Улсын Дээд шүүхийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас сэтгүүлчдэд зориулан “Шүүхийг сурвалжлах нь” сэдэвт цуврал сургалтыг 2010 онд сар бүр зохион явуулж буй. Энэ сургалтын сүүлийнх нь арванхоёрдугаар сарын 17-ны өдөр болж Нийслэлийн шүүхийн шүүгч Б.Батцэрэн, Шүүхийн сахилгын хорооны ажлын албаны дарга Б.Энхбаатар нар “Шүүгч, хуульчийн ёс зүй” сэдвээр хичээл заав. Сургалтын үеэр хуульчийн ёс зүйн тухай ойлголт, Шүүгчийн ёс зүйн дүрэм, сахилгын зөрчил хариуцлага зэрэг асуудлуудаар сэтгүүлчид лекц сонсож, сонирхсон асуултдаа хариулт авлаа. Дээд шүүхээс энэ жил сэтгүүлчдэд зориулан “Шүүх эрх мэдэл”, “Нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн оролцоотой эрх зүйн маргаан, шүүхийн практик”, “Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны ерөнхий ойлголт, үндсэн зарчим, онцлог”, “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”, “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа”, “Эрүүгийн гэмт хэргийн тухай ойлголт”, “Эрх зүй ба шүүхийн тогтолцоо”, “Шүүхийн хүний нөөцийн асуудал”, “Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдал” сэдвүүдээр нийт 10 сургалт зохион байгуулсан юм.
Н.Түвшин