Цуу ярианд үнэний хувь бий гэдэг үнэн аж. Ялангуяа хуулийн дор амьдрахаас аргагүй одоо үед энэ салбарынхантай холбоотой хов жив хаа сайгүй таарна. Үнэн эсэхийг нь мэдэхгүй байж л прокурорууд шиг мөнгөжсөн хүмүүс хаа байна гээд л хэн хүнгүй буу хална. Таксинд суугаад хоёр километр газар явахад л замын цагдаатай холбоотой “но” нэгээс хоёрыг жолоочийн амнаас сонсч болно. Хоёр авгай гудамжинд таараад таван үг солихдоо хүртэл яаж ийгээд хуулийнхны ууж идсэн тухай сэдэв эхлүүлчихнэ. “ Тэр дүүргийн нэг шүүгч хүүхэн манай хамаатны хэргийг аргалж өгнө гээд Японоос оруулж ирсэн машиных нь нэгийг авсан байгаа юм даа” гээд л. Иймэрхүү дэл сул яриа бишгүй олон. Харин өмгөөлөгч нартай холбоотой нь харьцангуй бага сонсогддог байв. Яахав,сайн өмгөөлөгч, чадваргүй амьтан гэх мэт ангилал бол тэдэн дунд байдаг. Зөвхөн өмгөөллийн хөлс өндөр байна гэсэн шүүмжлэл хүмүүсийн дунд нийтлэг. Хаа очиж, тэр өмгөөлөгч үйлчлүүлэгчээсээ мөнгө нэхжээ гэсэн яриа ч, баримт ч гарч байсангүй. Шүүх, цагдаа, прокурор, цаашилбал хил, гаалийнхан бол тэртээ тэргүй ярих юм ихтэй. Гэтэл саяхан Хууль зүй, дотоод хэргийн сайд “өмгөөлөгч нарын хуншгүй зан хэрээс хэтэрлээ” гэсэн мэдэгдлээр өөрийн хариуцсан салбарын ганц гайгүй хэсгийг харлуулав. Яасан гэхээр, өнөөдөр Монголд насны хязгааргүй ажилладаг хүн гэвэл өмгөөлөгч нар л байдаг гэнэ. Дал, наятай өвөө, эмээ нар өмгөөллийн эрхгүй хэр нь “Энэ лут хуульч” гэсэн амнаас ам дамжсан домог шахуу нэр хүндээрээ далайлгаад л хэд хэдэн хавтаст хэрэг сугавчлаад залуучуудынхаа ажлыг булаацалдаж буйг сайд таалсангүй. Хийдгээ хийсэн хүн шиг байх хэрэгтэй гэсэн санаа л даа. Бас бодох л зүйл. Зарим нь бараг хавтаст хэргээ ч уншаагүй байж шүүх хуралд орж үйлчлүүлэгчийнхээ төлөө ганц үг ганхийлгүй мөнгө олж байгаа гэдэг. Тэгэхээр гудамжаар тэнүүчилж байсан бас нэг цуу яриаг салбарын сайд нь баталлаа. Гол нь өөрөө мэдэж байгаа юм чинь одоо өмгөөлөгч нартаа хариуцлага тооцоод эхлэх биз. Өмгөөллийн хөлсөө төлж хүчрэхгүй байгаа хоёр хүнд жил бүр үнэгүй өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх учиртайг ч сануулаасай. Хүн чанараа бодсон ч ганц жилд ядруу хоёрхон хүнд буян болно гэдэг хэцүү ажил биш шүү дээ. Өмөөрөх тийм хэцүү гэж үү. Хүсэхгүй л байгаа хэрэг. Өөрсдийг нь өмөөрөх хүн үлдэхгүй болсон бол тэд яах боë.
Н.МӨНХТӨВШИН
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин
"Улс төрийн тойм" сонин