харсаар байгаад эсгий хувцаснаас бараг айдаг шахам болчихсон байсан чинь… Эсгий гэж үү дээ гэмээр сайн боловсруулалт. Бас гайхалтай гоё өнгөний хольцууд. Эрэгтэй хүрэм, пиджакууд нь бүр янзтай байсан. Эмэгтэй загварууд нь ч бас сэтгэл татам. Ер нь л дэлгүүрт зарж байвал авч өмсмөөр санагдахаар стильтэй, донжийг нь олсон гоё байсан шүү. Удирдаачийн хүрэм шиг ардуураа урт хормойтой, бэлхүүс тодотгосон загвартай содон хэрнээ зөөлөн өнгөтэй уг хүрмүүд морь сургагчийн стилээр хувцаслаж, гартаа урт урт морины ташуур барьсан эмэгтэй моделиудыг хүчирхэг, өвөрмөц харагдуулж байсан.
“Монголжингоо” товчоо, Сити дээд сургуулийн дизайнер Ганчимэг “Гоёл” наадамд “Морьтон Монгол” үндэсний хувцасны коллекцоороо оролцлоо. Нэрнээсээ авахуулаад л уйтгартай. Ер нь дизайнерууд яагаад ч коллекцдоо нэр өгөх гээд байдгийг ойлгохгүй юм. Магадгүй заавал нэртэй байх ёстой гэж шаарддаг юм болов уу. Гэхдээ одоо нэр өгсөн ч арай өөр нэрнүүд бодож олох хэрэгтэй болжээ. Нүүр толгойг нь тойруулаад баглачихсан хөвчийн хүрэн баавгай шиг сонин, сонин загварууд тайзан дээгүүр урсч өгсөн. Цыган хүүхний даашинзны хормой шиг хормойтой ч монгол дээл байналээ. Тэр даашинз бол яагаад ч сайхан харагдаагүй ээ.
“Дархан нэхий” компаний дизайнер Сонинбаярын өдөр тутмын коллекц харин хүмүүсийн нүдийг баясгаж, сэтгэлийг сэргээсэн. Боронзон ягаан савхин гадартай нэхий хүрэм, мөнгөлөг нэхийнүүд үнэхээр сонирхолтой, шинэлэг байлаа. “Дархан нэхий” ийм загваруудаа худалдаанд гаргавал дэгжин бүсгүйчүүд шилж сонгоод дуртайяа явч хэрэглэнэ дээ. Мөн тус компаниас оролцсон дизайнер Нарантуяагийн коллекц ч анхаарал татаж байлаа. Сонинбаярынхыг бодвол илүү амьтны үсээр чимэглэсэн загварууд байсан. Лакадсан арьс, гялгар нэхийнүүд бас л онцгой харагдаж байналээ. Хүмүүс ч “Дархан нэхий”-гийн технологи мундаг болчихжээ гэцгээж байсан.
Шоуны турш бааранд байна уу даа гэмээр хэт чанга, диско хэмнэлтэй дуунууд чих хатгаад хөтлөгчийн дизайнер болон коллекциудыг зарлаж байгааг нь ч сонсоход бэрх байсан. Загварын үзүүлэн дээр нийтлэг, хэт олонд танигдсан, коммершл дуу, ер нь үгтэй дуу нэг их тавьдаг стандарт байхгүй санагдах юм.
Харин “Sweetymotion” хамтлаг “Гоёл”-ын төгсгөлийг гоё хийсэн шүү. Хүмүүс тэднээр дахиулах хүсэлтэй байсан ч Монголын загварын хамгийн том үдэш энд хүрээд өндөрлөсөн. Keisha-гийн “Tik Tok”, Lady Gaga-гийн “Bad Romance” гэсэн хоёр дуу амандаа аялаад л СТӨ-нөөс гарч явлаа. Хамт үзсэн бүжигчин найз маань “Би хэрвээ жаахан өндөр байсан бол загвар өмсөгч болохгүй юу. Тэгвэл хөгжмөө мэдрээд хамаагүй гоё алхах юм байна” гэж хэлж байна. Хөөрхөн байгаа биз? Сэтгэл татмаар сайхан болсон санагдаагүй ч “Гоёл” наадам ийм л гоё мэдрэмжийг хүмүүст төрүүлдэг юм байна. Яг миний найзынх шиг ийм өд шиг хөнгөн, цайлган бодлууд олон залуу охидыг загварын тайз руу хөтөлдөг байх аа даа. Гэхдээ мэдээж бүгд супермодель байж чаддаггүй… Ирэх жилийн “Гоёл” илүү гоё болоосой. “Гоёл” наадам ингээд 23 жилийг ардаа орхиж, 12 дахь топ моделио нэрлэлээ. Загвар өмсөгч Э.Сэлэнгэ “Гоёл-2011” наадмын топ модель болжээ.
"Гоёл-2011" наадмын шилдгүүд:
Топ модель: Э.Сэлэнгэ
Шилдэг дизайнер: Туяа /Алтай Кашемир/
Шилдэг эрэгтэй загвар өмсөгч: Далай
Шилдэг эрэгтэй загвар өмсөгч: Гэрэлчулуун
Шилдэг залуу загвар өмсөгч: Цэрэнлхагва
Сүлжмэл эдлэлийн шилдэг загвар зохион бүтээх товчоо: "Алтай Кашемир"
Оёмол эдлэлийн шилдэг загвар зохион бүтээх товчоо: "Сити дээд сургууль, Монголжингоо зохион бүтээх товчоо"