Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд энэ сарын 16-19-ний хооронд ОХУ-д ажлын айлчлал хийж энэ үеэр хоёр орны хамтарсан үйлдвэрүүдийн үр ашгийг дээшлүүлэх асуудал хөндөгдсөний дотор “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн асуудал ч яригдсан юм. “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дүрмийн санг нэмэгдүүлэх хүрээнд хоёр тал тус бүр 125 сая ам.долларын хөрөнгө оруулахаар өнгөрсөн хоёр жилийн хугацаанд ярьсан ч бүтэл муутай явсаар ирсэн ч энэ удаагийн айлчлалын дүнд ОХУ өөрийн талаас олгох 125 сая ам.долларыг Монголын талыг харалгүйгээр ирэх онд “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгт шилжүүлэхээр болж, шийдвэрээ гаргасан юм. Тус нийгэмлэгийн дарга Т.Очирхүүгийн хэлснээр бол “Улаанбаатар төмөр зам” нь энэхүү 125 сая ам.долларыг 50 зүтгүүр худалдаж авахад зарцуулахаар төлөвлөжээ. Гэхдээ энэ асуудлыг Оросын талтай дахин ярина, учир нь төмөр замын үр ашгийг дээшлүүлэхэд юун түрүүнд парк шинэчлэлтийг хийх шаардлагатайн зэрэгцээ 500 гаруй км төмөр замыг шинэчлэх зайлшгүй шаардлага байгаа аж.
Г.Дарь