Уул уурхайн салбарт эрсдэлтэй

Хуучирсан мэдээ: 2010.12.17-нд нийтлэгдсэн

Уул уурхайн салбарт эрсдэлтэй

УИХ-аас өнгөрсөн онд “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуулийг баталсан. Уг хуулийн дагуу Засгийн газрын шийдвэрээр алтны шороон ордын 254 компанийн лицензийг цуцлахаар болоод буй. Засгийн газрын дээрх шийдвэрийг эсэргүүцэж, уул уурхайнхан хөдөлгөөн байгуулаад байгаа юм. “Уул уурхайн салбараа аварья” хөдөлгөөний тэргүүн, “Шар Нарст” компанийн захирал Б.Агваандондовтой уулзаж ярилцлаа.

-”Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хам­гаалалтын бүс, ойн сан бү­хий га­зарт ашигт малтмал хайх, ашиг­­лахыг хориглох тухай” хуу­лийн дагуу эхний ээлжинд алт­ны шороон  254 ордын тус­гай зөвшөөрлийг цуцлахаар бол­сон. Үүнийг уул уурхайнхан эсэр­гүүцэж, хөдөлгөөн байгуулаад байгаа гэл үү?

-УИХ-аас 2009 онд “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуулийг баталсан. Энэ хууль бүтэн жил хэрэгжихгүй дуншсаны эцэст өнөөдөр бөөн асуудал үүсгээд байгаа юм. Уг нь дээрх хуулийг таван сарын дотор хэрэгжүүлэх ёстой. Хэрэгжүүлэх хугацаа нь аль хэдийн өнгөрчихөөд байхад Засгийн газар зарим ордны тусгай зөвшөөрлийг цуцлана гэдэг маш эрсдэлтэй, эдийн засагт хортой.

-Нэг ёсондоо бол хүчингүй хууль юм байна, тийм үү?

-Тэгж ойлгож болно.

-Энэ хуулийг хэрэгжүүлбэл эдийн засагт хортой гэлээ. Уг нь байгаль орчноо хамгаалах нь зөв биз дээ?

-Бид байгаль орчноо хамгаалах санааг нь буруутгаагүй. Хамгийн гол нь энэ хууль хэрэгжвэл уул уурхайн олон компани  шууд дам­пуурна. Тэнд ажиллаж буй олон мянган хүний амьдрал сүйрнэ. Тэр хэрээр Монгол Улсын эдийн за­саг маш том алдагдалд орох юм. Үү­нийг тооцох хэрэгтэй. Уул уурхайнхныг хоморголон хэл­мэгдүүлэх хэрэггүй. Үйл ажил­лагаа нь жигд тогтвортой, улсын төсөвт багагүй хувь нэмэр оруулдаг үндэсний болон гадаадын хөрөнгө оруулалттай компани өнөө­дөр зөндөө байна шүү дээ. Үйл ажиллагаа нь доголдолтой, нө­хөн сэргээлт хийх чадваргүй компаниудтай хариуцлага тооцож болно, гэхдээ ийм замаар биш.

-Компаниудад харин ч ашиг­тай юм биш үү. Багагүй нөхөн олговор олгох тооцоо гарсан байсан. Өөрөөр хэлбэл, аж ахуйн нэгжүүдэд найман их наяд төгрөгийг нөхөн олговороор өгөх юм билээ?

-Нөхөн олговор өгнө гээд байгаа. Дээрх мөнгийг хаанаас гаргах нь тодорхойгүй байна. Ямар ч гэсэн 2011 оны төсөвт суулгаагүй. Тэгээд ч ийм их хэмжээний мөнгө манай улсад бий бил үү. Нөгөө талаас авч үзэхэд дээрх мөнгийг компаниудад хуваагаад өгнө гээд тооцохоор маш бага мөнгө авна. Олон компани хэлмэгдэх гээд байгаа шүү дээ. Түүнчлэн уул уурхайн компаниуд банкнаас маш их хэмжээний зээл авсан. Тэгэхээр компаниудын тусгай зөвшөөрлийг нь цуцлаад, үйл ажиллагааг нь зогсоочихвол арил­жааны банкуудын үйл ажил­лагаа тогтворгүй болно. Дампуурлын байдалд орохыг ч үгүйсгэхгүй. Банкуудаас авсан зээлийг Засгийн газар төлөхгүй юм бол бид яаж төлөх юм. Үйл ажиллагаагүй, мөнгөгүй хүмүүс хэцүүднэ биз дээ. Энэ хуулиас болж магадгүй олон хүн шоронд ороход хүрч болзошгүй.

-Яагаад?

-Яахав, зээлээ төлөөгүй гэдэг шалт­гаанаар шоронд сууна шүү дээ. Уул уурхайн компаниуд арил­жааны банкуудад дор хаяж 160-180 тэрбум төгрөгийн зээлтэй байна лээ. Тусгай зөвшөөрлийг нь хаахаар нэр дурдагдсан ком­паниудад банкууд зээл олгохоос айж байна гээд бод л доо.  Ер нь төрөөс аль ч салбарын гэлтгүй үндэсний компаниудаа дэмжмээр байна. Нэг л өдөр гадныхан Монголын баялгийг ухаж авчихаад гараад явна. Бид л үлдэнэ шүү дээ. Дотоодын компаниудаа хууль болон татвараар дарамтлахаа болимоор байна. Тэдэнд боломж олгох хэрэгтэй. Ажиллах урам өгөх хэрэгтэй. Манай Засгийн газрын бодлого, УИХ-ын үйл ажиллагаа үндэсний компаниудын эсрэг чиглээд байгаа юм шиг санагддаг.

-Тэгээд ямар замаар энэ асуудлыг шийдвэрлэх ёстой гэж. Хууль нэгэнтээ батлагдчихлаа, Засгийн газар хэрэгжүүлэх шийдвэр гаргачихлаа?

-Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруул гээгүй. Уурхайхныг дам­пууралд хүргэх гээд байгаа энэ органик хуулиа эргэн хараад нэмэлт өөрчлөлт оруулаач гэсэн санал тавиад байгаа юм.

-Тэгээд хууль боловсруулсан гишүүд нь юу гэж байна?

-Одоохондоо уулзалдаагүй бай­на. Б.Бат-Эрдэнэ, С.Сайхан­самбуу, Ц.Сэдванчиг нарын есөн хүн л энэ хуулийг боловсруулсан юм билээ. Дашрамд дурдахад манай гишүүд хууль баталлаа гээд 20 сая төгрөг өвөртлөхдөө ядаж судалгаа, тооцоо сайн хийх хэрэгтэй байна. Ямар ч судалгаагүйгээр хийсэн хуулийн уршгаар Монголын эдийн засаг багагүй хохирол амсах гээд байгаа юм. Сайн судалгаатай, сайн тооцоотой хууль боловсруулсан бол аль хэдийн хэрэгжчих байсан болов уу. Гэтэл хар л даа, одоо хүртэл хэрэгжиж чадахгүй байна. Салбарын яамны мэргэжилтнүүдтэй нь уулзаад үйл ажиллагаа явуулдаг компаниудтай биш юм аа гэхэд төлөөлөл болсон ассоциациас нь санал авах хэрэг­тэй. Тэгэхгүйгээр ийм хууль батлаад байх юм бол Монгол Улс сүйрнэ.

Ж.ЭРХЭС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж