”Айвенхоу майнз” ”Рио тинто”-д бууж өгөв

Хуучирсан мэдээ: 2010.12.17-нд нийтлэгдсэн

”Айвенхоу майнз” ”Рио тинто”-д бууж өгөв

“Рио Тинто”, “Айвенхоу Майнз” хоёр дахин зузаан түншүүд боллоо. Гэхдээ энэ удаад “Айвенхоу Майнз” буулт хийж, “Рио Тинто”-д олон давуу эрх ол­­госон байна. Тэдний хувьд Оюутолгойн бүтээн байгуулалтыг хугацаанд нь дуусгах, цаашлаад бүтээг­дэ­хүүн үйлдвэрлэлийг нь эр­чимжүүлэх нь чухал бай­сан учир ямар ч гэсэн то­хиролцоонд хүрч чаджээ.

Оюутолгойн хувьцааг бу­лаацалдаж, олон улсын ар­битрын шүүхэд хандаж, ха­рилцан нэхэмжлэл гар­гаж байсан тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр өнгөр­сөн зунаас хойш шуугисан. Гэвч эцэст нь талууд тохиролцоонд хүрч, дахин шинэ гэрээ бай­гуулахаар болсон юм. Өм­нө нь жижиг хувьцаа эзэм­шигчийн эрхийг хөндөж, олон улсад хувьцаа худалдана хэмээн хөөрцөглөж байсан “Айвенхоу Майнз”-ын хувьд шинэ гэрээ ёсоор “Рио Тинто”-гийн зөв­шөө­рөл­гүйгээр ком­па­нийн­хаа хувь­цааг гаргах эрхгүй болжээ. “Рио Тинто”-гийн хувьд “Айвенхоу Майнз”-д эзэмших хувьцаагаа нэ­мэгдүүлж, 49 хувьд хүргэх эрхээ баталгаажуулсан. Мөн 3.7 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх юм. “Айвенхоу Майнз”-ын томоохон хувь­цаа эзэмшигч Роберт Фрийд­ландын хувьд тэрбээр 2012 оны нэгдүгээр сарын 18-наас өмнө “Рио Тинто”-гийн зөвшөөрөлгүйгээр шууд болон шууд бус ямар ч хувьцаагаа худалдах эрхгүй. Үүнд манай Оюутолгой, Казахстаны Ал­тиналмас алтны төсөл, Авст­рали дахь “Айвенхоу Австрали”-ийн хувьцаанууд багтах юм. Түүнчлэн “Рио Тинто” өөрийн мэдлийн хувь­цаагаа гуравдагч тал руу шилжүүлэх эрхийн талаар ч тодотгосон байна.

Ямартай ч эхний ээл­жинд “Айвенхоу Майнз” Оюутолгойн бүтээн бай­гуу­лалтад зориулж 2.3 тэрбум ам.долларын хөрөнгө     оруу­лалт хийхээр төсөвлөсөн тухайгаа албан ёсоор мэ­дэгджээ. Тус компанийн хувьд ирэх онд нийт 4.5 тэрбум ам.долларын зардал гаргах тооцоо байгаа юм. Түүнийх нь үлэмж хувийг Оюутолгой төслийн бүтээн байгуулалт эзэлж байна. Шинэ гэрээ байгуулснаар “Айвенхоу Майнз” өөрийн давуу талаа алдаж байна гэж зарим шинжээч дүгнэжээ. Энэ талаар “RTT News”-д дурьдсан аж. “Рио Тинто”-д ийн буулт хийсэн явдал нь “Айвенхоу Майнз”-ын хөрөнгө оруулалтад нэмэлт санхүүжилт шаардлагатай болсонтой холбоотой хэ­мээн гадны ажиглагчид тайл­барлаж байна. “Рио Тинто”-той байгуулсан гэрээ­ний ачаар эхний шатанд 6.5 тэрбум ам.доллар нэмж гаргах боломжтой болсон юм. “Айвенхоу Майнз”-ын ерөнхийлөгч Жон Макен “Ирэх 2012 оны дөрөвдүгээр улирлаас Оюутолгой төсөл үйлдвэрлэлээ эхлүүлнэ. Тий­мээс хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх шаардлагатай” гэжээ.

“Рио Тинто” компанийн төлөөлөгчид Лондонд бол­сон хөрөнгө оруулагчдын уулзалтын үеэр зэсийн ол­борлолтоо нэмэгдүүлж бай­гаа тухай онцолсон юм. Ирэх онд тус компанийн зэсийн бүтээгдэхүүний гарц нэмэгдэж, 661 мянган тонн болно. Цаашлаад 2013, 2014 онд Оюутолгой ашиглалтад орсноор улам нэмэгдэж, энэ зах зээлийн гол буюу монополь тоглогчдын нэг болох магадлалтай гэх агуул­гатай зүйл ярьжээ.

“Dahlman Rose”-ийн шин­жээч Графф энэ талаар “Рио Тинто”-гийн хувьд одоогийн зах зээл дэх бодит үнэлгээтэй харьцуулахад илүү өндөр өртөг бүхий хувьцаа худалдан авч байгаа. Үүгээрээ дамжуулан “Айвенхоу Майнз”-ын томоохон төслүүд дэх бүтээгдэхүүний гарц, ху­дал­даанд нөлөөлөх нь дамжиггүй” гэсэн байна.

Одоогийн байдлаар “Айвен­хоу Майнз”-ын хувьцааны 35 хувийг “Рио Тинто”, 18.2 хувийг Р.Фрийдланд эзэмшиж байна. Харин Оюутолгой төслийн 66 хувийг “Айвенхоу Майнз” эзэмшдэг. Тиймээс “Рио Тинто”-гийн хувьд Оюу­толгойн шууд бус хувьцаа эзэмшигч юм.

Т.ЭЛИСА

Зохиогчийн эрх:
 "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж