Хүүхдийн паркт мөсөн хотхон нээгдлээ

Хуучирсан мэдээ: 2010.12.17-нд нийтлэгдсэн

Хүүхдийн паркт мөсөн хотхон нээгдлээ

Үндэсний соёл амралтын хүрээлэнд өнөөдөр 18.00 цагт “Зул сарын яармаг” нээлтээ хийх гэж байна. Энэ үеэр циркийн үзүүлбэртэй. Баярын арга хэмжээнд өдөр бүр олны танил нэг хүн урьж оролцуулан,  тэдэнтэй хамт хөгжилдөх боломж олгох гэнэ. Энэхүү яармаг нь шинэ он гартал өдөр бүр 10.00-21.00 цаг хүртэл хүн бүрт нээлттэй байх ажээ.

Хүүхдийн паркт мөсөн хотхон байгуулагдлаа. Египетийн пирамид, цагаан хэрэм, Эйфелийн цамхаг, Таж махал гээд ертөнцийн долоон гайхамшгийг мөсөөр урлажээ. Хүүхдүүд дэргэд нь зургаа авахуулан хөгжилтэй байна лээ.

Мөн тус хүрээлэнд өвөл, зунгүй ашиглах мөсөн гулгуурын талбайг ашиглалтад оруулаад долоо хонож байгаа аж. Хүүхдүүд тэшүүрээ авчраад энэ талбайд гулгах боломжтой. Өдөр бүр 19.30 цагаас энд ирж, салют буудуулахыг харж болох нь. Үүнээс гадна үйлчлүүлэгчдийн захиалгаар салют буудуулах боломж олгож байна.

Та хүйтэнд даарч хөрнө гэж айх хэрэггүй юм байна. Тус яармагийн үеэр халуун зууш, аарц, чацарганаар үйлчлэх ая тухтай орчинг бүрдүүлжээ. Шинэ жилийн баяр ойртсон энэ өдрүүдэд хүмүүс хүүхдүүдээ дагуулан ирж тоглуулах, агаарт гарах, амрах нөхцөлөөр хангаж байгаа юм.

Мөн он гарах үед “Сүүлчийн мөчийг тоолох” арга хэмжээ зохиох аж. Хүүхдийн паркт байрлуулсан том цагны дор хамтдаа секунд тоолж салют буудуулж, оргилуун дарс задлан шинэ оноо угтах боломжийг олгох юм.

“Зул сарын яармаг”-т зочлоход томчууд 1000 төгрөгийн тасалбар авна. Харин хүүхдүүд үнэгүй. Тасалбараа “Өвлийн өвгөний хүслийн хайрцаг”-т хийнэ. Энэ сарын 30-ны үдэш азтай нэг үйлчлүүлэгчийг шалгаруулж, өвлийн өвгөн бэлэг өгөхөөр төлөвлөжээ.

Энэхүү “Зул сарын яармаг” жил бүр уламжлал болон зохион байгуулагдах юм байна.

А.Зул.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж