“Баянхошуунаас-Ард кино театр”, “Баянхошуунаас-вокзал” хүртэл “Автобус-1” компанийн том оврын автобусууд нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа юм. Гэвч өнгөрсөн хугацаанд зорчигчдыг бухимдуулах болсон нэг проблем нь “Баянхошуунаас-вокзал”-ын чиглэлд явж байгаа автобус хаягаа солихгүй байгаатай холбоотойгоор дээрх бухимдал гарах боллоо. Автобусны хаягийг харахаар “Баянхошуу-Ард кино театр” гэсэн байдаг, ороод суусан хойно “Баянхошуунаас-вокзал” –ын чиглэлд явж байгаа автобус болж хувирдаг. Үүнээс болж, олон зорчигч “Бөмбөгөр” худалдааны төвийн баруун талд бууж, дахин унаагаа солиход хүрч байгаа юм. Саяхан дээрх явдал болж, зорчигч кондукторт хандан чиглэлээ тодорхой болгон, төөрөгдүүлсэн хаягаа авахыг хүсэхэд кондуктор “Угаасаа ингэж яваад болоод байхад юун сүртэй юм, хохь чинь тэгвэл” гэж хариуллаа. Ядахад бага оврын микро автобусны нэгэн адил чиглэлээ зарлаж болдоггүй юм уу гэхэд “Чам шиг юмаар ажлаа заалгахгүй” гэх хариулт өгөв. Зорчигчид энэхүү хариултад нь бухимдан “Цаг зав алдуулж, зорчигчийг төөрөгдүүлж байгаа нь цаанаа орлогоо бодож, хэргээр хийж байгаа ажил” гэж байна.
“Баянхошуунаас-вокзал”-ын чиглэлд дээрх том оврын автобусыг өнгөрсөн аравдугаар сараас эхлэн явуулах болсон бөгөөд бага оврын микро автобус энэ чиглэлд мөн давхар явдаг нь орлогод нь нөлөөлж байх талтай аж. Бусад чиглэлийн автобустай харьцуулахад зорчигч хамгийн цөөн байдаг. Тиймээс хаягаа солихгүй, зорчигчдыг төөрөгдүүлэх нь, тэдэнд ашигтай байж болзошгүй гэж баянхошууны иргэд хэлж буй юм. Нийслэлийн Тээврийн газарт энэ талаар мэдүүлбэл, “Холбогдох газарт нь хандан, чиглэлээ тодорхой болгохыг сануулъя” гэсэн юм.
Г.Дарь