Махны үнэ нэмэгдсэн нь малчдын буруу биш ээ

Хуучирсан мэдээ: 2010.12.16-нд нийтлэгдсэн

Махны үнэ нэмэгдсэн нь малчдын буруу биш ээ

Завхан аймагт махны үйлдвэр гарын таван хуруунд багтахуйц хэд л бий. Гэтэл өнөөдөр аймгийн хэмжээнд махны үнэ нэмэгдсэн байгаа. Айл өрх, иргэд, албан байгууллагууд өвлийн идшээ базаагаад байгаа хэрнээ махны эрэлт буухгүй байгаа сурагтай. Энд тэнд машин машинаар нь тэвш тэвшээр нь ачсан махны цуваа аймгийн цагаан хаалгаар гарч нэг өдөрт лав дөрөв явлаа. Аймгийн төвд байх Мах комбинаттай холбогдлоо. Махаа бэлтгэхээр хөрш аймаг Говь-Алтайруу явсан гэх. Харин хэд хэдэн арьс хөрсний ченж нартай уулзлаа. Мах нийлүүлэх гэсэн юм гээд. Хэрэв сурвалжлагч гэвэл лав хэлэхгүй биз. Арьсны ченж А “Саяхан Эрдэнэхайрхан сум яваад ирлээ. Гурван тонн ямааны мах авлаа. Хөрс олдохгүй байна. Удахгүй хотоос мөнгө ирнэ. Үхэр, адууны мах авна шүү” гэв. Харин ченж С “Манай түнш урдаас ирсэн. Жаахан хөрс муу олдоод байна. Харин урд сумаас таван тонн мах авсан. Дөрвөлжин сумаас гурван тонн чацаргана авлаа. Мах аймгийн төв ороод ирэхээрээ олдоц муу байна. Хөдөө явж хотноос нь авбал арай дээр юм” гэлээ. Тэд ямааны махыг нэг кг-ийг нь 1800-2000, хонины махыг 2400-2600 төгрөгөөр худалдаж авч байгаа юм байна. Жижиглэнгийн мах хэдтэй байгаа талаар “Алтан ембүү” захын махны худалдагч Юрагаас тодрууллаа. 

-Наймаа дажгүй юу?
-Өө наймаа гайгүй байна аа.

Өнөөдөр мах ямар үнээр худалдаалагдаж байна?
-Тэмээний махнаас бусдыг нь зарж байна. Үхэр хонины мах нэг кг нь 3000 төгрөг, ямаа адууны мах 2500 төгрөгөөр зарж байна.

-Мах үнэд оржээ?
-Тиймээ. Өнгөрсөн намар мах хямд байсан. Харин 11 сараас эхлэн махны үнэ 1000 төгрөгөөр нэмэгдээд байгаа.

-Ямар учиртай махны үнэ ханш өсөөд байгаа юм бол?
-Ойрд хүйтрээд айлууд идэш их бэлдэж байна. Махны олдоц муу, худалдан авалт буураад байгаа. Мөн Улаанбаатар хотоос ченж нар ирж малчдаас өндөр үнээр мах аваад байгаа. Бид махаа малчдын гар дээрээс худалдан авдаг. Зах зээлийн үнээр нь л авдаг юм. Энд тэнд махны үнийг огцом өсгөж өндөр үнээр мах аваад байгаа болохоор малчид малаа өндөр үнээр нийлүүлээд байна. Бид өндөр үнээр авсан болохоор махны жижиглэнгийн үнээ өсгөөд байгаа.

-Малчдаас хэдэн төгрөгөөр худалдаж авдаг вэ?
-Үхрийн махыг кг-ийг нь 2500 төгрөгөөр, ямааны махыг 2100, тэмээний махыг 2000 төгрөгөөр авч байгаа. Ингэж өндөр үнээр авсан болохоор бидэнд жижиглэнгийнхээ үнийг нэмэхгүй бол ямар ч ашиггүй байна.

-Ингэхэд та махны худалдаа хийгээд хэдэн жил болж байна? Ер нь энэ бизнес хэр ашигтай вэ?
-Махны зах дээр зогсоод зургаан жил болж байна. Ашиг юу байхав болоод л байдаг юм. Овойж оцойтол мөнгө ороод ирнэ гэж байдаггүй. Яахав хэдэн төгрөг олчихно оо.

-Мал тарган байна уу? Идэш хэдтэй байна?
-Энэ жил мал тарган байна. Өнгөрсөн жил зуд болоод малчид хэцүүхэн л өвлийг давсан. Бүгд л мэднэ. Гэхдээ өнгөрсөн зун манай аймагт сайхан зун болж өнгөрсөн болоод ч тэр үү малчид маань малаа тарга сайн авахуулж. Мэдээж тарган малын мах үнэд орж л таараа шүү дээ. Мах эрэлт ихтэй байна уу гэхээр үгүй юм шиг байна. Жижиглэнгийн худалдан авалт нэг их сайн байхгүй л байгаа. Харин малчдаас махыг өндөр үнээр ченжүүд их аваад байгаагаас махны үнэ огцом үнэтэй болоод байна. Жишээ нь идэшний эр үхэр 500-600 мянган төгрөг, үнээ 300-400 мянган төгрөг, адуу 300-350 мянгатай зарагдаж байгаа болохоор махны үнэ өсөхөөс яахав.

-Махны үнэ өсөөд байгаа нь малчдын буруу болоод байна уу даа?
-Малчдын буруу юу байхав. Жилийн дөрвөн улирал гадаа гандаж хөдөө хөхөрч хэдэн малаа тарга авахуулсан болохоор арай үнэ хүргэчих гэсэн малчдын зөв байлгүй яахав. Харин махны үнийг хөөрөгдөж бие биесээсээ өрсөн мах авч байгаа ченжүүдийн л буруу байхгүй юу даа. Аль халуун намраар шахуу арьс хөрсний ченж нар мах аваад эхэлсэн. Тэдэнд хотоос энд тэндээс их захиалга ирлээ гээд л махны үнийг огцом нэмээд байна аа.

-Та ченж мөн үү?
-Үгүй яалаа гэж. Гадуур мах аваад яваад байгаа энэ ченжүүд шиг биш ээ. Амьдрах гэж л энэ лангууг олон жил түрээслэн ажиллаж байна. Учиргүй төд эд гэж махны үнийг хөөрөгдөж нэмж авдаг улс нь бид биш шүү дээ. Малчдаас мах авна. Түүнийгээ эргүүлээд жижиглэнгээр дээд тал нь 500-1000 төгрөг зараад л амь дуудаг хүмүүс шүү дээ. Хүнсний, барааны дэлгүүрийн л адил гэсэн үг. Энэ жил бас арьс, хөрсний үнэ өсчихлөө. Малчид арьс, хөрсөө бодсон юм байлгүй малынхаа үнийг нэмсэн. Эр хонь 40-45 мянган төгрөгөөр худалдаж аваад бид махныхаа үнийг 2000 төгрөгнөөс буулгахгүй шүү дээ. Гадуур ойрд махны ченж их байна аа. Манай захын үүдэнд зогсчихоод биднээс өрсөөд өндөр үнээр зодоод, манай малчдыг аваад явчихдаг болсон. Бид үнэхээр их мөнгө амлаж махыг үнэд хүргэж авахыг бодохгүй юм. Аль болохоор хямд аваад буцаад Улиастайчуудаа хямд чанартай махаар хангахаа боддог юм.

-Энэ лангуун дээр зарагдаж байгаа үнийг хаанаас тогтоодог вэ? Энд хэдэн хүн ажиллаж байна. Ихэвчлэн залуу хүмүүс байх юм.
-Бид өөрсдөө л тогтооно. Хэн хэдээр мал авсан. Түүнээсээ ашгаа тооцоод л тогтоодог юм.  Өнөөдрийн байдлаар манай махны захаас өөр зах аймагт байхгүй байгаа. Яг 27 хүн байдаг. Гэхдээ өнөөдөр гарч ирсэн нь 10-аад хүн л байна. Мал олдохгүй бол бидэнд хийх ажил байхгүй гэртээ л суухаас биш. Ажилгүй гэртээ сууснаас гээд энэ хэдэн залуучууд л улаан махтай ноцолдож сууна даа.

-Лангууны түрээс хэдийг өгөх вэ?
-Нэг хүн сардаа 40 мянган төгрөг түрээсэнд төлдөг. Манай зах малын эмчтэй. Өдөр тутам махаа шинжилгээнд оруулж худалдаанд гаргадаг. Хааяа аймгийн МХГ-аас шалгалт хийнэ ээ. Ер нь энд зарагдаж байгаа махнууд бүгд л гарал үүслийн бичиг, шинжилгээний бичигтэй зарагддаг. Мал эмнэлэг, хүн эмнэлэгээс сардаа нэг удаа ирж бидэнд хичээл заадаг юм. Малын гоц халдварт өвчин энээ тэрээ гээд. 

-Сарын түрээсээ төлөөд олсон орлого таны амжиргаанд хүрэлцэж чаддаг уу?
-Яахав болоод л байдаг юм. Арай ахиу эргэлтийн мөнгөтэй нь бол болж л байгаа юм. Зарим нэгэнд нь дүндээ л дүн.

-Өнөөдөр харж байхад танай лангууныхан цөөхөн хүн л гартаа бээлий, халаадтай байх юм?
-Зарим нэг нь мартчихдаг байх л даа. Гэхдээ бид зүүж л байгаа. Ер нь иргэдээ эрүүл махаар хангая гээд зүтгэж л яваа улс шүү бид. Манайхан гадуур гудамжинд машин дээрээс зарж байгаа хямдхан махыг их авах юм. Уг нь хаанаас ирсэн, хэнээс авсан гээд гарал үүсэл тодорхой, шинжилгээтэй чанартай мах авья гээд манайхыг зориод ирвэл өөрсдөд нь л хэрэгтэй юм. Биднийг хянаж шалгахаасаа илүүтэй гадуур зарагдаж байгаа махан дээр холбогдох газрууд нь сайн хяналт тавьж өгмөөр байна шүү дээ.

-Малын дотор гэдэс хэр гүйлгээтэй вэ? Бараг харагдахгүй юм.
-Манай аймгийнхан ч их л цатгалан улс шиг байна. Учир нь малын дотор гэдэс нэг их авах дургүй шүү дээ. Залхуу даа байна уу юундаа байна. Толгой шийр бол ихэнхидээ хаягдаж байгаа. Уг нь малын хамгийн сайн тэжээлтэй мах нь дотор гэдсэндээ л байдаг юм шүү дээ. Дотор гэдэс 500 төгрөгөөр, арай тарганыг нь 1000 төгрөгөөөр зардаг.  Бид зарагдахгүй болохоор нь гэдэс дотрынхоо өөхийг нь ялгаж аваад бусдыг нь нохойд л хаяж байна. Зүрх, өрцийг нь өөрснөө идээд. Өнгөрсөн намраас манай аймгийн “Мөнхөд мандаг” хиамны үйлдвэр биднээс мах, элэг их авдаг болсон. Элгийг нэг кг-ийг 300 төгрөгөөр авдаг юм.

Махаа хэдэд өгдөг вэ?
-Махаа 3000 төгрөгөөр өгчихдөг юм.

Б.Мягмарсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж