“Алтан гургалдай”-гаас “Ард түмний гавъяат” хүртэл

Хуучирсан мэдээ: 2010.12.16-нд нийтлэгдсэн

“Алтан гургалдай”-гаас “Ард түмний гавъяат” хүртэл

Хаа холын гийчнийг хүлээх шиг гандсан даавуун тэрлэгтэй, нүд нь очтон гэрэлтсэн нэгэн буурай биднийг угтаж авснаар түүний эгэл гэрт нийтлэлийн маань ноён нуруу боссон юм. Тийм ээ бидний сайн мэдэх Дорнод талын алтан гургалдай, Монголын ард түмний гавъяат жүжигчин Шараварилдийн Ичинхорлоо гуай шүү дээ.

Сүхбаатар нутгийн хөрснөөс соёолон  өндийсөн, өсөхдөө авъяасаараа олонд гайхагдсан цагтаа урлагийн тайзнаа бадмалсан унтаршгүй галын дөл мэт өөдөө энэ буурай одоо ч ануухнаараа. Настангуудын адил аягандаа ааруулын хугархай дэвтээж, орсон гарсан бүхнийг гарын цай, идээгээрээ дайлж, бас ч үгүй залуу цагийнхаа сайхан түүхийг  хүүрнэсэн тэрээр их урлагийн амьд түүх гэлтэй.

Өдгөө нас 70 гарсан ч хөнгөн шингэн. Идээ ундаа, элбэг, дэлбэг Ард түмний гавъяат маань бүүр жаахан байхаасааа л урлагийн авъяастай гэдэг нь илэрчээ. Сүхбаатар сумын Арсланхайдав хэмээх өвгөн баавгайтай чихрээр хахуульдаж дуулуулж, нугаруулж, бүжиглүүлж явсанаас хойш өдгөө 60 гаруй жил урлагийн тогоонд чанагджээ. Баавгайтай чихэр харсан 4 настай жаахан охин урлагт хөл тавьсан гэхэд гайхах хүн олон ч ямар сургууль соёл дүүргээгүй өөрт заясан авъяасаараа гавъяат хүртсэн Ичинхорлоо гуайн удамд урлагийн хүн нэгч байгаагүй нь сонин.

 Зөвхөн дуулах биш хөгжимдөх, бүжиглэх гээд бүх төрлийн үзүүлбэрийг олонд хүртээж байсан түүний хоолойн цараа хамгийн гайхалтай. 1965 онд Монголын радиогийн Алтан санд 30 дууг нэг ч завсарлагагүйгээр 32 цаг дуулж бичүүлж байсан түүний гайхалтай хоолойг тэнд байсан хөгжмийн зохиолч Гончигсумлаагаас эхлээд бүгд бишрэн бахдаж айсан гэнэ лээ. Өдгөө Монголын радиогийн алтан санд 50 гаруй дуу нь хадгалагдан буй.

Түүний хань МУГЖ Н.Доржцэрэн олон арван дууг өлгийдөн авсан авъяастан. Ханийнхаа зохиосон олон арван дууг амьдруулж олны хүртээл болгосон бөгөөд үүнээс “Хамгийн дундаас онцгой”дуундаа Ичинхорлоо гуай хайртай. Халуун залуу насандаа хань нь өөрт нь зориулж зохиосон болохоор ч тэрүү хамгаас илүү эрхэмлэгдээс гадна хаана л очно энэ дуугаа дуулах дуртай.

Залуу насандаа Дарьгангын сайхан хүүхнүүдийн тоонд орж явсан түүнийг эргүүлж, гуйдаг залуус олон байсан тухайгаа Ард түмний гавъяат маань бидэнд хуучилсаан. Нэг удаа нөхрөөс нь танилцуулаад өгөөч хэмээн гадаадын иргэн гуйсанд хань Н.Доржцэрэн нь  хэцүү байдалд орсон тухай ийн ярьж байна.

Ус нутгаар нэг Дорнод талын Алтан гургалдай хэмээн яригдахад үнэндээ сайхан сэтгэгдэл төрдөг байлаа. Олонтойгоо наргиж цэнгэж суухад орчлонгийн эрээн бараан бүхэн мартагдаад сайхан байдаг хэмээн хуучилна. Нэгэн цагт авъяас билгээрээ гахуулж асан Ш.Ичинхорлоо гуайд Ард түмний гавъяат цолыг хүртээсэнд нь хэмжээлшгүй талархаж явдагаа нуусангүй. Бурхнаа залж, зулаа бадраан гэртээ суух ахуйд зочилсон хэн хүнд баярладаг, бас хүндэлдэг гавъяат маань баяр бүхнийг алгасалгүй тэмдэглэдэг заншилтай. Хүн бүртэй ойр дотно байхыг хүсдэг. Юу ч тохиолдсон сэтгэлээр унахгүй үргэлж л өөдрөг байхыг эрмэлздэг нь Ичинхорлоо гуайн төрөлх зан. Байнга л ханийгаа дурсана, бахархана.

Угтаж үддэг хорвоогийн баяр, гунигийг гавъяат маань тойрсонгүй. өдгөө гэртээ ганцаараа байх ч орж гарч, тусалж дэмждэг ах дүү, олны буянаар бахархсаар суух. Саяхан болсон Талын гал компанийн 35 жилийн ойгоор ханийнх нь тус уурхайд зориулан зохиосон дууг нь мөнхжүүлэн тэр их хүнийг алдаршуулсанд нь баярлаад ханахгүй байгаагаа ярьж байсан.

Ханийх нь гараар орсон урлагийнхан манай аймагт олон бий. Тэд багшийнхаа тухай тэр бүр  дурсахгүй байгаад нь жаахан сэтгэл дундуур явдаг. Алтан үеийн гэхэд хилсдэхгүй агуу хүн байлаа гээд л ханиа дурсах түүний дотор юу нуугдаж байгааг таашгүй. Үл ялиг ганцаарддаг юм уудаа харц нь бодлоо дүүрэн. Хамаг байдгаа бариад л дахин ирэхийг урина.

Сүхбаатар аймгийн Соёл урлагийн өдрүүдэд оролцож явсан Ард түмний гавъяат маань өдгөө 45 жилийн дараа сэргэн болж байгаа аймгийнхаа Соёл урлагийн өдрүүдийн тоглолтонд дуулахсан хэмээн бодож явдаг бололтой.

Залуу цагийнхийг яаж гүйцэх вэ дээ. Гэхдээ яахав гээд хайртай дуугаа үзэгч олондоо зориулан дууллаа. Хоолой нь яг л янзаараа, хорин настай тэр үеийн Дорнод талын Алтан гургалдай шиг дориун сайхнаараа…

Хамгийн хүндтэй ханийнхаа барьж өгсөн энэ байшинд насаа элээж, ханийнхаа хойноос буян үйлдсээр төгсгөлгүй үргэлжлэх амьдралын жамыг сөрөн буй эгэл жирийн энэ буурлыг элээх он жилүүдийн сүүдэр бүү дайраг ээ.

Д.Улаанаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж