Үндэсний статистикийн газраас гаргасан мэдээгээр энэ сарын 15-ны байдлаар Улаанбаатар хотын хүнсний зах, дэлгүүрт худалдаж байгаа хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг дүнгээр нь өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 8.8 хувь, өмнөх долоо хоногийнхоос 3.3 хувиар тус тус өссөн байна. Хонины махны үнэ өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 14.9-16.9 хувь, үхрийн махны үнэ 13.5-16.9 хувь, адууны махны үнэ 5.9 хувь, ямааны махны үнэ 5.8 хувиар тус тус өсчээ. Өмнөх долоо хоногийн үнэтэй харьцуулахад хонины махны үнэ 5.4-7.0 хувь, үхрийн махны үнэ 5.4-7.1 хувь, адууны махны үнэ 2.3 хувиар өсч, харин ямааны махны үнэ тогтвортой байлаа. Нэг килограмм хонины /ястай/ махны үнэ дунджаар 3730 төгрөг, үхрийн мах/ястай/ 4140 төгрөг, ямааны мах 2617 төгрөг, адууны мах 2700 төгрөг, хонины цул мах 3915 төгрөг, үхрийн цул мах 4665 төгрөгийн үнэтэй байна. Гурилын үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад нэгдүгээр зэргийн гурилын үнэ 1.1 хувь, хоёр зэргийн гурилын үнэ 2.1 хувь, орос дээд гурилын үнэ 0.7 хувиар өсчээ.
Ж.ГЭГЭЭ