АН ширүүн өрсөлдөөнийг даахгүй

Хуучирсан мэдээ: 2010.12.17-нд нийтлэгдсэн

АН ширүүн өрсөлдөөнийг даахгүй

Ардчилсан намын “Ээлжит бус их хурлын төлөө” хөдөлгөөний ерөнхий зохицуулагч Т.Хасбаатартай ярилцлаа.

-“Ардчилсан намаа шинэчилье. Ээлжит бус их хурлаа хуралдуулъя” гэж хэсэг залуу гишүүн ҮЗХ-ны хурал болохын өмнө дуугарч эхэлсэн. ҮЗХ-ны хурлаас дорвитой шийдвэр гарах болов уу гэж хүлээзнэж харсан байх. Гэтэл тэндээс онцгойлсон шийдвэр гаргаагүй. Тэгээд сая намын удирдлагад Шаардах бичиг хүргүүлэх шиг боллоо. Ямар шалтгааны улмаас залуу гишүүд ээлжит бус их хурал хуралдуулахыг шаардаж байгаа вэ?

-Бидний хэсэг залуус ардчиллыг үнэт зүйл, итгэл үнэмшлээ болгоод явж байна. Монгол Улсын ирээдүйн хөгжил нь шударга ёс, зарчим дээр суурилж баялгийг хуваарилахаас хамаарна. Ингэснээр монгол хүн бүр сэтгэл тэнүүн амьдарна гэж бодож мөрөөдөж явдаг. Энэ хүсэл мөрөөдлийн маань даль жигүүр нь Ардчилсан нам гэж үздэг. 1992 оны ардчилсан Үндсэн хуулийн үнэт зүйл бол хүн бүр ардчилсан зарчмаар сонгуульд саналаа өгөхөд байдаг. Бид 2008 онд УИХ-ын сонгууль хийсэн. Харамсалтай нь тэр сонгуулиар ардчилсан Үндсэн хуульд том гажуудал байжээ гэдгийг олж харсан. Энэ гажуудал нь 1999 онд ардчилагчид засгийн эрх барьж, УИХ-д олонх байх үед Үндсэн хуульд хийсэн өөрчлөлтөөс улбаатай юм байна.

-Үндсэн хуульд оруулсан долоон өөрчлөлтийг хэлж байна уу?

-Тийм. Тэр өөрчлөлт 2008 оны долдугаар сарын 1-ний үйл явцын бараг үндэс суурь нь болчихсон гэж үзэж байгаа. Тухайн үеийн Үндсэн хуулийн Цэц түүнийг их сайн олж харсан учраас хориг тавьж, завхралыг хэсэг хугацаанд арилгаж чадсан байгаа юм. Харамсалтай нь УИХ-ын 2000 оны сонгуулиар МАХН УИХ-д үнэмлэхүй олонх болж, тухайн үеийн МАХН-ын дарга Ерөнхий сайд болоод улс төр, эдийн засгийн маш олон өөрчлөлт хийсэн. Зөв ч юм хийсэн. Буруу ч юм байсан. Арван жилийн дараа эргээд харахад олон зүйлийг буруу хийсэн байна. Тэр нь ард түмний амьдрал, нийгмийн бухимдлаар ил болж харагдаж байна л даа. Түүнээс хамгийн том буруу зүйл нь 1999 онд Үндсэн хуульд хийсэн долоон өөрчлөлтийг дахиж Үндсэн хуульд халдах маягаар сэргээсэн явдал байсан. Үнэмлэхүй олонх болсон МАХН-ын асуудал болчихсон байсан учраас буруу, зөв гэж хэлэх цөөнхийн дуу хоолой сул байсан.

-Тэр үед парламентад сөрөг хүчин ерөөсөө байгаагүй шүү дээ?

-Цөөнхгүй байсан гэдгийн хор уршиг хожим харагдлаа л даа. Явсаар явсаар таван сайхан хүний амь насыг алдлаа. Тэр хүний амь нас хохироосон асуудлаа цэвэрлэхийн тулд МАХН Ардчилсан намтай хамтарсан Засгийн газар байгуулсан. Одоо бид яг тэр 2000 онд, сөрөг хүчингүй үед хийгдэж байсан бүх зүйл дээрээ буцаж очоод суучихсан.  Яагаад гээч.

-Дахиад л сөрөг хүчингүй гэж үү?

-УИХ-д одоо сөрөг хүчин байхгүй. Хамтарсан Засгийн газарт хоёр нам орчихсон. Сөрөг хүчингүй, ямар ч шүүлтүүргүй байгаа одоогийн энэ байдал дахиад арван жилийн дараа ямар байдлаар илэрч гарч ирээд ард түмэн зовохыг хэлж мэдэхгүй. Парламентад шүүлтүүргүй, эрүүл саруул хяналтгүй, цөөнхийн дуу хоолойгүй байх нь эргээд ард түмний нурууг авчих гээд байх юм. Ардчилсан намын үнэт зүйл бол шударга ёс, хүний эрх, зарчимч байдал, Үндсэн хуулиа хамгаалах гээд олон асуудал бий. Харамсалтай нь өнөөдөр олон юмыг бүтээн байгуулж, хийх гэж байгаа гэсэн нэрийн дор манай нам завхрал явуулж байна.

Хатуухан хэлэхэд энэ олон орд газрыг, энэ их баялгийг ганцхан энэ Засгийн газрын үед шийдүүлэх гэж зүтгэдэгт би эсрэг байр суурьтай байдаг. Дэс дараатайгаар, ард түмний сонголтод тулгуурласан байдлаар хуварилалт хийх ёстой. Хамтарсан Засгийн газар бол Монголын баялгийг тэр чигт нь эзэмших, хуваарилах эрх бүхий байгууллага биш. Энд стандарт биш асуудал яваад байна.

-Стандарт бус Засгийн газрын ажил ч стандарт бус гэж үү?

-Үүнийг тухайн үед байгуулсан хүн нь ч хэлсэн. Хийсэн болгон нь стандарт бус болчих гээд байгаа нь үнэн. Цаг хугацаа ч үүнийг харуулах байх. Надад илүү ойрхон харагдаж байгаа асуудал бол Ардчилсан нам өнөөдөр байх ёстой жинхэнэ байран дээрээ очиж энэ асуудлуудыг ярилцаж, ард түмэндээ учир начрыг ойлгуулахгүй бол болохгүй нь. Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой энэ ужгирсан муухай зүйл чинь явж явж иргэдийн бухимдлыг төрүүлээд байна гэдгийг манай  “Ээлжит бус их хурлын төлөө” хөдөлгөөн анх эрүүл саруул ухаанаар, Ардчилсан намын дүрмийн хүрээнд намын удирдлагад хандаж тавьсан юм.

-Намын даргыг огцруулах гэсэн хэсэг залуус гарч ирлээ гэж хүлээж авсан бил үү?

-Уг нь бид ээлжит бүс их хурлаар Ардчилсан намын дарга, хамтарсан Засгийн газрын тухай ярья гээгүй юм шүү дээ. Айсан хүнд аргал хөдөлсөн байж магадгүй. Бид ширээ сандал огт яриагүй байхад намын дарга өөрөө ширээ сандал гэж ойлгосон. Өнөөдрийн болохгүй байгаа асуудлууд Үндсэн хуулийн долоон өөрчлөлттэй холбоотой байна шүү гэдгийг анхааруулсан. Харамсалтай нь манай намын удирдлага, Н.Алтанхуяг дарга “Эд нар засгаар оролдох нь. Намын даргын асуудал ярих нь ээ” гэсэн ойлголтоор хандаад асуудлыг шийдэж өгөхгүй байсан. Явсаар байгаад байдал улс төрийн ширүүн хандлага руу явж байх шиг байна. Үүний хариуцлагыг Н.Алтанхуяг дарга өөрөө хүлээнэ биз ээ гэсэн байр суурьтай байна.

-Ардчилсан намын удирдлага та нарыг үг хэлэхээр л өөрсдийг нь шүүмжилнэ гээд өндөг дарсан шувуу шиг байдалтай болчихлоо. Та нар одоо ямар алхам хийх вэ?

-Бид шаардлага хүргүүлсэн. Ирэх оны нэгдүгээр сарын 11-ний дотор Н.Алтанхуяг дарга огцрох хэрэгтэй гэсэн. Асуудлыг эрүүл саруулаар ярьж чадахгүй байгаа Ардчилсан намын дарга монголчуудын хүсэн хүлээж байгаа  ардчиллыг бий болгож чадахгүй. Ардчилсан нам өнөөдөр босоо удирдлагатай, диктатуртай болчихож. Одоогоос яг 20 жилийн өмнө МАХН-ын Улс төрийн товчоо огцорч байж ардчиллын шинэ хөрс суурь бий болж байсан бол өнөөдөр Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг огцорч байж Монголд дахиж шинэ сэргэг, зарчимч, шударга ёс тогтох гээд байна.

-ҮЗХ тарах хэрэгтэй ч байж магадгүй юү?

-Тийм ч байж магадгүй. МАХН-ын Улс төрийн товчоо яаж огцорч, Ж.Батмөнх гуай ямар уужим сайхан саруул ухаан гаргасныг одоо Н.Алтанхуяг дарга ухамсарлаж үүргээ биелүүлэх учиртай гэж үзэж байна.

-МАН-тай харьцуулахад Ардчилсан нам дотор залуу үе бойжиход амаргүй санагддаг уу. Мөнөөх л 20 жилийн өмнөх хэдэн лидер сууж байдаг. Залуу удирдагч гаргаж ирэх дургүй юм шиг ажиглагддаг?

-Би арай өөр бодолтой л доо. Улс төрд насны хязгаар байхгүй. Ардчилсан хувьсгалыг эр зориг гаргаж эхлүүлсэн тэр хүмүүсийг үнэлэх ёстой. Ардчиллын үнэт зүйлийг нийгэмд шингээхэд цаг хугацаа бас хэрэгтэй. Манай лидерүүд бол бэлтгэгдсэн хүмүүс. МАН залуу үеэ бэлтгэдэг, Ардчилсан нам бэлтгэдэггүй гэдэг хоёр ондоо тодорхойлолт л доо. Улс төрийн үзэл баримтлал, хүн өөрөө төлөвших байдал бол тодорхой цаг хугацаа, эр зориг, ухаан, боловсрол, олон зүйл шаарддаг.

Дардаг, дэмждэггүй гэдгийн хооронд том ялгаа бий. Ардчилсан намын залууст дэмжлэг хэрэггүй. Харин манай хөдөлгөөнийхөн шиг залуусыг дээрээс ямар нэг оролдлогоор дарах гэж байгаа асуудал нь Ардчилсан намд байж болохгүй жаахан гаж үзэгдэл юм. Дэмжлэг бол өөр л дөө. Даргын цүнхийг барьж гүйж байгаад дэмжүүлэх тактик ч байдаг. Өөрийнхөө хүчээр гарч ирж үзэл бодлоо дэмжүүлэх ч тактик бий. Залуучуудыг дарж нухчих гэдэг дарангуйлагч харин Ардчилсан намд байж ерөөсөө болохгүй.

-Сая Ардчилсан намынхан ардчилсан хувьсгалын хоёр дахь үе шат болох үйлдвэржүүлэлтийг эхлүүлэхээр томъёолчихлоо. Одоо цаашдаа та нарын үе шүү дээ. Ардчиллаа яаж цааш нь авч явах вэ?

-Шударга ёс, зарчим байсан цагт Монгол Улс тэртэй тэргүй хөгжинө. Үүнд би эргэлздэггүй. Монголын сайхан ирээдүйд итгэдэг. Харин хөгжил яриад хэдэн үйлдвэртэй болдог. Тэр үйлдвэрүүд нь ард түмнийг биш дарга нарыг тэжээдэг болчих вий гэдгээс болгоомжилдог. Энэ бол бодит үнэн. Тиймээс Ардчилсан нам байрандаа байх ёстой.
 
-Байрандаа гэдэг нь?

-Ард түмнийхээ талд байх ёстой.

-Залуучуудын нүдээр харахад Ардчилсан нам дотор одоо яг юуг засууштай харагддаг вэ. Лидерүүдэд бол бүх юм болж байгаа юм шиг л санагдаж байгаа шүү дээ?

-Намын дүрмийн зарим заалтад үнэхээр салхи оруулах цаг болжээ. Таван нам нэгдээд ҮЗХ байгуулсан тэр бүтэц нь намын дүрэмд том гажуудал бий болгосон. ҮЗХ-нд мөнгөтэй хүн орж, гишүүдийг худалдаж авч сонгогддог. Сонгогдонгуутаа лидерүүдийг дагаж хайрцаглагдаад нэг хэвийн шийдвэр гаргадаг болчихсон. ҮЗХ бол аймаг сум, нийслэл, дүүргийн Ардчилсан намын төлөөллийн байгууллага. Тэд гишүүдээ төлөөлж дуу хоолой болох гэж сонгогдсоноос биш энд ирж алимны хайрцагт ороод сууж бай гэж сонгодоггүй биз дээ. Энэ бол дүрмийн гажуудал.

-Гүйцэтгэх зөвлөл, ҮЗХ хоёр давхардсан бүтэцтэй болжээ гэсэн шүүмжлэл бас гарч байсан санагдаж байна. Түүнээс болоод намыг бодлогоор хамгийн шуурхай хангаж байх ёстой Гүйцэтгэх зөвлөл нь яг ҮЗХ шиг болчихсон гэдэг. Үүнийг яаж засах вэ?

-Үндсэн хуулийн долоон өөрчлөлттэй л холбоотой. Эх нь булингартай бол адаг нь булингартай гэдэг биз дээ. Үндсэн хууль өөрөө бүх системд үйлчилдэг эцэг хууль. Байгууллагын дүрэм хүртэл үүнд хамаатай.

-Ардчилсан нам ээлжит бус их хурлаа хуралдуулбал нэн даруй ямар асуудал хэлэлцэх ёстой гэж үздэг вэ?

-Намын дүрмийн асуудал. ҮЗХ-ны өнөөгийн энэ томилгоо Ардчилсан намын эрх барих бололцоог хойшид улам л хаана. Мөнгөө барьж очиж гишүүдэд тараасан хүн ҮЗХ-нд сонгогддог болсон. Ингэж мөнгөөр гарч ирсэн ҮЗХ-ны гишүүдээс сайн шийдвэр гарч чадна гэж үү. Өнгөрсөн ротацийн сонгуулиар дүүрэг болгон дээр зэрэгцээ сонгууль, хоёр нам гарч ирсэн нь Ардчилсан намын дүрмийн заалттай холбоотой. Яах вэ, намын удирдлагатай холбоотой асуудлууд бий. Гэхдээ намынхаа дүрмийг шинэчлэхгүйгээр хол явахгүй. Харамсалтай нь Ардчилсан намын даргад их хурлаа хуралдуулах, дүрмээ шинэчлэх хүсэл эрмэлзэл байхгүй байгаа учраас яаралтай огцруулах хэрэгтэй болоод байна.

Намын дарга огцорвол тэртэй тэргүй Ардчилсан намын их хурлыг хийнэ. Намын шинэ даргыг томилно. Шинэ дүрмээ ярилцана. Ажлаа бодитой, маш хурдтай хийхгүй бол Ардчилсан нам маш алгуур болсон байна. Улс төрийн ширүүн өрсөлдөөнийг даахгүй болчихоод байна. Өөрсдөө бол Монголд шийдвэр гаргадаг хоёр том нам бий. Энэ хоёргүйгээр бараг Монгол Улс байхгүй л гээд байгаа юм.

-Ерөөсөө ч тийм л дээ. МАН, АН хоёр нэг хэсэгтээ л Монголын улс төрийг өнгөлөх нь үнэн…

-Хэрвээ тийм юм бол энэ хоёр нам уралцсан шиг уралцаж, ана мана үзэлцэх цаг нь ирсэн. Ард түмнийхээ төлөө шүү. Уран ухаанаа уралдуулах цаг нь болсон. Тэрнээс биш үйлдвэр барих гэж байна. Орд ашиглах гэж байна гээд бие биеийнхээ алдааг хаацайлж болохгүй. Түүнийг ямар ч засгийн үед хийж болно. Нам бол үйлдвэр барьдаг субъект биш. Бодлого боловсруулдаг субъект. УИХ-ын 2008 оны сонгуулиар сонгогчид Ардчилсан намд мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүл гэж санал өгөөгүй, сайн сөрөг хүчин байж МАН-д хяналт тавь гэж санал өгсөн. Гэтэл манай дарга нар намынхаа мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэж гажуудалтай юм ярьдаг болсон. Ард түмэн бол МАН мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүл, АН түүнд нь хяналт тавь гэж саналаа өгсөн. Үүнийг бодож үзэх хэрэгтэй. Тэгэхгүй бол буруу тийшээ л явна шүү.

Д.ОЮУНЦЭЦЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж