Цагдаагийн байгууллага авлигаар тэргүүлжээ

Хуучирсан мэдээ: 2010.12.17-нд нийтлэгдсэн

Цагдаагийн байгууллага авлигаар тэргүүлжээ

Авлигын эсрэг олон улсын өдөр  Берлин хотноо албан ёсоор зарлагдсан 2010 оны Дэлхий нийтийн авлигын хэмжүүр буюу Барометр судалгаанд 86 орны 91,000 хүн хамрагджээ.

“Транспэрэнси Интернэшнл” байгууллагаас гаргадаг дээрх судалгаагаар жижиг хээл хахууль, төрийн байгууллагуудын авлигад автсан байдал ба авлигын эсрэг тэмцлийг хамгийн үр нөлөөтэй явуулах чадвар бүхий институцын талаарх иргэдийн төсөөллийг харуулдаг байна.  Судалгаагаар сүүлийн гурван жилд авлига өслөө гэж 10 хүний зургаа нь үзжээ. Энэ үзүүлэлт ялангуяа Европын холбоо болон Хойт Америкийн орнуудад муу гарсан байна. Өөрөөр хэлбэл Европт 73 хувь, Хойд Америкийн судалгаанд оролцогсдын 67 хувь нь авлига өссөн гэж хариулсан байна.

Хэдийгээр дэлхийн өнцөг бүрт явуулсан энэ судалгаанд оролцогсдын авлигын талаарх үзэл өөдрөг бус байгаа ч гэрэл гэгээтэй мэдээлэл бас байгаа юм. Энэ нь судалгаанд оролцсон 10 хүний долоо нь “Хэрвээ авлигатай тулгарвал холбогдох газар нь мэдээлнэ” гэсэн хариулт өгсөн явдал юм. Судалгааны дүнг мэдээлэхдээ “Маш олон хүн авлигын эсрэг зогсох гэж байгаад сэтгэл хөдөлж байна, иргэдийн энэ эрмэлзлийг дайчлах хэрэгтэй” гэж “Транспэрэнси Интернэшнл”-ийн тэргүүн хатагтай Хьюгетт Лабелль хэлжээ. Транспэрэнси Интернэшнл байгууллагын асуулгад хамрагдсан дөрвөн хүний нэг нь өнгөрсөн арванхоёр сарын хугацаанд төрийн үйлчилгээний есөн интституцийн аль нэгд хээл хахууль өгсөн нь тогтоогджээ.  Цагдаагийн байгууллагатай учирсан нийт иргэдийн 29 хувь нь хээл хахууль өгсөн гэж хариулсан нь цагдаагийн байгууллагыг хээл хахууль хамгийн олон удаа авсан институцээр тодорход хүргэсэн байна. Төрийн үйлчилгээний байгууллагуудтай асуудалд орохгүйн тулд хээл хахууль өгсөн гэж 50 гаруй хувь нь хариулсан бол бараг 25 хувь нь үйлчилгээг түргэвчлүүлэхийн тулд хээл хахууль өгсөн гэж ээ.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж