В.Путиний эсрэг тэмцэл хүчээ авлаа

Хуучирсан мэдээ: 2010.12.17-нд нийтлэгдсэн

В.Путиний эсрэг тэмцэл хүчээ авлаа

ОХУ-ын Засгийн газар дотроо задарч эхэллээ. Тус улсын Засгийн газрын гол шүүмжлэгчид болох Владимир Ряжков, ОХУ-ын дэд Ерөнхий сайд Борис Немцов, экс Ерөнхий сайд, Ард түмний ардчилсан хөдөлгөөний тэргүүн, Өөр Орос намын экс гишүүн Михайл Касянин, ОХУ-ын Эрчим хүчний яамны дэд сайд Владимир Милов нар эрх баригчдын эсрэг тэмцэх “Ард түмний эрх чөлөө нам”-ыг байгуулжээ. В.Путиний Нэгдмэл Орос намын шинэ сөрөг хүчин энэ сарын 13-ний өдөр албан ёсоор хүлээн зөвшөөрөгдөж, намын үйл ажиллагаагаа эхлэв. “Ард түмний эрх чөлөө нам”-ыг ирэх жилийн парламентын сонгуулийг угтан байгуулсан бөгөөд өнөөгийн эрх ба­ригчдыг унагах зорилготой” хэмээн намын тэргүүн Борис Немцов хэлжээ. Тэд 2011 онд Төрийн Думд олонхи болж, Засгийн газрын эрхийг гартаа оруулснаар зорилгодоо хүрнэ хэмээн төлөвлөж байгаа аж. Тиймээс  ч тэд он гараад намынхаа суртал ухуулгыг хүчтэй явуулж, парламентын сон­гуулийн сурталчилгаат аяныг ашиг­лан тэмцлээ хүчтэй өрнүүлэхээр төлөвлөсөн гэв. Энэ мэтээр Ерөнхий сайд В.Путиний эсрэг үйл ажиллагаа буюу түүнийг унагах тэмцэл  улам хүчээ авсаар байна. Тус улсын улс төрийн сөрөг хүчнийг дэмжигчид Ерөнхий сайдаа огцрохыг шаардан өнгөрсөн ням гарагт Москва хотноо жагсчээ. В.Путин Орос орныг нурааж, дотоодын түгшүүрт байдлыг хурцатгаж байгаа учраас огцрох ёстой гэж эсэргүүцэгчид үзэж байгаа аж. Москва хотод уг жагсаалаас гадна үндэсний цөөнхийн эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөв. Тэд энэхүү жагсаалаараа үндэстэн хоорондын эрх тэгш байдлыг бий болгох шаардлагыг эрх баригчиддаа хүргэхээр шийджээ. Эхнээсээ л дуу шуугиантай өрнөсөн Москва хот дахь жагсаал цуглаанд оролцогчид хамгаалалтынхантай мөргөлдөж, сөрөг хүчний хэд хэдэн дэмжигч баривчлагдсанаар өндөрлөжээ. Түүнч­лэн ням гарагт Ростов Донд үндсэрхэг үзэлтнүүд мөргөлдөж, тус улсын үндэстэн хоорондын тэмцлийг улам сэдрээлээ. Энэ үеэр 1000 оюутныг саатуулсан тухай “Интерфакс” агентлаг дамжуулав. Гэхдээ энэ үймээний цаана В.Путин байгаа гэх мэдээлэл олон улсад сэм тархжээ. Учир нь эрэлхэг зоригт эрийн дүрийг байнга эсгэж явдгаасаа болж, олон улсын хэвлэлийнхнээс “Марьлборо мэн”  хэмээх нэр хүртсэн В.Путин үндэсний цөөнхүүдийг ялгаварлан гадуурхах үзэлтэй бөгөөд тэднийг өөрийн эрхшээлд байлгахын тулд үндсэрхэг үзэлтнүүдийг зохион байгуулж, дээрх мөргөлдөөнийг өдүүлсэн байхыг ажиглагчид үгүйсгэхгүй байна. Засгийн газ­рынхаа эсрэг оросуудын иймэрхүү тэмцэл өнгөрсөн гуравдугаар сараас хүчтэй өрнөх болсон юм. Тус улсын уран бүтээлчид нэгдэн эрх баригчдын эсрэг эвсэл байгуулж, хэд хэдэн удаа эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан. Тухайн үед В.Путин жагсагчдад хатуу хариу өгч, эрх баригчдын зөвшөөрөлгүйгээр сайн дураараа жагсаал цуглаан хийхийг хатуу хориглож, “Үгнээс нь зөрсөн хүн бүрийн толгой руу бидон шиднэ шүү” гэж анхааруулж байсан билээ.

Оросын иргэний хөдөлгөөнийхөн ч Кремлийн эсрэг олон нийтийн тэмцэлд нэгдэж буйгаа өнгөрсөн сард илэрхийлсэн юм. Оросын иргэний хөдөлгөөн, Хууль бус цагаачлалын эсрэг хөдөлгөөн, Үндэсний ардчилсан холбоо, Оросын ард түмний ардчилсан нэгдэл зэрэг байгууллагууд нэгэн туган дор нэгдэж, улс орноо аврах тэмцэлд оролцож эхэллээ. Тэдний үзэж буйгаар жинхэнэ федерализм буюу холбооны улсын зарчим л оросуудыг аврах аж. Гэхдээ энэ нь Кавказ бүсийн салан тусгаарлах үйл явдлыг зогсоож чадахгүй гэв. Хэрэв тэд Төрийн эрхэнд гарсан бол Кавказын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрнө. Ингэснээр Орос доторх дайн дуусна гэж үзэж байгаа аж. Өнөөгийн Оросын холбооны улсын зарчим алдагдсанд иргэний хөдөлгөөнүүд хамгийн их шүүмжлэлтэй ханддаг. Улс доторх чимээгүй задралаас болж Орос орон мөхөл рүүгээ мөлхөж байгаа хэмээн тэд тайлбарлав. Иргэний хөдөлгөөнүүд “Улс орны ороо бусгаа байдлын гол буруутан буюу холбооны зарчим алдагдахад хүргэсэн гэмтнүүд нь үндэстэн ястнууд бус Кремлийн оршин суугчид буюу эрхтэн дархтнууд” хэмээн өнгөрсөн сард гаргасан тунхаг бичигтээ онцлон тэмдэглэсэн байна. Мөн Орос нутгийг бүс бүсээр нь чөлөөлөх зорилготойгоо иргэний хөдөлгөөнүүд илэрхийлэв. Бүс нутаг чөлөөтэй байснаар Орос орон бүхэлдээ чөлөөлөгдөнө гэж тэд үзэж буй. Кремлийн оршин суугчдын дарангуйлах үзэл Оросын ард түмнийг хумьж, хязгаарлаж байгааг ч тэд нуулгүй хэлэв. 

ОХУ-ын Ерөнхийлөгчийн 2012 оны сонгуулийн тухай шуугиан Москва хотыг 20 орчим жил удирдсан Ю.Лужков огцорсноор хүчтэй дэгдсэн. Ажиглагч болон шүүмжлэгчид түүнийг Д.Медведев, В.Путин нарын Ерөнхийлөгчийн эрх мэдлийн төлөө аян дайны хохирогч болсон гэж үздэг нь нэгэнт нууц биш болсон. В.Путин ирэх сонгуульд өрсөлдөнө гэсэн нь ч олны анхаарлыг улам татав. Түүний өрсөлдөгчид эрх мэдлийн төлөөх тэмцэлдээ ханцуй шамлан ороод байгаа юм. Хамгийн харамсалтай нь 2012 онд хэн гэдэг хүн ялалт байгуулах нь нэг их чухал биш. В.Путиний шийдвэр, сонголт л хамгийн их хамаатай бололтой. АНУ-ын олон улс дахь Элчин сайдын яамны нууц материалыг дэлгэсэн Wikileaks-ийн ээлжит мэдээлэлд В.Путин дараагийн Ерөнхийлөгч хэн байхыг шийдэх тухай дурьджээ. Энэ шийдвэрийг В.Путиний тойрон хүрээлэгчид дэмжиж байгаа бөгөөд Ерөнхий сайдыг илүү хүчирхэг нэгэн болж, эрх мэдлээ харуулахыг шаардаж байгаагаас улбаатай хэмээн нууц баримтад бичсэн байжээ. Тэгвэл В.Путин өөрөө өөрийгөө Ерөнхийлөгч болгох боломжтой гэсэн үг юм. Зарим эх сурвалжуудын дамжуулснаар 2012 онд В.Путин одоогийн байр сууриндаа байвал Д.Медведевийн Ерөнхийлөгч болох замд саад учруулахгүй гэв. Түүнээс гадна Д.Медведев ч Ерөнхийлөгчийн суудлын төлөө өрсөлдөх сурагтай. Анх Төрийн тэргүүн болсноосоо хойш В.Путиний утсан хүүхэлдэй хэмээх нэрийг зүүж буй “Оросын баавгай” Д.Медведев  дараагийн сонгуульд оролцож, ялалт байгуулж гэмээнэ өөрийн эрх мэдлийг тогтоож, В.Путинийг авч хаях хандлага    байгааг ажиглагчид хэл­лээ. Дээр хэлсэнчлэн В.Путин да­хиад Ерөнхий сайдын суудалдаа суувал “Оросын баавгай” Төрийн тэргүүний сэнтийдээ үлдэнэ. Гэхдээ тэрбээр өөр зүйл хүсч байгаа бололтой. Одоохондоо тэдний харилцаа нөхөрсөг, найр тавьсан шинжтэй байгаа ч энэ нь Оросын баавгайн өнгөлөн далдлалт гэж үзэх тал бий. Хэрэв нэг намын нөлөө бүхий хоёр этгээд өрсөлдвөл Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр тэдний тэмцэл оргилдоо хүрч,  ширүүхэн тулаан өрнөх бололтой. В.Путин Рязаны алан хядагчдын хэрэг, Их театрыг барьцаалсан хэрэг, Михайл Ходорковскийг буруутгасан зэргээс болж, нэр хүнд нь багагүй сэвтсэн. Харин Д.Медведевийн нэр хүнд сүүлийн үед их өсч байгаа гэнэ. Орост өнгөрсөн арваннэгдүгээр сард явуулсан санал асуулгаар, Ерөнхийлөгчийн рейтинг, Ерөнхий сайдынхтай нэлээд дөхөж очсон нь тэд Ерөнхийлөгчийн тэмцэлд магадлал өндөр буйг харууллаа хэмээн “Вашингтон Пост онцолжээ.

Т.ОТГОНБАТБАЯР

Зохиогчийн эрх:
 "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж