“Хулгай хийж яваад баригдахаараа хүнд зарагдсан болж жүжиглэх юм”

Хуучирсан мэдээ: 2010.12.17-нд нийтлэгдсэн

“Хулгай хийж яваад баригдахаараа хүнд зарагдсан болж жүжиглэх юм”

Насанд хүрээгүй зургаан охиныг хил дамнуулан биеийг үнэлүүлсэн гэх үндэслэлээр эрүүгийн хэрэгт татагдсан эгч дүүсийн хэргийг  өчигдөр Чингэлтэй дүүргийн шүүхэд  хааллтай хэлэлцэхээр товлосон ч  хохирогчдын ирц бүрдээгүй гэсэн үндэслэлээр хойшилсон байна. Шүүгдэгч Н.Атартуяа, Н.Атархишиг, С.Энхжаргал нар 2009 онд БНХАУ-ын Эрээн хотод монгол хоолны газарт зөөгчөөр ажиллуулна хэмээн 16-17 насны зургаан охиныг хууран мэхлэж  Эрээн хотод аваачин биеийг үнэлүүлсэн гэдгээр  шалгуулжээ. Уг хэрэгт сэжигтнээр татагдсан дээрх гурван шүүгдэгчдэд  эрүүгийн хуулийн 113.3 буюу бүлэглэж, урьдчилан үгсэн тохиролцож ашиг олох зорилгоор хүч насанд хүрээгүй хүнийг биеийг нь үнэлүүлсэн гэх  зүйл ангиар гэм бурууг нь хэлэлцэж байна. Уг хэргийн шүүгчээр И.Ганбат, улсын яллагчаар нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Базаррагчаа, шүүгдэгчдийн өмгөөлөгчөөр н.Гансүх, Б. Оюунбилэг нар оролцох байв. Бусдыг хил дамнуулан худалдсан гэх хэрэгт  татагдсан  Н.Атартуяаг Ганц худаг дахь урьдчилан саатуулах төвөөс  шүүх хуралд орлцохоор ирэх үед нь  өөрийнх нь холбогдсон хэргийн талаар ярилцлаа.
-Насанд хүрээгүй хүнийг хил дамнуулан худалдсан гэх хэрэгт шүүгдэх гэж байна. Хэргийнхээ талаар тодруулаач?

-Уг нь хохирогч Цэцэгдэлгэр миний багын найз л даа. Цээгий  2010 оны гуравдугаар сард Улаанбаатарт найзуудтайгаа нийлж хулгай хийж яваад цагдаагийнханд баригдсан юм билээ.Тэгээд цагдаагийнхан хувцсыг нь нэгжихэд халааснаас нь гадаад паспорт гараад ирэхгүй юу. Мэдээж цагдаа нар асууна шүү дээ. Энэ юун паспорт вэ гээд л. Тэгэхээр нь манай найз Цээгий / дууддаг нэр/ дүү бид хоёрыг хятад руу дагуулж яваад биеийг нь үнэлүүлдэг байсан гэж мөрдөн байцаагчдаа хэлсэн юм билээ.

-Хохирогч гэх зургаан охиныг та Замын-Үүд боомтын хилээр Эрээн рүү авч гарч биеийг нь үнэлүүлдэг гэсэн биз дээ?

-Үгүй шүү дээ. Цээгий, Өөнөө, Булдак / дууддаг нэр/ бид нар найзууд. Тэд өөрсдөө урагшаа явж мөнгө ольё гээд л сайн дураараа над дээр ирсэн. Тухайн үед би хил дээр тосч авсан юм. Түүнээс биш тэднийг би Хятад руу дагуулж яваагүй. Тэд нар угаасаа Дарханд байхдаа саунд ажилладаг байсан юм. Саяхан надтай Цээгий ирж уулзсан тэгээд хэлэхдээ  “Хотод биеэ үнэлж явахдаа үйлчлүүлэгчийнхээ утсыг хулгайлаад цагдаад баригдсан” гэсэн тэгээд  айсандаа  дүү бид хоёрыг урагшаа дагуулж явсан гэж хэлсэн  гэж хэлсэн гэсэн.

-Өөрөө хэрэгт холбогдохдоо хаана байсан бэ?

-Намайг энэ оны наймдугаар сард Замын-Үүдийн хилээр ороод ирсэн чинь цагдаагийнхан  баривчилсанэ.  Энэ хэрэгт холбогдохоос өмнө манай найзууд урд хамт амьдарч байгаа хоёр монгол залуутай танилцаж дараа нь  хэдэн сарын өмнө наашаа /Улаанбаатарт/ ирсэн  юм аа. Ер нь тэд биеэ үнэлэхээс гадна байнга л хулгай хийдэг байсан.

– Хохирогч найзуудтайгаа уулзсан уу, сая хоригдох хугацаандаа?

-Уулзсан,  бүгдээрээ ял авахгүй салчих юмсан гэж байна лээ. Уучлалт гуйж уйлаад байсан.

-Яагаад?

-Үгүй яахав дээ. Бид нар өөрсдөө сайн дураараа урагшаа явсан шүү дээ. Хэн хэнийгээ биеийг нь үнэлүүлсэн юм байхгүй. Цээгийг би Эрээний хил дээр тосч авдаг буруутсан юм.

Яагаад буруудсан гэж?

-Цээгий угаас бичиг үсэг мэдэхгүй болохоор гааль дээр   нэвтрэх бичгээ бөглөж чадахгүй. Тэгээд л би хил дээр тосч авсан юм.

-Гэхдээ өөрийн тань шүүгдэх гэж байгаа хэрэг насанд хүрээгүй хүүхэд хил дамнуулсан гэсэн зүйлчлэл байна шүү дээ. Насанд хүрээгүй хүүхэд асран хамгаалагчгүй хил нэвтэрч болохгүй биз дээ. Хэн нэгэн  батлан дааж авч явсан л болох нь?

-Гадаад паспорт яаж авсныг нь би мэдэхгүй. Тэрбээр “Найз нь одоо очлоо” гээд л хүрээд ирсэн. Бусад таван охин нь гэсэн сайн дураараа ирсэн шүү дээ. Нэг нэгнийгээ дагуулаад. Одоо хулгай хийж яваад баригдахаараа хүнд зарагдсан болж жүжиглэх юм. Уг нь бүгд л хятад руу  очин мөнгө олдог л байсан шүү дээ. Өмнө ч тэд мөнгө олох гэж биеэ үнэлдэг байсан. Дархан-Уулд бүгд бүртгэлтэй гэв.

Насанд хүрээгүй “сүрэг” биеэ үнэлэгчдийн хэргийг хэргийн талаар сануулахад, одоогоос хоёр жилийн өмнө буюу 2008 оны зургаадугаар сараас Дархан-Уул аймгийн харьяат эгч дүү болох Н.Атартуяа, Н.Атархишиг хоёр БНХАУ-ын Эрээн, Бээжин, Хонконг зэрэг хотуудаар дамжин биеэ үнэлдэг байжээ. Тэд сард нэг удаа  хятад түр хугацаагаар оршин суух виза сунгуулахаар Улаанбаатарт ирдэг бөгөөд зарим тохиолдолд Бээжингээс Хонконг орж  гадаад паспортынхоо хугацааг сунгуулдаг байсан аж.    Өнгөрсөн хугацаанд  эгч дүү хоёр Бээжин хотод  гурван сар амьдрах хугацаандаа  монгол эмэгтэйчүүдийн биеэ үнэлдэг “Magic” шөнийн цэнгээний газраас үйлчлүүлэгчдээ олдог байсан гэнэ. Хэрэгт холбогдохын өмнөх жил буюу 2009 онд тэд Бээжингээс Улаан баатар руу холбоо барьж  танил найзууд болох Дарханы  харьяат   Ө, С, Ц / дээрх хэргийн хохирогчид/  нарыг урд хөршид ирж мөнгө олох санал тавьжээ. Ингээд Н.Атартуяа дүүгийн хамт  2009 оны гуравдугаар сард наашилж Эрээн хотод ирсний дараа найзууд болох  Ц  монголоос тосч авсан байна.  Үүний дараагаар Ц нь найзууд болох Ө.С нарыг дуудснаар тэд  Эрээний зугаа цэнгэлийн гудамжинд Төмөр гэх Өвөрлөгч  эрэгтэйн түрээсийн гэрт амьдарч  эхэлсэн гэнэ. Дээрх өвөр монгол эрэгтэй Н.Атартуяа, Н.Атархишиг нарын найзуудыг хятад эрчүүдэд зуучилж орлогынх нь 30 хувийг авдаг байсан тухай мэдээлэл байна.  Өчигдөр  Чингэлтэй дүүргийн шүүхэд  эгч дүү хоёр  зургаан охиныг хил дамнуулан биеийг нь үнэлүүлсэн гэх хэрэгт яллагдагчаар шүүгдэх байсан юм. Гэвч шүүгдэгчдийн тайлбараар дээрх хохирогч болох зургаан охин өмнө нь бүгд нэгнийгээ танидаг бөгөөд урагшаа хил гарахдаа үгсэн тохиролцож явсан гэнэ. Тэд  өмнө Дархан-Уул аймагт  нэгэн сауны газарт ажилладаг байсан тухай ч ярьж байв Тэдний нэг болох Ц нь Н. Атартуяагийн багын найз нь юм байна. 

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж