Төмөр замын тээврийн тарифыг тохирчээ

Хуучирсан мэдээ: 2010.12.17-нд нийтлэгдсэн

Төмөр замын тээврийн тарифыг тохирчээ

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын ОХУ-д хийсэн айлчлалын үр дүнгийн талаар Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, Ерөнхий сайдын Гадаад харилцааны зөвлөх О.Оч нар мэдээлэл хийлээ.

Гадаад харилцааны сайд хэлэхдээ “Ерөнхий сайд С.Батболдын ОХУ-д хийсэн ажлын айлчлал хоёр орны харилцаанд шинэ хуудас нээсэн үр дүнтэй айлчлал боллоо” гэж дүгнэсэн юм. Айлчлалын хүрээнд тэргүүн ээлжид их өрийг эцэслэн шийдвэрлэсэн тухай тодотголоо. Өрийг эцэслэхэд холбогдох яамдууд ч урьдчилан нэлээд ажлыг хийсэн байсан бөгөөд “Монгол росцветмэт” нэгдлийг байгуулахтай холбоотойгоор үүсээд байсан 180 орчим сая ам.долларын 97.8 хувийг тэглэснээр үлдсэн гурав орчим сая ам.долларыг нэгмөр шийдвэрлэсэн. Монгол Улс 2011 оны нэгдсэн төсөвтөө энэхүү гурван сая ам.долларыг ОХУ-д шилжүүлэхээр тусгачихсан учраас одоо ямар ч өр шир байхгүй гэж тэрбээр хэллээ.

Хоёр дахь том ажилд төмөр замын тээврийн тарифын асуудлыг шийдвэрлэсэн явдал аж. Төмөр замын тээврийн тарифын хөнгөлөлтийг 25 жилээс доошгүй байхаар харилцан тохиролцсон. Тээврийн тарифын үнийн хувьд маш бага, Тяньжины боомтод хүргэхтэй адил тарифын үнэ төлөхөөр харицан тохиролцсон. Ингэхдээ энэхүү тээврийн тарифын үнийг гурван жил тутамд шинэчлэн тогтоож байх зарчмын шийдэлд хүрчээ. Энэ нь Монгол Улс Тавантолгойн ордоос олборлосон нүүрсээ эцсийн бүтээгдэхүүн болгон боловсруулж,  ОХУ-аар дамжуулан экспортлоход бусад орны ижил төрлийн бүтээгдэхүүнтэй өрсөлдөх бололцоог бүрэн дүүрэн хангах гэнэ. Түүнчлэн Тавантолгойгоос-ОХУ-руу тавих 1000 гаруй км төмөр замд ОХУ хөрөнгө оруулж, хамтран ажиллах сонирхолтойгоо илэрхийлж, энэ тал дээр тохиролцоонд хүрчээ. Мөн “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн үр ашгийг нь дээшлүүлэх зорилгоор ОХУ 125 сая ам.долларын хөрөнгө оруулахаар болсон байна.

Гурав дахь нь Ураны салбарт хамтран ажиллах тохиролцоонд хүрсэн. Ураны орд дээр хамтарсанаар Монгол Улс 51 хувь, ОХУ 49 хувийг эзэмшинэ. Ураны ордыг ашиглахтай холбоотойгоор үйлдвэр байгуулагдаж 1000 орчим ажлын байр шинээр бий болох юм байна. Түүнчлэн энэ чиглэлээр оюутан сургана.
Мөн айлчлалын үеэр хоёр тал хамтарсан үйлдвэрүүдийн үр өгөөжийг дээшлүүлэх чиглэлээр тодорхой шийдвэрүүдийг гаргасны нэг нь онцолж хэлбэл, ирээдүйд “Эрдэнэт” үйлдвэр, “Монгол росцветмэт” үйлдвэрийг нэгтгэн IPO хийхээр төлөвлөжээ.

Энэ мэтчлэн уул уурхай, төмөр замын салбарт хамтран ажиллах гэрээг хоёр тал хийж, харилцан тохиролцсоны зэрэгцээ ОХУ-руу Монгол Улс мах, махан бүтээгдэхүүн, ноос, ноолуур гаргахаар болж, хуучин экспортоо сэргээхээр төлөвлөжээ.  ОХУ –ын талаас монгол мал эрүүл байх ёстой гэж үзэн, малыг эрүүлжүүлэхэд зориулж Монгол Улсад 370 орчим сая рублийг буцалтгүй тусламж хэлбэрээр олгохоор шийдвэрлэсэн юм байна. Түүнчлэн энэ удаагийн айлчлалын бүрэлдэхүүнд бизнесийн төлөөллүүд олноор явсан. Хоёр орны бизнесийн төлөөлөл оролцсон уулзалт зохион байгуулж энэ үеэр хоёр орны төлөөллийг хангасан ажил хэргийн зөвлөлийг байгуулжээ. Монгол Улсыг төлөөлж энэхүү зөвлөлийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Х.Наранхүү томилогдсон бол ОХУ-ын талаас “Ростехнологи” компанийн удирдлага багтжээ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж