УИХ-ын дарга Инчоны эдийн засгийн чөлөөт бүстэй танилцав

Хуучирсан мэдээ: 2010.02.23-нд нийтлэгдсэн

УИХ-ын дарга Инчоны эдийн засгийн чөлөөт бүстэй танилцав

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэл тэргүүтэй парламентын төлөөлөгчид БНСУ-ын Үндэсний Ассамблейн урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийхээр Инчон олон улсын нисэх онгоцны буудалд 2010 оны хоёрдугаар сарын 22-нд хүрэлцэн ирлээ. Монголын парламентын төлөөлөгчдийг БНСУ-ын Үндэсний Ассамблейн Тамгын газрын дэд дарга Лим Ин Гю, Үндэсний Ассамблейн Тамгын газрын Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ли Мин Соб, Тамгын газрын ёслолын ахлах ажилтан Чой Сын Жү, Монгол Улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Гэрэл болон албаны бусад хүн нисэх онгоц буудалд угтав.

УИХ-ын даргын БНСУ-д хийх албан ёсны айлчлал Инчоны эдийн засгийн чөлөөт бүсийн бүтээн байгуулалттай танилцсанаар эхэллээ. БНСУ-ыг Зүүн хойт Азийн санхүү, эдийн засгийн зангилаа болгох зорилтын хүрээнд шинэ аж үйлдвэрийн цогцолборууд байгуулах ажил эрчимтэй явагдаж байна. БНСУ нь геополитикийн хувьд дэлхийн хамгийн том эдийн засагтай орнууд болох АНУ, Япон, БНХАУ, ОХУ-тай дөт, мөн Сингапур, Хонгконг болон Зүүн өмнөд Азийн бусад орнуудтай ойр буюу дунд нь орших ашигтай байрлалыг түшиглэн Зүүн хойд Азийг дэлхийтэй холбох энэхүү томоохон төслийг эхлүүлээд байгаа аж. Эл төслийн хүрээнд олон улсын бизнес, мэдлэг, мэдээллийн аж үйлдвэрийн "Сонгдо" цогцолбор, Азийн тээвэр зууч бүхий бизнесийн "Ёнжонг" цогцолбор, глобал санхүүгийн төв "Чёнгна" хэмээх гурван том хотын барилга байгууламж барих ажил явагдаж байна.

Монголын парламентын төлөөлөгчид дэлхийн хамгийнорчин үеийн технологийн дэвшил бүхий 53.3 хавтгай дөрвөлжин км.газартай хот болох Сонгдо дүүрэгт зочиллоо. Тус дүүрэгт хэрэгжилтийн шатанд байгаа томоохон төслүүд болох Олон улсын бизнесийн дүүрэг, мэдлэг, мэдээллийн аж үйлдвэрийн цогцолбор, өндөр технологийн биоцогцолбор, шилдэг технологийн нээлтийн хүрээлэн, Инчхоны шинэ боомт зэрэг барилга байгууламжууд баригдаж буйн дээр 151 давхар "Инчон" цамхаг, 65 давхар Зүүн хойд Азийн худалдааны төв болон эмнэлэг, олон улсын сургууль зэрэг иж бүрэн цогцолборыг барьж байна.

Инчоны эдийн засгийн чөлөөт бүсийг 2020 онд бүрэн ашиглалтад өгөх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд одоогийн байдлаар 410 сая ам.долларын гадаадын хөрөнгө оруулалт хийгдээд байгаа аж. Түүнчлэн энэхүү чөлөөт бүс нь Азид анхны ногоон бүс болж байгаагаараа ихээхэн онцлогтой болохыг Инчоны чөлөөт бүсийн Олон нийттэй харилцан хэлтсийн дарга Шин Жонг Ман танилцууллаа. Мөн энд олон улсын боловсролын төв баригдах бөгөөд энэхүү чөлөөт бүсэд АНУ-ын 12 сургууль салбараа нээх гэж байгааг тэрбээр дурьдаад Монголоос тэргүүний сайн оюутан, сурагчид ирж энэхүү сургуулиудад суралцаасай гэж хүсч байгаагаа хэлсэн юм.

УИХ-ын дарга Инчоны эдийн засгийн чөлөөт бүстэй танилцсаны дараа БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүн, Газар, зам тээвэр, далайн хэргийн Байнгын хорооны дарга Ли Бен Сөгтэй ажил хэргийн нөхөрсөг уулзалт хийлээ. Уулзалтын үеэр хоёр орны дэд бүтэц, эрчим хүч, ашигт малтмалын салбарын хамтын ажиллагаа , цаашдын зорилтын талаар харилцан ярилцаж, санал солилцов.

Ноён Ли Бен Сөг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард манай улсад парламентын болон хувийн хэвшлийн төлөөлөгчдийн өргөн бүрэлдэхүүнтэй айлчлах үеэрээ Монгол, Солонгосын хооронд төмөр замын салбарт харилцан ашигтай хамтран ажиллах санал дэвшүүлснээ онцлоод, хоёр улсын Засгийн газрын хүчин чармайлтын ачаар р дүнг үзэх цаг болсон гэж үзэж буйгаа илэрхийлэв. Монгол Улсын Их Хурлын даргын энэ удаагийн албан ёсны айлчлал хоёр улсын төмөр замын хамтын ажиллагаанд ихээхэн үүрэг гүйцэтгэнэ гэдэгт найдаж байгаагаа мөн тэрбээр онцоллоо. Түүнчлэн энэ онд Монголын арван оюутныг төмөр замын чиглэлээр Солонгост суралцуулахаар болсноо дуулгасан юм. Солонгосын төмөр зам нь 110 жилийн түүхтэй, арвин туршлагатай бөгөөд улс орныхоо эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэж иржээ.

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл энэхүү нөхөрсөг уулзалт хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойн босгон дээр тохиож байгааг онцлоод өнгөрсөн хугацаанд хоёр орны хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагаа амжилттай хөгжиж ирснийг тэмдэглэлээ. Тэрбээр Монгол Улсын төмөр замын сүлжээг өргөтгөн сайжруулах, ялангуяа томоохон уул уурхайн бүс нутагт шинээр барихаар төлөвлөж буй төмөр замын төсөлд хөрөнгө оруулалт хийгдэх шаардлагатай байгааг дурьдаад энэ чиглэлд хоёр улсын парламент анхаарлаа хандуулан эрх зүйн орчинг бүрдүүлэхэд хүчин чармайлт гаргаж ажиллах нь чухал юм гэлээ. Мөн хоёр орны эдийн засаг, зам тээврийн салбарын харилцааг урагшлуулж, түүний дотор хоёр улсын төмөр замын чиглэлээр цаашид харилцан ашигтай хамтран ажиллах нь ихээхэн ач холбогдолтойг онцлов. Түүнчлэн БНСУ-д ажиллаж, амьдарч буй 30 гаруй мянган монгол иргэдийн нийгмийн асуудлыг сайжруулахад Солонгосын парламент анхаарал хандуулан идэвхтэй ажиллана гэдэгт найдаж буйгаа илэрхийллээ. Уулзалтын үеэр БНСУ-ын Төмөр замын сүлжээний удирдах газраас Солонгосын төмөр замын өнөөгийн хөгжил, Монгол-Солонгосын төмөр замын хамтын ажиллагааны талаар танилцуулж, илтгэл тавив.

УИХ-ын даргын БНСУ-д хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны хэлтэс мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж