Цаг агаараас болж жүржийн үнэ өсчээ

Хуучирсан мэдээ: 2010.12.16-нд нийтлэгдсэн

Цаг агаараас болж жүржийн үнэ өсчээ

АНУ-ын үзэсгэлэнт Флорида мужид мянга мянган жүржийн мод ургадаг. Тариаланчид ч энэ газраа жүрж тариалахад хамгийн тохиромжтой газар хэмээн нэрлэдэг. Флорида нь жүржийн шүүсний гол нийлүүлэгч бүс юм. Гэтэл ганц хоёр шөнө хүйтэн хоноход энэ газрын өнгө хэрхэн өөрчлөгддөг нь итгэмээргүй гэмээр. Энэ долоо хоногийн эхээр температур -3С хүрч, цочир хүйтэрчээ. Хөрөнгийн биржүүдэд энэ өвлийн хүйтрэл айдас төрүүлж эхэлсэн байна. Флоридагийн жүржийн ургац үүнээс болж муудаж болзошгүй гэж хөрөнгө оруулагчид эмээж буйгаас нэг паунд жүржийн шүүсний үнэ 1,70 ам.доллар болж, сүүлийн гурван жил гаруйн хугацаанд харагдаагүй өндөр хэмжээ болсон байна. Өнгөрсөн долоо хоногт Флорида мужийн амбан захирагч Чарли Крист онц байдал зарлаж, энэхүү хүйтрэл асар их хор хөнөөл авчирч болзошгүй байгаа талаар хэлжээ.

Жүржийн шүүс нь 20 тэрбум ам.долларын зах зээл юм. Бразиль болон Флоридагийн тариаланчид энэ бүтээгдэхүүнийг хангадаг бол “Coca Cola” болон “PepsiCo” хамгийн том худалдан авагчид аж. “Minute Maid” болон “Simply” гэх шүүсний брэндийг эзэмшигч “Coca Cola”-гийн бүтээгдэхүүнүүд ирэх онд 4-8 хувиар үнэтэй болох магадлал өндөр байгаа тухай компаниас мэдэгдсэн байна.
Өнгөрсөн нэгдүгээр сард хүйтрэлээс болж Флорида муж 134 сая хайрцаг  буюу тооцоолж байснаас хоёр сая хайрцгаар бага хэмжээний жүрж хураасан байна. АНУ-ын Газар тариалангийн яамны мэдээлж буйгаар энэ улиралд Флорида 143 сая хайрцаг жүрж хураах төлөвтэй байгаа гэж тооцоолж байгаа юм. Харин нэг хайрцаг нь 90 паунд жинтэй байдаг бөгөөд 1,61 галлон шүүс ялгаруулах боломжтой аж.

Гэхдээ зах зээл дэх хэрэгцээ тийм ч их биш байна. Жилийн хэмжээнд жүржийн шүүсний худалдаа 10,5 хувиар унасан байгаа юм. “Үйлдвэрлэлт бага байгаа ч хэрэглээ мөн л бага байна” гэж нэгэн шинжээч хэлжээ. Ямартай ч хэд хоногийн өмнөх цаг агаарын таагүй байдал онц хохирол учруулах төвшинд хүрээгүй байгаа гэнэ.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж