Хуучирсан мэдээ: 2010.12.16-нд нийтлэгдсэн

Өрх гэрийн хос багана Чүлтэмийн  Бямбадорж,  Чамбын Бямбахүү  нар  маань  Монгол эх  орныхоо  нэгэн  сайхан  нутаг Завхан аймгийн Дөрвөлжин суманд тэртээ 1946, 1953 онуудад  эхээс  мэндэлжээ.

Хөдөө нутгийн эгэл бор амьдрал дунд өсч, хүмүүүн заяандаа  ариун зам мөрөө ажил үйлс амьдрал, арга ухаанаараа тодоос тод бичиж яваа айлын дайтай өрх гэр  юм.

Өрхийн  эзэн  Ч.Бямбадорж малчин  айлын  гэр  бүлд  ах  дүү аравуулаа төрсөн. Гэрийн эзэгтэй Ч.Бямбахүү сэхээтэн айлд  эгч  дүү  наймуулаа  төрсөн, ах дүүс олуулаа хүмүүс.

Тэд нутаг усныхандаа Амбаа, Жажаа гэж хүндлүүлсэн сайхан буурлууд болжээ.
Бямбадорж амбаагийнх зургаан хүүхэдтэй, эцэг эхийгээ дуурайсан ажилсаг шийдмэг, шалмаг, сэргэлэн цовоо  хүүхдүүд нь бүгдээрээ их дээд  сургуулиудад суралцаж, дүүргэсэн бөгөөд ажил амьдралынхаа зам мөрийг олцгоож  улмаар гурван  хүүхэд нь Англи Солонгос улсад мэргэжлээрээ хэлний болон магистрийн сургалтанд суралцаж, хоёр хүүхэд нь эх орондоо бизнес эрхлэн ажиллаж байна.  Ч.Бямбадорж нь Ховд аймаг дахь ХААИС-ийн техникийн ангийг 1967 онд төгсч, малын эмч мэргэжил эзэмшин Ч.Бямбахүү нь бага дунд сургууль төгссөн. Тэд 1972 онд гэр бүл болж ажил амьдралыхаа гарааг эхэлсэн юм.

Сааяа панз олонд хүндтэй хүн
 Өрхийн тэргүүний маань аав Чүлтэм  “Сааяа” гэж нэрээрээ нутаг усандаа их нэр хүндтэй. Панз наймаа  сайн  хийж,  хол ойр явж  тухайн  үед  тасарсан  ховор бараа, таваар, эд зүйлийг  Ховд, Улаангом, Хөвсгөл аймгийн захаас олж ирж ардуудад  худалдаж  тусалдаг, жинд их явдаг, сэргэлэн хүн байсан гэдэг юм. Энэ нутаг оронд  Сааяа панзтай  холбоотой  сайхан дурсамжтай зүйлүүд олон яригддаг юм.

Жин тээж хол ойр явахаас гадны  Илжгэн сартуулын Хангайн сумдаас өвөлд отроор ирсэн малчидтай наймаа их хийдэг байснаас Сааяа панз нэрийг авсан гэдэг. 1968 онд  таалал  төгссөн  байна.  Амбаа ах маань  ажил амьдралаа панз наймаагаар  бус  албан  ажлаар эхэлсэн  хүн. Тэрээр  сум  багийн малын эмч, ХЗЭ-ийн хорооны  дарга, нэгдлийн  хянан байцаагч, чанар алба Ус цаг уурын  станцын  дарга,  ИТХ-ын ня-бо, Байгаль орчин мал эмнэлэг,  хүнс худалдааны улсын байцаагч, зэрэг ажил албыг 40 гаруй жил хашиж, ажил амьдралын арвин туршлагатай  зарчимч шудрага голч ноён нуруутай ард түмэндээ танигдсан  жирийн албан хаагч хүн юм.

Сэхээтэн гэр бүлээс ажлын талбарт
 
Эхнэр Бямбахүү Жажаа маань нэгдэлд үхэрчин саальчин, сумын захиргаа, хүн эмнэлэг, хүүхдийн цэцэрлэг, зочид буудалд үйлчлэгч, тогооч, эрхлэгч хоёрдугаар таван  жил  нэгдлийн  мухлагийн худалдагчаар  одоог  хүртэл 40 гаруй жил ажиллахдаа ажилсаг, цэвэрч нямбай, шудрага  зан чанараараа  нэрд гарсан. үнэхээр ажилсаг эзэгтэй  байж чадсан нэгэн.

Тэрээр  аливаа  ажлыг   хойш тавьдаггүй   цагийн ажлыг цагт  нь чанартай  хийж хэвшсэн, үнэн сэтгэлээсээ  ажилладаг онцлогтой. Түүний эцэг Чамба, эх Лхамжав нар ч цэвэр цэмцгэр, нямбай, ажилсаг хүмүүс байсан гэдэг. Эцэг  Чамба нь 1944 онд малын бага эмчийн сургууль төгсч, насаараа малын эмчээр ажиллаж, хөдөөгийн хөгжил, хүн ард, малчдынхаа мал сүргийг эрүүлжүүлэн өсгөх үйлсэд ухамсарт амьдарлаа зориулсан. Шилдэг сэхээтэн, аймаг сумын олон удаагийн аварга болон төр засгаас VI, VII, VIII таван жилийн ойн медаль,  Алтан гадас, одонгоор шагнагдаж явсан хийсэн ажилтай, алдар гавьяатай хүн билээ.

Бямбадорж Амбаа маань чадвар, хүч хөдөлмөр авъяас  чадлаа бүрэн дүүрэн гарган хариуцлага  санаачлагатай ажиллаж  ажил албандаа эзэн байж чаддаг хүн.

Тэрээр хөдөө баг бригад айл өрх, малчдаар их явдаг, иргэд  хөдөлмөрчдийн  жирийн яриа, санал бодлоос хийх ажил хөгжүүлэх зүйлээ олж авдаг онцлог арга барилтай хүн билээ.  Иргэдтэй илэн далангүй яриа дэлгэж, аймаг сумынхаа талаар мэдээлэл их өгдөг  маш  энгийн  сайхан  ааш зантайн  дээр  хаа явсан  газраа  хүмүүст  туслаж  өгөөмөр  сэтгэл гарган явдагт нь нутгийн ард түмэн их  хүрээлдэг  сайхан  хүн дээ.

Жилийн эцсийн мал тооллого,  цаг үеийн ажил, ган зудтай  үедээ хөдөөгийн багачууд өөрийхөө багт авч ажиллуулах  их  дуртай  байдаг. Учир  нь энэ хүн нэгдүгээрт  аливаа  ажилд  маш чадварлаг, хоёрдугаарт  илэн  далангүй  ил тод ажиллаж  мэдээлэл  сайтай байдаг, мөн  завтай үедээ хот айлд концерт тоглох шанз тоглож, дуулж, сайхан  шүлгүүд  бичиж, уншина. Ямар ч тоглоомоор  тэдэнтэй  тоглож  наадна. Бас нэг онцлог нь гэвэл шөнө зүүдэлж сайхан сайхан дуулдаг явдал юм. Цай хоол хийх  хооронд иштэй ишгүй шанага  хадаад  өгчихнө. Сураар чөдөр, ногт,  бүх хэрэглэл хийчихнэ гээд олон талын ур чадвартай  гоё  хүн  дээ…

Аймагтаа хамгийн ахмад байгаль хамгаалагч
Ажил  тарангуут  мод төмөр сураар хаалга, тооно, цэрэг эмээл, хутга шөвөг, хүртэл хийнэ дээ. Амбаа дарга маань нутаг орноо танин мэдэж ариглан домог түүх цуглуулж явах дуртай,  хөдөө гадаа  явах  дуртай, газар  усны нэр, баримжаа, салах зам, хэнийх  хаана байгааг  гаргууд сайн мэддэг олон  талын авъяастай нэгэн юм. Тэрээр  төрж  өссөн нутаг ус, гал, газар,  шороогоо магтан дуулж, олон сайхан дууны үг шүлэг магтаалдаа тод мөнхлөн  үлдээсэн уран бүтээлч хүн. Түүний уран бүтээлээс цухас дурдвал:

“Хомын тал” шүлгэндээ:
Дэлхий  ээсэн мандахын сул алтан хөрсөнд
Дэлэнт малын шимээр шаагих нутаг
Дээжий нь амсуулж өсгөсөн ижий аавийнхаа хайраар
Дэнчин тавьж дуулдаг монгол говийн цомог
Унган нутаг Хомын тал минь
Уянга хөгрөх шүлгээ бичээ гэж сэтгэл хайрласан юм
Уртын сайхан дуугаа дуулаа гэж хоолой өгсөн  юм аа гэжээ. Харин  “Завхан гол” дууны

 шүлэгтээ:
Засагтханы дайд бэр буусан заяа
Завхан хангайн зулайд эр босоо жавхаа
Дүүрэн далай ээжий дэлхий хөхүүлсэн суудал
Дүнчүүр буурал аавын
Монголын амьтай нүүдэл
Цалгиа цалгиа завхан гол
Цагаан уулын бумбын рашаан
Залгаа залгаа завхан гол

Заяа бүхний ижий мөрөн гэх мэтээр олон сайхан дуу шүлэг хойч  үедээ  үлдээжээ.

Амбаагийн маань хөдөлмөр бүтээлийг үнэлж 1992 онд МУ-ын тэргүүний уран сайханч, 1999 онд ХАА-н салбарын тэргүүний ажилтан, 2008 онд МУСТА, цол тэмдгээр 2009 онд аймгийн ХАА-н салбарын тэргүүний ажилтнаар, 2003 онд малчдад хамгийн ойр дотно ажилладаг төрийн албан хаагчаар тус тус шалгарчээ. Өдгөө Амбаа маань Дөрвөлжин сумандаа байгаль орчны байцаагийн ажлыг хийж байгаа аймагтаа хамгийн ахмад байгаль хамгаалагч юм. Ажлынхаа хажуугаар уран бүтээлээ ч хойш тавьсангүй. Өнгөрсөн намар өөрийн уран бүтээлийн тоглолтыг аймагтаа анх удаа тавиад байгаа.

Харин түүний гэргий Ч.Бямбахүү нь 2000 онд улсын тэргүүний хоршоологч, 1988 онд аймгийн тэргүүний үйлчлэгч, 1980 онд соёлч үйлчлэгчээр, 2005 онд хөдөлмөрийн аваргаар тус тус шагнагдаж байсан  нутаг усандаа хүндтэй буурлууд билээ.

Б.Мягмарсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж