Түншлэл хамтын ажиллагааны хэлэлцээрийг үзэглэнэ

Хуучирсан мэдээ: 2010.12.17-нд нийтлэгдсэн

Түншлэл хамтын ажиллагааны хэлэлцээрийг үзэглэнэ

Монгол Улс, Европын Холбооны хооронд байгуулах “Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийг хоёр тал энэ оны арванхоёрдугаар сарын 20-ны өдөр Төрийн ордонд үзэглэх гэж байна. Хэлэлцээрийг үзэглэхээр Европын Комиссын Гадаад харилцааны Ерөнхий газрын Монголыг хариуцсан хэлтсийн дарга Франц Жессен тэргүүтэй төлөөлөгчид хүрэлцэн ирэх аж.

Энэхүү хэлэлцээр нь хоёр талын харилцан сонирхсон хамтын ажиллагааны салбарууд, тухайлбал эдийн засаг, санхүүгийн үйлчилгээ, татвар, аж үйлдвэрийн бодлого болон жижиг, дунд үйлдвэр, мэдээлэлжсэн нийгэм, шинжлэх ухаан, технологи, боловсрол, соёл, эрчим хүч, тээвэр, байгаль орчин, хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, статистик зэрэг хамтын ажиллагааны олон салбарыг хамарч байгаа юм.

Тус хэлэлцээрийг Европын Холбоотой байгуулснаар хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэх эрх зүйн орчин сайжирч, Монгол Улс, Европын Холбооны харилцааг шинэ шатанд гаргаж, түншлэлийн хэмжээнд хүргэх нөхцөлийг бүрдүүлэх юм.

Мөн энэ үеэр Европын Холбооноос Монгол Улсад зах зээлийн эдийн засагтай орны статус авах талаар яриа хэлэлцээ хийгдэх бөгөөд эл статусыг олгоход чиглэсэн Европын Комиссын тусгай асуултуудыг манай талд хүлээлгэн өгөх юм байна

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж