Газрын тосны үнэ огцом өслөө

Хуучирсан мэдээ: 2010.12.16-нд нийтлэгдсэн

Газрын тосны үнэ огцом өслөө

АНУ-ын газрын тосны хуримтлал сүүлийн найман жилийн турш харагдаагүй хэмжээгээр буурсан нь шинжээчдийн цочирдуулж, тус бүтээгдэхүүний үнийг огцом өсгөсөн байна. АНУ-ын Эрчим хүчний яамнаас өнгөрсөн долоо хоногт хуримтлал 9,9 сая баррелиар буурсан гэсэн нь 2002 оны есдүгээр сараас хойшхи хамгийн их уналт болсон байна. Гэтэл дэлхийн хэмжээнд нефтийн эрэлт улам нэмэгдэж байгаа төдийгүй 2010 оны нийт хэрэглээ сүүлийн 30 жилийн хамгийн их нь байна гэсэн мэдээлэл гараад байгаа нь цаашдын нийлүүлэлт эрэлтийг хангаж чадахгүй байх гэх айдас хөрөнгө оруулагчдыг сандаргасан байна. Шинжээчдийн таамаглаж байсан 2,5 сая баррелиар буурна гэсэн тооцооноос давсан  энэ мэдээллийн дараа нефтийн үнэ лхагва гаригийн доод үнээс 2,20 ам.доллараар өссөн байна.

Нью Йоркийн “Nymex” бирж дээрх WTI маркийн газрын тосны үнэ 88,62 ам.доллар буюу өмнөх өдрийнхөөс 34 центээр өссөн байна. Харин Лондоны бирж дээр Брент тосны үнэ 99 ам.доллараар өсч, барель нь 92,20 ам.доллар болов.

“Societe Generale” банкны газрын тосны судалгааны хэлтсийн дарга Майкл Виттнер “Импортын хэмжээ зунаас хойш буурч эхэлсэн. Нефть боловсруулагчид одоогийн хуримтлал хэт өндөр байгаа тул бууруулах шаардлагатай байгаа гэж шийдэж байх шиг байна” гэж хэлсэн байна.

Өнгөрсөн долоо хоногийн төгсгөлд АНУ-ын газрын тосны арилжааны хуримтлал 346 сая баррель байсан нь Мексикийн булангийн олборлогчдын үйл ажиллагаа буурч буйтай холбоотой юм. Нефтийн импорт л гэхэд өдрийн дотор 1,4 сая баррелиар буурсан нь 2008 оны есдүгээр сараас хойшхи хамгийн их хэмжээ болсон юм. Ингэснээр нефть бүтээгдэхүүн болон шатахууны үнэ ч огцом нэмэгдсэн байна. Мөн боловсруулсан бүтээгдэхүүний үнэ өмнөх жилийнхтэй харьцуулахад 3,2 хувиар өссөн байгаа аж.

Түүнчлэн Европын орнуудад цочир хүйтэрч, эрчим хүчний салбар дахь нефть, нүүрсний эрэлт нэмэгдэж байгаа болон БНХАУ газрын тосны импортыг нэмэгдүүлэх болсон билээ. Энэ мэт шалтгаанаас болж нефтийн үнэ хоёр жилийн дээд хэмжээнд хүртэл өссөн. Гэтэл Шатахуун экспортлогч орнуудын байгууллага ОПЕК-ийн зүгээс газрын тосны олборлолтыг нэмэгдүүлэх шаардлагагүй гэж мэдэгдсэн юм. Тус байгууллага ирэх зургадугаар сараас наана уулзалт хийхгүй тул тэр болтол хангамж нэмэгдэх хандлага байхгүй байгаа.

Суурь металлын арилжаанд ихэнх бүтээгдэхүүний үнэ унасан байдалтай байлаа. Зэсийн үнэ 2,2 хувиар хямдарч, Лондоны металлын бирж дээр тонн нь 9035 ам.доллар хүртэл унасан юм. Харин өмнөх арилжаагаар улаан металлын үнэ 9267,50 ам.доллар болж рекорд тогтоосон билээ. Ам.долларын ханш өсч байгаа нь мөн үнэт металлын үнийг бууруулав. Унц алтны үнэ 1400 ам.доллараас ч буурчээ. Одоогоор алт 0,7 хувиар хямдарч, 1385,75 ам.доллар болжээ.

Газар тариалангийн бүтээгдэхүүний арилжаа харьцангуй сайн байна. Хамгийн том нийлүүлэгч Кот Д’Ивуарын улс төрийн байдлаас болж хангамж буурч буйгаас  какаоны үнэ харин 2,7 хувиар өсч, тонн нь 2012 паунд болов.

Бусад суурь металлын хувьд хөнгөн цагаан 2305,50 ам.доллар, цайр 2259 ам.доллар, никель 24280 ам.доллар болж хямдарсан байна. Үнэт металлын бирж дээр мөнгө 0,1 хувиар унаж, унц нь 29,13 ам.доллар болсон бол цагаан алт 1669 ам.доллараар арилжаагдав.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж